Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй хэмээн шийдсэн байна. Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцад хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгажээ.
Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан "Дэлхий нийт ковидын эсрэг вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр 2022 онд эдийн засаг эргэн сэргэх боломжтой гэж олон улсын байгууллагууд төсөөлж байлаа. Гэвч нөхцөл байдал төсөөлснөөс өөр байна.
Олон улсын валютын сан, Дэлхийн банк 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг дунджаар 4.3 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж байсан. Гэвч ОХУ болон Украинд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт 2.8-3.5 хувь орчимд буурах тооцоололтой байгаа юм.
Улмаар манай эдийн засгийн өсөлт нэлээд удаашрах хандлагатай боллоо. ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүнд байгалийн хий, газрын тос, үр тариа багтдаг. Эдгээрийн үнэ дэлхийн зах зээлд огцом өсөж нийлүүлэлт тасрах эрсдэлтэй болсноор импортлогч орнуудын шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлж буй" хэмээн хэллээ.
Мөн тэрбээр "БНХАУ-ын ургац энэ онд түүхэн доод түвшинд хүрсэнтэй холбогдуулан хүнсний нийлүүлэлтийн томоохон тасалдал гарч, дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа юм. Иймд улс орнууд дотоод төсөв мөнгөний бодлоготойгоо уялдуулж, дотоод нөөцөө ашиглан гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх, нийлүүлэлт хангамжийн хомстол үүсэх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэв.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс уг хуулийн төслийг өргөн барьснаар найман чиглэлээр арга хэмжээ авахаар боллоо.
Нэгдүгээрт, УИХ-аар эдгээр хуулиудыг дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэнэ.
Хоёрдугаарт, Монголбанкны хувьд мах гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг тус тус өөрсдийн харилцдаг банкнуудаар нь дамжуулан банкны эх үүсвэрийг дайчлах, хөнгөлөлттэй хүүгийн боломжийг бий болгох, гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах эрхийг Төв банканд олгож байна
Гуравдугаарт, Монголбанканд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондоны металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад дотоодын зах зээлээс алт худалдан авна. Түүнчлэн ашигт малтмалаар олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргийг хэрэгжүүлж амжаагүй зөрчил гаргасан хуулийн этгээд, иргэнд энэ хуулийг хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл, Төв банканд одоо ч алтаа тушаах боломжтой болж байгаа.
Дөрөвдүгээрт, Засгийн газраас мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээ авах цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг тав хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт олгож байна.
Тавдугаарт, Засгийн газраас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, төсвийг ерөнхийлөн захирагч хооронд хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд тус хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас баталгаа гаргана.
Зургадугаарт, Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцлагын гэрээ байгуулан мөрдүүлнэ.
Долдугаарт, Хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хүнсний тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамрагдсан хүнсний хангамж нийлүүлэлтийн хомсдол үүсэхээс сэргийлж, экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүрд тогтоож мөрдүүлнэ. Энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан хариуцлагын гэрээг байгуулан мөрдүүлэх юм.
Наймдугаарт, Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй иргэд 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!