Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

64 тэрбум ам.долларын зах зээлд хөл тавьж буй МОНГОЛ КОМПАНИ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Америк бол том, өрсөлдөөн ихтэй зах зээлийн нэг. Томоохон үйлдвэрлэгчид, технологийн аваргууд төвлөрдөг уг зах зээлд монгол компани үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлжээ. 

Тус компанийн эрхэлдэг үйл ажиллагаа, тэмүүлж буй алсын харааны талаар Egulen Systems LLC-ийн үүсгэн байгуулагч Ж.Ганзоригтой ярилцлаа.

-Сайн байна уу. Америкийн зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлсэнд баяр хүргэе. Хэрэглэгчдэдээ ямар үйлчилгээ санал болгож байна вэ?

-Баярлалаа. Бид 2020 оны нэгдүгээр сараас АНУ-ын Чикаго хотод төв оффистойгоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Манай компани салонд зориулсан онлайн цаг захиалгын  платформ “Ariguna”-г хөгжүүлэн ажиллаж байна. Энэ нь цаг захиалга, кассын систем, лояалти хөтөлбөр болон ажлын зар оруулах, бараа материалын захиалга, онлайн худалдаа хийх боломжтой цогц систем.

Бид эхний хувилбараа 2020 оны зургаадугаар сард гаргасан. Одоогоор 300 орчим салон, 42 мянга орчим хэрэглэгчийг бүртгээд байна.

-Танайх өмнө нь ресторануудад зориулсан ухаалаг кассын системийг хөгжүүлэн ажиллаж байсныг олон хүн мэдэх байх. Энэ удаад яагаад салоныг сонгосон бэ?

-АНУ-д рестораны бизнест жилд 800 тэрбум гаруй ам.доллар эргэлддэг, сая орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг, өрсөлдөөн өндөртэй салбар. Хэдийгээр манайд суурь байсан ч америк хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, бүтээгдэхүүнээ нутагшуулахад хөгжүүлэлт их шаардахаар байв. Иймд, шинэ зах зээлд нэвтрэхдээ бизнесийн үндсэн загвараа хадгалсан хэвээр, гэхдээ шинэ салбарыг сонгохоор шийдээд судалгаа хийсний үр дүнд салоны зах зээлийг сонгосон юм.

Тэр дундаа бидний одоогоор голлон төвлөрч байгаа хумсны салоны бизнес нь сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж байна. Бие даасан том салбар биш ч гоо сайхны үйлчилгээний салбарын 15 хувийг эзэлдэг. Тэдгээрийн үйлчлүүлэгчид нь бусад гоо сайхны үйлчилгээнүүдээс 3-4 дахин олон давтамжтай буюу жилд 18-26 удаа хумсны салоноор үйлчлүүлдэг байна.

 

Тоо баримт харвал, 2018 оны байдлаар АНУ-д 55 мянга орчим хумсны салон үйл ажиллагаа явуулж байсан. Эдгээрт 400 гаруй мянган хүн ажиллаж, жилд найман сая орчим хүн үйлчлүүлэн, 8.3 тэрбум ам.долларын орлого олжээ. Түүнчлэн зах зээлийн өсөлтийг илтгэх хэд хэдэн тоо бий. Жишээлбэл, 2008 онд 44 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 2018 онд 55 мянга орчим болж өссөн. Орлого нь 2010 онд 6 орчим тэрбум ам.доллар байсан бол 2018 онд 8.3 тэрбум ам.доллар байв.

"Манай компани тэрбум ам.долларын үнэлгээтэй болох боломжтой"

-Өрсөлдөгчдөө хэр судалсан бэ. Ихэнх зүйлс цахимд шилжиж буй энэ цаг үед өрсөлдөгч их бий байх?

-Мэдээж бид том, жижиг олон компанитай өрсөлдөнө. Бид анх үйл ажиллагаагаа эхлүүлж байхдаа өрсөлдөгч нараа сайн судалсан. Тэр дундаас үсчин, гоо сайхан, хумсны салон гэх мэтчилэн гоо сайхны үйлчилгээнүүдийг нэгтсэн хоёр том платформыг загвар болгон сонгож, шууд өрсөлдөгч гэж тодорхойлсон. Нэг нь америкчуудын эхлүүлсэн бизнес бол нөгөөх нь польшуудын хийж буй бизнес.

Польш залуус одоогоор нийт 120 сая гаруй ам.долларыг Европоос босгосон бөгөөд эхний шатны хөрөнгө оруулалтуудаа Польшоос, дараа дараагийн хөрөнгө оруулалтуудыг Англи, Финланд, Чех улсуудаас оруулсан байдаг. 2019 оны есдүгээр сар хүртэл нийт 48 сая гаруй ам.доллар босгосон байсан уг компани  2020 оны арваннэгдүгээр  сар гэхэд 70.2 сая ам.долларыг нэмж босгосон байна. Жилд 70 сая ам.долларыг босгож байгаа нь энэ төрлийн бизнест хөрөнгө оруулах сонирхол ихэссэнийг илтгэж байгаа.

Бид цаашид гоо сайхны салон, спа, үсчин зэргийн цагийг цахимаар захиалах үйлчилгээг санал болгоно. Энэ нь жилд 55 тэрбум ам.долларын эргэлттэй зах зээл.

Мөн АНУ-д гэрийн тэжээвэр амьтан тэжээх нь элбэг. 2019 оны байдлаар АНУ-ын нийт өрхийн 68 хувь нь буюу 85 сая өрх ямар нэгэн тэжээвэр амьтантай, үүний дийлэнх нь нохой (77 сая), муур (58 сая) байна гэх АНУ-ын Мал эмнэлгийн холбооны судалгаа байна. Цаашилбал, АНУ-ын иргэд гэрийн тэжээвэр амьтнаа ч гэр бүлийн нэгэн гишүүн мэт үзэж, тэдэнд зориулсан салоны үйлчилгээ ч зах зээлд хүчээ аваад буй юм.

2019 оны байдлаар тус улсын хэмжээнд тэжээвэр амьтанд зориулсан 113,000 гаруй салон үйл ажиллагаагаа явуулж, орлогын эргэлт нь 9.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Egulen Systems компани зах зээлийн энэ сегментийг ч гярхай ажиглаж “Ariguna Pets” буюу гэрийн тэжээвэр амьтанд үйлчлэх салонуудыг нэгтгэсэн платформыг 2021 оны хоёрдугаар сар гэхэд зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөн хөгжүүлэлтээ хийж байна.

Гоо сайхны үйлчилгээний салбар болон тэжээвэр амьтдын салоны салбарыг нийлүүлэн тооцвол бидэнд 64 тэрбум гаруй ам.долларын зах зээлд нэвтрэх боломж бий. Үүнийг шат дараатайгаар хэрэгжүүлнэ.
 

-Хөрөнгө оруулалтаа хаанаас татахаар төлөвлөж байгаа вэ?

-Манай компани монгол инженерүүдийн шийдлийг олон улсын зах зээлд гаргаж, өндрөөр үнэлүүлэх зорилготой. Бид эхний хөрөнгө оруулалтаа монголчуудаасаа татах хүсэлтэй байгаа. Учир нь технологийн компаниудад дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байхад нь хөрөнгө оруулсан хүмүүс илүү их ашиг хүртдэг.

Америкт судалгаа хийж, бизнесийн төлөвлөгөөгөө гаргах явцад цаашид өндөр үр дүн гарахаар харагдсан. Гадныхнаас хөрөнгө оруулалт татах боломж бий. Гэхдээ энэ боломжийг монголчууд маань олж хараасай гэж хүсэж байна. Мэдээллийн технологийн компанид хөрөнгө оруулах нь өндөр үр өгөөжтэй байх болно. Ирээдүйд манайх тэрбум ам.долларын үнэлгээтэй болох боломжтой. Иймд үр ашгаас нь монголчууд хүртээсэй гэж бодож байна. 

-Таны хэлсэнчлэн АНУ бол том зах зээл. Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон компани бий шүү дээ. Тэднээс танай үйлчилгээний ялгарах онцлог юу байх вэ?

-Өмнө дурдсанчлан “Ariguna”-д ажлын зар байршуулдаг хэсэг бий. Зарим хүн ажлын байрны зар оруулдаг зөндөө сайт бий гэж бодож болох юм. Гэхдээ манай шийдлийн онцлог давуу тал бол ажилтанд буюу үйлчилгээ үзүүлж буй хүнд үнэлгээ өгдөг системийг нэвтрүүлнэ. Ажилтан үзүүлж буй үйлчилгээнийхээ чанараар үнэлэгдэж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн үйлчилгээг өгөх тусам карьер нь ч өсөн дэвших боломжтой.

Товчхондоо, тэр үнэлгээ нь тухайн хүний “нэрийн хуудас” болох бөгөөд шинээр зарлагдсан ажлын байруудад анкетаа явуулахад үнэлгээ нь ажил олгогчдод хүрнэ. Аливаа байгууллага ажлын байр зарлахад сонирхсон хүн бүр хүсэлтээ өгдөг. Тэр дундаас бодит туршлагатай, чадвартай хүнийг олж авахын тулд ажил олгогчид ихээхэн хугацаа зарцуулах нь бий. Иймд үнэлгээ өгдөг систем нэвтэрснээр цаг хэмнэнэ. Хэдий хугацаанд ажилласан, үйлчлүүлсэн хүмүүсийнх нь үнэлгээ, өмнөх ажил олгогчийнх нь тодорхойлолт зэрэг бүгд бий.

Энэ жишгийг Uber, AirBnB зэрэг платформууд өргөн ашигладаг. Үүнийг үйлчилгээний салбарт бид нэвтрүүлж байгаа юм. Энэхүү ажлын зарын хэсэг маань цаашид бие даасан бүтээгдэхүүн болон хөгжих боломжтой.

 

"Цаашид Зүүн Өмнөд Азид үйлчилгээгээ нэвтрүүлэх төлөвлөгөө бий"

-Өмнөх хийж байсан ажлуудаасаа танилцуулбал?

-Манай компани анх гар утас аппликейшн хөгжүүлж  байсан. Нийт 30 гаруй аппликейшн зохиосон байдгаас хүмүүст хамгийн сайн танигдсан нь “Мазаалай толь бичиг” бөгөөд манайх сайжруулалтыг нь хийсэн. Анх санаачилсан хүн нь тухайн үед Японд суралцаж байсан Барбаяр гэж залуу бий. Үүний дараа “Эгүлэн” ухаалаг кассын системийг 2012 оны аравдугаар сард эхлүүлж, 2013 оны нэгдүгээр сараас хэрэглээнд нэвтрүүлж байсан.

Харин 2015 онд уг бүтээгдэхүүнээ Сингапурын зах зээлд гаргасан юм. Улмаар 2018 онд Малайзын зах зээл рүү амжилттай нэвтэрсэн. Цаашлаад, манай баг олон улсад үйл ажиллагааныхаа хүрээг улам өргөжүүлэхийг зорьсон тул 2019 оны аравдугаар сард Америкт зах зээлийн судалгаа хийж, улмаар 2020 оны нэгдүгээр сараас энд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 

-Ийнхүү том алсын хараатай ажиллаж буй багийн бүрэлдэхүүнийг лавлаж болох уу?

-Үүсгэн байгуулагч нь Ж.Ганзориг миний бие. Бид бизнес эрхлэгчдэд програм хангамжийн цогц үйлчилгээг санал болгодог. SaaS буюу Software-as-a-Service чиглэлээр 10 орчим жил ажиллаж байна. Олон улсын зах зээлд ажилласан туршлагатай. Манай инженерийн багийг Б.Батжаргал ахалж буй. Б.Батжаргал одоогоор Амазонд ажилладаг, өмнө нь АНУ-ын зах зээлд эмнэлэг, лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгслийн Amazon гэгдэж, амжилттай ажиллаж буй старт-ап компанид тав гаруй жилийн хугацаанд  ажилласан, туршлагатай хүн бий. Чикаго хот дахь баг маань маркетинг, борлуулалт хариуцан ажиллаж байгаа бол хөгжүүлэлтийн баг маань Улаанбаатараас ажиллаж байна.

Манайх одоогийн бүтцээ даруй 3 дахин өсгөх шаардлагатай байгаа. Цаашлаад ойрын хоёр жилийн хугацаанд 50-60 хүний бүрэлдэхүүнтэй болох төлөвлөгөө бий. Ингэж байж бүрэн хүчин чадлаараа том зах зээлд өрсөлдөж чадна. Түүнчлэн ирэх нэгдүгээр сард Лос Анжелест салбараа нээхээр зорьж байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд салбарлах шаардлага бий. 

-Өмнө нь таны ярилцлагыг уншиж байхад компанийн рестораны шийдлийн хэрэглэгчдийн 70 хувь нь монгол, 30 хувь нь гадаад улсын аж ахуйн нэгж байдаг гэсэн байсан. Энэ харьцаанд өөрчлөлт орсон уу?

-Сингапур, Малайзын зах зээлд хэрэглэгчийн тоо өссөн. Ялангуяа Малайзад харилцагчийн тоо ихээр нэмэгдлээ. Одоогоор харьцаа 50:50 хувь байна. АНУ-ын зах зээлд орсноор хэрэглэгчдийн харьцаанд өөрчлөлт орно байх. Манайх цаашид Зүүн Өмнөд Азид цаг захиалах платформын үйлчилгээгээ нэвтрүүлэх зорилго бий бөгөөд сул орон зай харагдаж байгаа.

-Баярлалаа. Хамтран ажиллахыг хүссэн хүмүүс хэрхэн холбогдох вэ?

-Хамтран ажиллахыг хүссэн хүмүүс Egulen Systems LLC-тэй info@egulen.com хаягаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.

ВИДЕО:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.