Оросын холбооны улсын эсрэг хориг арга хэмжээ манай улсад шатахуун, ам.долларын ханшийн өсөлт зэргээр шууд нөлөөллөө үзүүлж эхлээд буй.
Тодруулбал, эдийн засгийн хоригт орсон тус улсын иргэд рублиэ ам.доллароор сольж эхэлсэн нь мөнхийн хөрш орших тавилантай манай улсын хувьд валютын эрэлтийг үүсгэх шалтгааны нэг гэсэн хардлагыг зарим шинжээчид тавьж байгаа.
Мөн иргэдийн зүгээс доллар олдохгүй байна гэх.
Иймээс бодит нөхцөл байдлыг харах зорилгоор Найман шарга валют арилжааны захыг зорилоо.
Очоод харвал, ам.доллар солиулах гэж яваа иргэд мэр сэр харагдсаныг эс тооцвол лангуунууд эл хуль байлаа.
Өнөөдрийн байдлаар Найман шаргад ам.долларыг 3,010 төгрөгөөр зарж, 2,920-2,960 төгрөгөөр авч байна. Гэхдээ самбаруудыг нь харвал авах үнэ байсан ч зарах үнэ хоосон байлаа. Ам.долларын зарах үнэ зөвхөн наймаа эрхлэгчдийн амнаас гарч байсан юм.
Монголбанкнаас зарласан валютын ханш өнөөдрийн байдлаар 2,910.84 төгрөг байгаа.
Наймаа эрхлэгчдээс тодруулахад "Доллар олдохгүй байгаа", "Доллар байхгүй", "Төр засгаас ханшийн асуудлаа шийдэх байлгүй" гэх үгсийг хэлсэн.
Валют арилжааны зах зээлийн тав орчим буюу маш бага хувийг эзэлдэг Найман шарга захад ам.долларын ханшийн үнийн тоглолтын дүрэм тодорхойгүй байна.
Ташрамд хэлэхэд, эдийн засагч Г.Батзориг Алтаар ханшаа аврах уу? нийтлэлдээ "Валютын ханш огцом хөдлөх суурь нөхцөл алга. Бондын төлбөрүүд бүгд хойшлогдсон. Валютын гарах том урсгал байхгүй. Энэ бол ердөө л улирлын сезон эхэлсэнтэй холбоотой. Түүнчлэн валютын захын 5 хүрэхгүй хувийг эзэлдэг найман шарга захаар ханшийн эрэлт, нийлүүлэлтийг төсөөлж болохгүй" гэдгийг хэлсэн удаатай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
64 СЭТГЭГДЭЛТЭЙ
|