Индэр    
2022 оны 3 сарын 14
Зураг
Эдийн засагч, шинжээч

Алтаар ханшаа аврах уу?

Зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Reuters

Таны цалингаас хумсалдаг хоёр зүйл байна. Яг л хоёр иртэй хутгатай адил.

Эхнийх нь дотоодын үнийн өсөлт буюу инфляц. Энэ тоо 14 хувь гарлаа. Жил бүр таны худалдан авах чадвар 14 хувь буурч байгааг илтгэнэ.

Нөгөөх нь валютын ханш. Манай улсын хэрэглээний 80 хувь нь импорт. Тэгэхээр долларын ханш өсвөл тэр өөрчлөлт нь барааны үнэд шингэх байдлаар орж ирдэг.

Инфляц, ханш хоёр зэрэг хөдөлж байгаа нь Монголбанкны толгойн өвчин болж байна. Инфляцыг яах уу? ханшийг яах уу? гэсэн ацан шалаанд оржээ.

МОНГОЛ БАНКНЫХАН ГААЛИЙН ШАЛГАН ХИЙХ ЁСТОЙ ЮУ?

Монголбанкнаас үнийн өсөлтийг түр зуурынх гэж таамагласан нь хэт өөдрөг байв. Түр зуурынх учраас хил, гааль шийдэгдэхэд үнийн өсөлт зогсоно гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь урд хөрш нь олимп, намын их хурал гээд “ТЭГ” ковид бодлого барьж, хойд хөрш нь дайн дажин хийгээд бидэнтэй мантай л байна. Улмаар импортын бараа татан авах хугацаа 2-3 сараар уртсаж, тээврийн зардал нь 3-30 дахин нэмэгдэж, эцсийн хэрэглэгч энэ бүх төлбөрийг нь төлөхөөс аргагүйд хүрч байна. Ийм байдлаар үнийн өсөлт явагдаад байх юм бол бодлогын хүүг өсгөөд ч нэмэргүй.

Үнэхээр үнийн өсөлт дээр арга хэмжээ авах бол Монголбанкны ажилчид гааль дээр л очиж ажиллах нь дээ. Арга ядсандаа ингэж хэлхэв дээ. Угтаа бол Монгол банк биш Засгийн газар нь л иймэрхүү зүйлс дээр ажиллах ёстой юм.

МОНГОЛБАНК АЛТАН ЗАГАС БИШ ГЭДГЭЭ ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Инфляцаа барж чадахгүй байхад нь ханш орж ирээд самарч эхлэх нь тэр. Хаврын улирал эхлээд ч тэр үү, дайн дажин болоод ч тэр үү, Америк бодлогын хүүгээ өсгөөд ч тэр үү ам.долларын эрэлт ойрын сар орчим хугацаанд идэвхжээд байна. Ханш хөдлөх тутамд л Монголбанкнаас мэдэгдэл хийж, огцом савлагаа дээр орохоо зарлав. Гэвч Монголбанк бол хүсэл биелүүлдэг алтан загас биш. Түүнийгээ ойлгуулах хэрэгтэй. Өөрийнх нь хэрээс хэтэрсэн ажил гэдгийг тайлбарлах ёстой.

Өнгөрсөн түүхээс(Мексик, Аргентин, Өмнөд Солонгос гэх мэт) харахад, валютын ханшийг хүчээр барих гэж оролдсон бүх улсыг нэг л хувь заяа хүлээж байв. Ханшийг хүчээр барих гэж валютын нөөцөө шавхана. Ингэх тусам хүмүүсийн ханш унана гэсэн хүлээлт идэвхэжнэ. Улмаар үндэсний мөнгөн тэмдэгт нь огцом сулраад үлддэг.

ДОЛЛАР ОЛОХ БОЛОМЖ: АЛТ, ЗЭС

зураг
 

Энд нэг их онолын түвшний мэдлэг хэрэггүй. Бидний зүгээс экспортоо, гадаад шууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байж л ам.доллартой болно. Энэ жил нүүрс "хударсан". Тиймээс экспортын 40 хувийг бүрдүүлдэг энэ бүтээгдэхүүнийг зэс, алт хоёр арыг нь даах үүрэг хүлээлээ. Ингэж гэмээн валютын орох урсгал нь нэмэгдэж, ханш тогтвортой байх боломж бүрдэнэ. Алтнаас л гэхэд Монголбанк жил бүр валютын нөөцөө 800 сая ам.доллароор зузаатгаж чаддаг. Тиймээс алт худалдан авалтаа идэвхжүүлэх нь зүйтэй.

Жич: Валютын ханш огцом хөдлөх суурь нөхцөл алга. Бондын төлбөрүүд бүгд хойшлогдсон. Валютын гарах том урсгал байхгүй. Энэ бол ердөө л улирлын сезон эхэлсэнтэй холбоотой. Түүнчлэн валютын захын 5 хүрэхгүй хувийг эзэлдэг найман шарга захаар ханшийн эрэлт, нийлүүлэлтийг төсөөлж болохгүй.