ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстан улс хатуу валют, алт гадагшаа гаргахыг хязгаарлалаа

Т.Давааням, ikon.mn
2022 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хөрш ОХУ-ын эсрэг тавьсан Өрнөдийн эдийн засгийн хоригтой холбоотойгоор Казахстан улс өчигдөр тус улсаас гарах хатуу валют, алтны хэмжээнд хязгаар тогтоожээ.

Даваа гарагт тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын гарын үсэг зурсан захирамжид хувь хүний хилээр бэлэн авч гарах гадаад валютын хэмжээг $10,000-аар хязгаарласан байна.

Мөн алтан гулдмай хилээр авч гарахыг хоригложээ.

Украинд дайн эхэлснээс хойш Казахстаны үндэсний валют тенгэгийн ханш 20 гаруй хувиар унаад байгаа.

Казахстанаас гадна Евразийн Эдийн Засгийн Холбоонд багтдаг Армени, Беларусь, Киргизстан улсуудын банкнууд харилцагчдадаа ам.доллар бэлнээр гаргаж өгөхийг зогсоогоод байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын төв банк мөн долларын хадгаламжаас бэлнээр гаргах валютын хэмжээг $10,000-аар хязгаарлаж, хатуу валют зарахаа зогсоосон юм. Уг хязгаарлалт есдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжлэхээр болжээ.

ОХУ-ын иргэдэд мөн $10,000-аас дээш бэлэн валют хилээр авч гарахыг хориглосон байна.

 

Эх сурвалж: Reuters