Түүхийн туршид, олон улс оронд улс төрчид эдийн засгийг самарч, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлсөн жишээ түгээмэл юм. Энэ эрсдэлээс хамгаалах “эдийн засгийн хоточ нохой”-н үүргийг төв банк гүйцэтгэдэг байна. Хүн төрөлхтөн түүхэн алдаанаасаа суралцаж төв банк гэх мэргэжлийн институтийг “бодож олсон” байна. Төв банкны мэргэжлийн бодлого, шийдвэрт улстөрчид нөлөөлөхөөс сэргийлж хараат бус байдлыг нь хуулиар баталгаажуулж өгдөг жишиг дэлхий нийтэд бий.
Төв банкны хараат бус байдлын баталгаа нь хуулийн заалтаас гадна ард иргэд, эрдэмтэн судлаачдын дэмжлэг бөгөөд улс төрийн дарамт шахалтаас хамгаалах хамгийн гол бамбай нь болдог жишээ биш. Германд гэхэд Бурханд итгэхээр Бундес банканд итгэ гэх хэлц үг хүртэл бий.
Мөн 2019 онд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп төв банкныхаа хараат бус байдалд халдаж, хүүгээ буулга гэх мэдэгдлүүдийг удаа дараа хийж байв. Харин үүний эсрэг улсын нэртэй эдийн засагчид хүчтэй эсэргүүцлийг илэрхийлсэн байдаг. Тухайн үед А.Грийнспан, П.Волкер, Б.Бернанке, Ж.Йеллен нар “Америкт хараат бус төв банк хэрэгтэй” (America Needs an Independent Fed) гэх гарчигтай ил захидал олон нийтэд хандаж илгээж байв.
Ил захидалд “Холбооны нөөцийн банкийг үе залган тэргүүлсний хувиар бид төв банк нь цаг зуурын улс төрийн дарамт, ашиг сонирхлоос хол, улс төрийн шалтгаанаар банкийг сууриар нь ганхуулах вий гэсэн айдасгүйгээр, цэвэр эдийн засгийн өгөөжийн төлөө хараат бусаар ажиллах ёстой гэдэгт нэгдмэл бодолтой байна. Бид Ардчилсан болон Бүгд найрамдах намын 6 ерөнхийлөгчийн шийдвэрээр томилогдож эх орондоо 40 шахам жил зүтгэсэн билээ. Бид бүгд төв банкны хуулиар олгогдсон үндсэн зорилго болох ажил эрхлэлтийг өндөр түвшинд байлгах, үнийн тогтвортой байдлыг хангахын төлөө эдийн засгийн хүнд шийдвэрүүд гаргаж ирсэн. Бидний шийдвэр бүр төгс байсангүй. Гэсэн ч улс төрийн хормын хонжоонд хөтлөгдөлгүй Америкийн ард түмний эдийн засгийн алсын ашиг сонирхлын төлөө, тоон шинжилгээнд суурилсан, улс төрийн нөлөөнөөс ангид ажилласны дүнд илүү сайн шийдвэрүүд гаргасан билээ”.
Д.Трампад “үгүй” гэж хэлж чадсан АНУ-ын төв банк улстөрчийн шахалтаар бус, өөрсдийн мэргэжлийн тооцоолол судалгаандаа үндэслэн шийдвэрээ бие даан гаргасан нь Америкийн эдийн засагт чухал байв.
Монголд төв банкны хараат бус байдлыг хамгаалах асуудал дутмаг байгаа нь ажиглагддаг. Тухайлбал мөнгөний бодлогын шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлогуудыг улс төрчид үргэлж хийж иржээ. Хамгийн түгээмэл жишээ нь төв банкны үндсэн зорилт болох инфляцыг биш ам.долларын ханшийн тогтвортой байдлыг шаарддаг бөгөөд үүнээс үүдэж “бодлогын хүүгээ өсгө эсвэл буулга” гэх мэдэгдлүүдийг хийж, олон түмэн, сонгогчдоос оноо авахыг оролддог жишиг бий. Уг нь валютын ханшийн асуудал төв банкуудын хүлээх үүрэг биш бөгөөд олон улсад үнийн тогтвортой байдал буюу инфляцад голлон анхаардаг.
Хараат бус байдалд нь улс төрчид халддаг өөр нэг жишиг нь Монголбанкны Ерөнхийлөгч нарыг өөрийн ажил үүрэгт нь төдийлөн хамааралгүй шалтгаанаар /саарал жагсаалт гэх мэт/ огцруулж ирсэн явдал юм. УИХ-аас 6 жил томилогддог ч төв банкны ерөнхийлөгч нар дунджаар 3.5 жил болоод буюу бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө ажлаа өгдөг, эсвэл огцордог статистик бий. Энэ нь Монголд энэхүү институцийн бие даасан байдал, үйл ажиллагаа нь тухайн эрх барьж буй нам эвсэл, хэсэг бүлэг улс төрчдийн нөлөөнд өртөмтгий болохыг харуулж байна. Энэ талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа нэгэн өгүүлэлдээ “Засгийн газрын дундаж хугацаа нь төв банкны ерөнхийлөгчийн ажиллаж байгаа хугацаанаас богино буюу 2 жил байгаа ч засгийн газрыг бүрдүүлж буй нам солигдоход төв банкны ерөнхийлөгч солигдох магадлал ихтэй гэсэн дүгнэлт хийж болохоор байна” хэмээн бичжээ.
Монголбанкны хараат бус байдалд ийнхүү халддагийн учир нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт хамгаалах хууль эрх зүйн орчин төдийлөн сайн бүрдээгүй. Тухайлбал төв банкны хуулиар хүлээсэн үндсэн зорилгыг инфляц биш ханш хэмээн буруу тайлбарлаж, шүүмжлэх хандлага давамгайлдаг. Мөн ерөнхийлөгчийг нь УИХ “үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр огцруулж болдог зохицуулалтууд байдаг. Энэ зүйл заалтын дор ямар ч үндэслэлээр огцруулж болох сиймхий гардаг нь өнөөгийн нөхцөл байдалд хүргэжээ.
Хоёрдугаарт олон нийт төв банкны хараат бус байдлыг хамгийн сайн хамгаалагч нь байх боломжтой. Гэхдээ одоогоор манай иргэдийн хувьд энэ талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг тул төдийлөн сайн хамгаалагч байж чаддаггүй. Мэргэжлийнхэн ч үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ хойрго байгаа нь шүүмжлэлтэй хандах зүйл юм. Төв банк ч өмнө нь иргэдэд өөрийн үйл ажиллагаагаа нээлттэй сурталчилж, иргэдийн итгэлийг олоход төдийлөн анхаардаггүй байжээ. Харин сүүлийн жилүүдэд олон нийтэд нээлттэй, ил тод байх бодлого баримталж буй нь хараат бус байдлаа бэхжүүлж, мэргэжлийн шийдвэрүүдээ ард иргэдээрээ дэмжүүлэх гэсэн оролдлого байж болох талтай.
Эцэст нь дүгнэхэд аливаа улс орны эдийн засаг урт хугацаанд, тогтвортой өсөж, ард иргэдийн амьдрал дээшлэхэд мэргэжлийн байгууллагууд, тэнд ажиллах өндөр боловсрол бүхий боловсон хүчний үүрэг оролцоо маш чухал. Улс төрчид 4 жил болоод л солигдож, өөр өөрсдийн замаа хөөх бол төрийн бодлогын институцүүд хараат бусаар зөв бодлогоо хэрэгжүүлж байх нь чухал юм. Тиймээс төв банкны хараат бус байдлын хууль эрх зүйн зохицуулалтуудыг үргэлж төгөлдөржүүлж, иргэдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлж ирэх нь манай улсын урт хугацааны тогтвортой хөгжилд чухал нөлөөтэй хүчин зүйл. Монголд эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал
хэрэгтэй шиг Хараат бус төв банк ч хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!