Ж.Ганзориг: АНУ-ын зах зээлд тогтвортой ажиллаж буй Egulen Systems компанийнхаа 20%-ийг олон нийтэд санал болгож байна
Egulen Systems LLC нь 2020 оны эхээр Америкийн Нэгдсэн Улсад улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Үүнээс хойш тэд үйлчилгээний хүрээгээ улам тэлсээр байна. Тухайлбал, 2020 оны сүүлээр цаг захиалгын нэгдсэн платформ Ariguna-д АНУ-ын 300 гаруй салоныг нэгтгээд байсан бол өнгөрсөн оны эцэст гэхэд 800 гаруй буюу бараг 3 дахин өсгөсөн байна.
Мөн шинэ бие даасан бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор олон нийтээс хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Энэ талаар Egulen Systems LLC-ийн үүсгэн байгуулагч Ж.Ганзоригтой ярилцлаа.
- Ярилцлагаа танай компанийн үйл ажиллагааны талаар эхлүүлье. Цахимаар цаг захиалах үйлчилгээнийх нь төрлүүд нэмэгдсэн гэсэн?
- Манайх АНУ-д үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хумсны салонуудтай хамтарч байсан. Харин одоо үсчин, гоо сайхны салон, иог, массаж, бариа засал зэрэг олон төрлийн үйлчилгээний байгууллагатай ажиллах болсон. Ахуйн арчилгаа, эрүүл мэндийн үйлчилгээний энэ салбарт бид хүрээгээ өргөжүүлэн ажиллаж байна.
Мөн 2022 он гарснаас хойш уг үйлчилгээгээ Egulen booking нэрээр Монголдоо нэвтрүүллээ. Хэд хэдэн томоохон салонуудтай хамтарч эхэлсэн бөгөөд Монголдоо зах зээлээ тэлж байна. Бид цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, өргөжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт татахаар шийдсэн юм. Олон хүн оролцоосой гэж хүсэж байгаа учраас нийтэд нээлттэй байлгана.
- Хөрөнгө оруулалтын талаар онцолж асуумаар байна. Оролцох хүсэлтэй хүмүүс хаана хандах вэ?
- Өөрсдийн веб сайтаараа дамжуулан 2022 оны гуравдугаар сарын 28-наас эхлэн гурван долоо хоногийн хугацаанд хувьцаагаа арилжина. Оролцохыг хүсэж буй хүмүүс манай сайтаар орж мэдээллээ аван бүртгүүлээд, захиалгаа өгөх боломжтой. Энэ явцыг онлайнаар хялбархан хийх боломжтой байхаар вэбсайтаа хөгжүүлсэн.
- Компанийн хэдэн хувийг санал болгож байгаа вэ. Хөрөнгө оруулалтын хэмжээний талаар дэлгэрүүлбэл?
- Манай компани нийт 1,250,000 ширхэг хувьцаа гаргасан ба компанийн үнэлгээ 3,250,000 ам.доллар. Үүнийхээ 20 хувийг буюу 250,000 ширхэг хувьцааг нэгжийн үнэ 2.6 ам.доллароор олон нийтэд санал болгож байна. Өмнө хэлсэнчлэн олон хүн оролцоосой гэж хүсэж байгаа тул захиалгын хамгийн дээд, доод хязгаарыг заасан. Хөрөнгө оруулагч доод тал нь 260 ам.доллар, ихдээ 26,000 ам.долларыг оруулж болно.
Монголчууд нэгдэж, олон улсад ажиллаж буй компаниа дэмжвэл түүхэнд нэгэн шинэ хуудас болно.
"2021 оны борлуулалт 2020 оныхоос 12 дахин өссөн"
- Компанийн ашиг орлогын талаар мэдээлэл хөрөнгө оруулах хүсэлтэй хүмүүст сонирхолтой санагдах байх?
- Өнөөдрийн байдлаар манайхтай хамтран ажиллагч байгууллагын тоо 1,000 руу дөхсөн, эцсийн хэрэглэгч болох салонуудаар үйлчлүүлэгчийн тоо 130,000 гаруй байна. Хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа зах зээлээ мэдэрч, арга барилаа сайжруулсаар байгаа.
2021 оны борлуулалт 2020 оныхоос 12 дахин өссөн.
- Шинээр бүтээгдэхүүн гаргах гэж байгаагаа та түрүүн дурдлаа. Энэ талаар танилцуулна уу?
- Egulen Jobs-ыг бие даасан шинэ бүтээгдэхүүн болгоно. Энэ бол цагийн болон тогтвортой ажилд зуучлахад чиглэсэн онлайн орой зай. Үүндээ бид блокчейн технологийг нэвтрүүлэх юм. Энэ маань ихээхэн нөөц бололцоо шаардах хөгжүүлэлт болно. Иймээс үндсэн үйл ажиллагаа, хөгжүүлэлтээ санхүүжүүлэхийн тулд олон нийтээс хөрөнгө татах гэж байгаа. Бид шинээр гарч ирсэн, дотооддоо өрсөлдөх гэж байгаа компани биш, АНУ-ын томоохон боломж ихтэй зах зээлд өрсөлдөж байгаа учир давуу талтай гэж үзэж байна.
Цар тахал гарснаас хойш АНУ ажиллах хүчний хомстолд орж эхэлсэн. Ялангуяа үйлчилгээний салбарт ажиллах хүн ховордлоо. Хүмүүс гэрээсээ эсвэл цагаа өөрсдөө зохицуулж болох ажил хийхийг хүсдэг болжээ.
Тиймээс энэ хэрэгцээнд суурилан байгууллага ажлын зар оруулахад ажил хайгч ба ажил олгогч хоёрын тавьсан нөхцөлүүдээс хамгийн сайн тохирохоор нь тааруулж илэрцийг харуулна. Ингэснээр ажил олгогчийн хувьд ажилтан хайх цагийг ихээхэн хэмнэнэ. Мөн ажилтны хаана, хэрхэн ажилласан тухай нь бүртгэгдэн товч намтар нь үүснэ. Эцсийн байдлаар хадгалснаар дахин өөрчлөх боломжгүй блокчейн технологиор баталгаажих юм.
АНУ-ын зах зээлд энэ чиглэлийн үйлчилгээ дөнгөж шинээр эхэлж байгаа тул бид цаг алдалгүйгээр орох төлөвлөгөөтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

