Засгийн газраас улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 онд нийт нутгийн 30, 2040 онд 33, 2050 онд 35 хувьд хүргэх зорилт тавьсан бөгөөд ингэснээр 8.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний үр өгөөж алдагдахаас урьдчилан сэргийлнэ гэж тооцжээ. Ингэхдээ ашиглахаас илүүтэй хамгаалах чиглэлийг баримталж, жилд дунджаар нэг хувиар өсгөж тооцоход 1.5 сая га талбайг тусгай хамгаалалтад авах юм байна.
Улсын хэмжээнд одоогийн байдлаар 13.8 сая га талбай бүхий дархан цаазат газар 22, 13.2 сая га талбай бүхий байгалийн цогцолборт газар 36, 5.7 сая га бүхий байгалийн нөөц газар 48, 0.1 сая га газар бүхий дурсгалт газар 14 зэрэг нийт 120 газар, 32.8 сая га газрыг тусгай хамгаалалтад авчээ.
Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хүрээнд 4, нийт 34 хамгаалалтын захиргаанд хамгааллын менежментийг хариуцан “Байгаль орчны багц хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулан 800 орчим албан хаагч ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээлсэн байдаг.
Энэ онд 14 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсний дотор Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уул оржээ.
Энэ ууланд 1986 оноос хойш судалгаанууд хийгдсэн бөгөөд тухайн үеийн аж амьдрал, ахуй, соёлыг илэрхийлэх 5000 гаруй сүг зургийн дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн 4 дурсгал, Тан улсын үед хамаарах Монгол болон Хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш илэрчээ.
“Дэл уулын гайхамшиг” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батмөнх: Дэл уулын Булаг билүүн, Зүүн билүүн хэмээх уртаашаа 10 км, өргөөшөө найман км хэсэгхэн газарт байдаг 5,000 орчим хэмээн багцаалдаг хадны зургийг хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе болон хүннүгийн үед зурагдаж, бичигдсэн хэмээн судлаачид тогтоосон байдаг.
Монголын анхны бичиг үсэг болох дүрс болон руни бичиг, Тан улсын үеийн хятад бичгийн дурсгал, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас, туурайндаа дугуйтай адуу, үлэмж том биетэй хүн, одоогоор Монголын нутаг дэвсгэрээс гуравхан олдсон дөрвөн дугуйтай морин тэрэг, хамгийн том хэмжээтэй морин тэрэг зэрэг судлаачдын анхаарлыг татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгалууд энд бий.
Хадны зургаас гадна шоргоолжин болон дөрвөлжин булш, хиргисүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасны үлдэгдэл, сүм хийдийн туурь зэрэг соёлын үл хөдлөх өв олон бий. Зургууд нь билүү чулуун хадны бараан өнгөнөөс бараг ялгагдахгүй аж. Хадны зургийг голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах зэрэг олон янзын аргыг хэрэглэн зурсан байдаг. Зургууд нь он цагийн хувьд харилцан адилгүй.
Дэл уулын хаднаа хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн байдаг. Тухайлбал, хүний гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авхуулан нэгэн урт зүйл унжсанаар зурсан нь манай орны хадны зураг дотор ер тааралддаггүй аж.
Мөн өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүн, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүн, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгүүд зэрэг дүрслэлүүд нь судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг” хэмээгээд энэ ховор, нандин соёлын өвийг хойч үедээ унаган байдлаар нь үлдээхийн тулд улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэйг онцлов.
Гайхамшигт сүг зураг дүрслэл нь газрын онцлог тогтцоос шалтгаалан газар байдаг учраас хүн, малын хөлд устаж, үгүй болох эрсдэл байгааг мөн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!