Бригадын генерал цол хүртсэн Үндэсний батлах хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болор монголын анхны генерал цолтой эмэгтэй болсон сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Эх орон ард түмнийхээ төлөө тэмцэж, алтан амиа зориулж байсан өвөг дээдэстээ энэ баярын өдөр мэхийн ёсолж байна. Мөн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын өдрийг мөрдөс нэгт нийт цэргийн албан хаагчдадаа хүргэж байна. Сэтгэл зүрхээ зориулан халуун цэгт үүрэг гүйцэтгэн дэлхийн энх тайвны төлөө ажиллаж байгаа энхийг сахиулагчдадаа энэ өдрийн баярын мэндийг хүргэе.
Шинэ зууны шинэ жилийн эхэнд миний бие Монгол Улсын хүндтэй цолыг хүртэж байгаадаа баярлаж байна. Мөн Монголынхоо ард түмэнд, нийт эмэгтэйчүүддээ түүхийн шинэ хуудас нээсэндээ баярлаж буйгаа хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс илэрхийлж байна.
Миний бие цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос авхуулаад 28 дахь жилдээ зэвсэгт хүчинд тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд зэвсэгт хүчний мэргэжлийн сургалт, бэлтгэлийн чиглэлээр дагнан ажилласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн.
Аль ч улс оронд жендэрийн тэгш эрх тэгшээр яригдах ёстой. Монголын төр эмэгтэйчүүдээ үнэлж, анх удаагаа төрийн дээл цолыг олгож байгаа нь нийт эмэгтэйчүүдэд итгэл найдвар, урам зориг хайрласан том шийдвэр болсон гэж хувиасаа үзэж байна" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!