Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол програмистуудын бүтээл Сингапурын зах зээлд амжилттай нэвтэрлээ

ikon.mn
2018 оны 4 сарын 5
iKon.MN
 

Монголоос дэлхийн программ хангамжийн зах зээлд Эгүлэн системс ХХК “INSTUT” нэртэйгээр амжилттай гарчээ. Тодруулбал Монгол программистуудын үүсгэн байгуулсан “INSTUT” компани 2016 оны 10 дугаар сараас эхлэн Зүүн өмнөд Азийн бизнес, эдийн засгийн томоохон төв Сингапурт “iRestaurant” бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.

Уг бүтээгдэхүүнийг Сингапуртаа 24 салбар ресторантай тэргүүлэгч групп "Тунг Лок" /TungLok/ үйлчилгээндээ нэвтрүүлсэн нь Монгол программистуудын оюуны бүтээлийг олон улсын томоохон компаниуд үнэлж, худалдан авдаг болсныг харууллаа.

Тэд эрхээ авахын тулд АНУ, Австрали, Шинэ Зеланд, Тайвань, Сингапур зэрэг 20 гаруй компаниудтай өрсөлджээ.

Монголд анх үүсгэн байгуулагдаж, мэдээллийн технологийн салбарт 7 дахь жилдээ ажиллаж буй тус компани эх орондоо 192 ААН-ийн кассын программыг нэвтрүүлсэн байна.

Тухайлбал тус компанийн Монголын зах зээлд нэвтрүүлсэн “Эгүлэн” кассын программыг Чойжин Темпль, Централ Гарден, Ариг&Аня, Рөүзвүүд, Скуэр зэрэг хотын төвийн томоохон ресторанууд ашигладаг ажээ.  

Сингапурын нэртэй ресторанд нэвтрээд буй “iRestaurant” программ нь Монголын компаниудын ашиглаж буй “Эгүлэн” кассын программ дээр суурилснаараа онцлогтой.

"Хэрэв Сингапурын стандартыг хангаж чадвал дэлхийн стандартыг хангаж чадна гэсэн үг"

 

Тус компанийн захирал Ж.Ганзориг энэ талаар “Дэлхийн олон орны чадварлаг багуудтай өрсөлдөж "Тунг Лок" группийн программ хангамжийг хийх эрхээ авсан нь бидний хувьд том боломжийг нээж өглөө. Эрх авахад нөлөөлсөн гол давуу тал бол манай компанийн туршлага, хөгжүүлчихсэн программ, шийдлүүд тэдний бизнесийн шаардлагад яв цав нийцэж байсанд оршино.

Бидний программ рестораны заалыг арын албатай холбосноор үйлчилгээ сайжрахын зэрэгцээ санхүүч, нягтлан бодогч, маркетер, рестораны удирдлагуудын ажлыг хөнгөвчилж, датагаа тодорхой, цэгцтэй харах боломжийг бий болгосон” гэдгийг онцоллоо.  

Харин чухам яагаад Сингапурыг сонгох болсон талаараа “Сингапур дэлхийн эдийн засгийн том төвөөс гадна соёлын томоохон төв юм. Тус улсад ази, европ, америк гээд бүх бүс нутгаас ирсэн хүмүүс амьдардаг. Тиймдээ ч хоолны соёл, хэрэглээ, шаардлага нь өндөр. Хэрэв Сингапурын стандартыг хангаж чадвал дэлхийн стандартыг хангаж чадна гэсэн үг” хэмээн тайлбарласан юм.

АНУ, Австрали, Шинэ зеланд, Их британи, Италийн зах зээлд нэвтрэх төлөвлөгөө

Монголын мэдээллийн технологийн компани дэлхийн зах зээл дээр амжилттай гарч чадахыг харуулах зорилготойгоор анх бизнесээ эхлүүлсэн Эгүлэн системс ХХК тун удахгүй энэ зорилгоо биелүүлэх алхмаа хийх гэж байна.

Тэд үндсэн программынхаа дөрөв дэх сайжруулсан хувилбар болох iRestaurant, iCafe, iKiosk аппликейшнүүдийг Apple Store дээр гаргаж АНУ, Австрали, Шинэ Зеланд, Их Британи, Италийн зах зээлд нэвтрэхээр төлөвлөж байгаа тухай хэллээ.

Apple Store дээр гарснаар Монгол программистуудын бүтээгдэхүүнийг дэлхийн олон орны хэрэглэгчид шууд татан авч хэрэглэх боломжтой болох юм байна. Жишээ нь АНУ-д ресторан ажиллуулдаг хэн ч бай хялбархан аргаар iRestaurant аппликейшнийг татаж кассын программтай болж болно.

Ингэснээр Эгүлэн системс ХХК монголын компаниудаас түрүүлж дэлхийн программ хангамжийн зах зээлд өөрийн гэсэн бүтээгдэхүүнээ санал болгосон компани болж байна.  

 

Рестораны салбарыг сонгож авах болсон шалтгаанаа тэд “Аль ч улсад очсон хэрэглэгчтэй гэдэг утгаараа энэ салбарыг сонгосон. Бидний эхний том зах зээл бол Зүүн өмнөд Ази байсан. Энэ бүс нутагт дэлхийн хүн амын 20-30 хувь нь амьдарч, эдийн засаг нь өндөр өсөлттэй байгаа. Ялангуяа аялал жуулчлал, хоолны салбар нь өндөр хөгжсөн учраас асар их боломж харагдсан” гэв.

Компани гадны зах зээлд гарснаар санхүүгийн хувьд асар  их боломжийг өөртөө нээжээ. Тоо баримт дурдвал компанийн борлуулалтын орлогын 90 хувь нь гадаадын зах зээлээс орж ирдэг бол 10 хувийг Монголын зах зээлээс бий болгож байна. Гэхдээ хэрэглэгчдийнх нь 70 хувь нь Монголд, 30 хувь нь гадаадад байдаг ажээ.

Үүлэн тооцоолол дээр суурилсан программ олон хэрэглэгчтэй болсноор биг дата бий болж, зах зээлийн мэдээллийг ахин борлуулах боломжтой болно гэдэг нь их сонирхол татлаа.

Мөн удахгүй Монголын зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж буй “D Loyalty” платформ дээр Эгүлэн кассын программын ашиглагч байгууллагууд үйлчилүүлэгчдэдээ олон төрлийн урамшуулал, хөнгөлөлт санал болгохоос гадна сурталчилгааны идэвхтэй, үр дүнтэй сувагтай болох боломжтой юм. 

Монгол программистууд чадвартай, логик сайтай

 

Сингапурын зах зээлд нэвтрэхийн тулд Ж.Ганзориг захирал өөрийн багаас 7 программистыг тус улсад ажиллуулжээ. Одоо Малайзд байрладаг оффист нь гурван Монгол программист ажиллаж байна. Тэрбээр “Монголчууд чадвартай, логик сайтай, юмыг хурдан сурна, шийдэл сайн гаргана. Тиймээс гадаадын компаниуд эхнээсээ монгол программистуудыг ажилд аваад эхэллээ” гэсэн юм.

Монголчууд бид эдийн засгаа олон тулгууртай болгох талаар олон жил ярьж, мөрөөдөж ирлээ. Энэ үед Монгол хүний оюуны бүтээлийг дэлхийн зах зээлд гаргах боломж нь программ хангамжийн салбар гэдгийг Эгүлэн системс ХХК-ийн жишээ харуулж байна.

Дэлхийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүний зах зээл 2018 оны байдлаар 3.7 их наяд ам.долларт хүрэх тухай технологийн судалгааны компани “Gartner” мэдээлжээ. Энэ нь манай мэдээллийн технологийн компаниудад ямар их боломж байгааг харуулна. Энэ боломжийн нэгээхэн хэсгээс атгасан Эгүлэн системс ХХК-ийг та бүхэндээ танилцууллаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.