Орчлон ОУ-ын сургуулийн 12Б ангийн сурагч Батсуурийн Номин-Ундрахтай MIT сургуульд 100% тэтгэлэгтэй элсэн орсон талаар нь ярилцлаа. Тэрбээр дэлхийн #1 т ордог тус сургуульд early action-р тэнцсэн эхний монгол сурагч болоод байгаа юм.
- Химийн хичээлд дурлахад тань юу түлхэц болсон бэ? Энэ нь Massachusetts Institute of Technology (MIT)-д элсэн орох өргөдөл явуулахад хэр нөлөөлсөн бэ? Ер нь яагаад MIT гэж ?
- Химийн хичээлд анх дурлуулсан хүн бол C.Хүрэлбаатар багш минь. Анх сонгонд бүртгүүлээд химийн шинжлэх ухааныг сонирхож эхлэхэд маш сонирхолтой санагдаж байсан. Ялангуяа Хүрэлбаатар багш маань химийг хэцүү талаас нь биш илүү сонирхолтой болгож заадаг байсан нь хамгийн их таалагдсан. Ингэж эхлээд л, химийн сонгондоо тууштай явсаар сургуулийн нэрэмжит олимпиадаас эхлэн олон улсын олимпиадууд гээд маш олон олимпиадад оролцож, Хүрэлээ (Хүрэлбаатар) багш, Сувданчимэг багш нартайгаа алхам алхмаар сайжирсаар байсан даа.
МIТ сургуулийн талаар анх Хүрэлээ багшаасаа л сонссон. МIТ сургууль химийн маш олон лабораторийн хичээл заадаг, эхний жилээсээ эхлэн судалгааны ажил дээр ажиллах боломж их байдаг зэрэг нь бусад сургуулиас ялгарах онцлог байж, миний сонирхлыг татсан. Мөн өмнө нь манай сургуулийн 2 төгсөгч 2015, 2022 онд энэ сургуульд тэнцэж суралцсаныг мэднэ.
Оролцсон Олон улсын олимпиадын амжилтууд маань сургуулиа сонгох, элсэхэд ихээхэн нэмэр болсон, бас энэ болон өөр хэд хэдэн зүйл нийт өргөдөл гаргагч хүүхдүүдээс намайг ялгаж өгсөн байх гэж бодож байна.
- Oрчлон олон улсын сургууль таныг MIT-д бэлдэхэд хэрхэн тусалсан бэ? Мөн та сургуулийнхаа хөтөлбөр болон бусад боломжуудыг хэрхэн ашигласан бэ?
- Манай сургуулийн хэрэгжүүлдэг Кембрижийн хөтөлбөр бага ангиас эхлээд л ордог байсан нь надад хими төдийгүй бусад хичээлүүдийн хувьд маш сайн суурь болж өгсөн. Энэ хөтөлбөрөөр дэлхийн 160 орны 10,000 сурагч жил бүр суралцаж байгаа. Анх ахисан түвшний буюу их сургуулийн 1, 2-р курсийн агуулгатай дүйцэгддэг AS Level-ийн хими хичээлээр химийн шинжлэх ухааны сууриа илүү хөгжүүлж, чадавхжуулсан гэж боддог.
Мөн манай сургуулийн хөтөлбөр, сургуулийн маань орчин химийн лабораторийн хичээлийг үзэх боломж олгож, багш, лаборант багш нар маань химийн туршилтуудыг хийхэд тусалдаг нь надад маш их туршлага болж өгсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. .
MIT сургуульд элсэхийг хүссэн сурагч нь STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик зэрэг судлагдахуунаар өндөр түвшинд бэлтгэгдсэн байх ёстой байдаг. Орчлонгийн маань Кембрижийн болон үндэсний хөтөлбөрийн хичээлүүд нь 12 жилийн турш 1-р ангиас минь намайг яг ингэж бэлдэж, хөгжүүлж чадсан гэж боддог. Жишээ нь би SAT шалгалтын 1500, мөн TOEFL-ын 113 оноог авахад бүх л хичээлүүд, даалгавар, давтлага, шалгалт хангалттай сайн бэлтгэл болжээ.
- Энэ жил MIT-ийн Early Action-аар элссэн анхны Монгол оюутан болсон тань танд ямар санагдаж байна вэ?
Өнөөгийн бидний ирээдүйд маш чухал үүрэгтэй нэг ойлголт бол STEM (Science, Technology, Engineering, Maths). Энэ хичээлүүдээр суралцсанаар дэлхий нийтээр асуудал болж буй дэлхийн дулаарал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудын шийдлийг олж болно. Тиймээс би бусад хүүхдүүдийг ч STEM-ийн хичээлүүдийг сонгож, гүнзгийрүүлж суралцаасай гэж уриалъя.
Энэ жил MIT сургуульд элсэх эхний шалгаруулалтаар дэлхийн өнцөг булан бүрээс 12,053 өргөдөл авснаас 721 сурагчийг элсүүлсэн юм байна лээ. Энэ дунд багтаж чадсандаа үнэхээр их баяртай байна. Монголоос мөн ганцаараа тэнцэж чадсандаа, эх орныхоо төлөөлөл болж байгаадаа баяртай байна Аав, ээж, сургууль, бүх багш нарынхаа дэмжлэгт маш их талархаж байна. Мөн их сургуулийн өргөдөл илгээхэд минь тусалсан ахлах сургуулийн зөвлөх (counsellor) Н.Тэмүүжин багшдаа маш их баярлалаа.
- Хичээлийн хажуугаар төсөл судалгаа, төгөлдөр хуур, балетаар хичээллэх зэргээр өөрийгөө олон талаар хөгжүүлж чаджээ. Эдгээр амжилтыг гаргахын тулд цагаа хэрхэн хуваарилж, ямар арга барил ашигласан бэ?
- Багаасаа эхлэн математикийн сонгон, төгөлдөр хуур, балетын дугуйлан зэрэгт явсан нь намайг ачаалал сайн даадаг, сууж сурсан сурагч болгосон. Сурлагын амжилтад хамгийн чухал зүйл нь сууж сурах юм байна гэдгийг ойлгосон.
Хүн дуртай зүйлээ хийн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх нь маш чухал юм байна. Химийн хичээлээ олон цагаар давтсаны дараа теннисдээ явж тархиа амраадаг. Миний бодлоор хэчнээн их хичээл хийсэн ч ямар нэгэн спортоор заавал хичээллэдэг байх хэрэгтэй санагддаг.
Мэдээж олимпиад дөхөх үеэр химидээ бүрэн анхаарч, сардаа нэг удаа ч юм уу бусад дуртай юмаа хийх гэж хичээн цагаа хуваарилдаг. МУИС-ийн багшийн удирдлага дор Нано шинжлэх ухаан, технологийн чиглэлээр судалгааны ажил хийсэн минь ч бас хичээл дээр үзсэн зүйлээ бататгаж, судалгаа хийх ажилд дурлуулсан бас нэг төсөл болсон.
- Таны MIT-д суралцах болон цаашдын зорилго юу вэ? Мөн дараа дараагийн үеийнхээ Монгол сурагчдад ямар урам зориг, зөвлөгөө өгөхийг хүсэж байна вэ?
- MIT-д очоод өөрийн сонирхсон хичээлүүдийг үзэж маш олон хүмүүстэй танилцана. Эхний жилээсээ эхлэн судалгааны ажлуудад идэвх санаачилгатайгаар оролцохоор төлөвлөж байна. Суралцах явцдаа профессоруудтайгаа ойр байж, олон зүйлийг сурч мэдэхийг хичээх болно. Бас мэдээж теннисний клубт орж биеийн тамираар хичээллэхээ орхихгүй.
Ирээдүйд Монголдоо ирж сурч эзэмшсэн мэдлэгээ ашиглан агаарын бохирдол зэрэг асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулах болно оо.
Одоо өргөдлөө илгээж байгаа үе тэнгийнхэндээ, ирэх жил элсэлтийн энэ шалгууруудыг давах ахлах ангийн сурагчдадаа хандаж “ Хаана ч, аль ч сургуульд орсон аз жаргалтай, зорилготой суралцаарай! Та нар чадна аа.” гэж хэлье!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!