НҮБ-ын Хүүхдийн Сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Вакцины зохистой менежмент (ВЗМ)-ийн үнэлгээний тайлан, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Арга хэмжээг нээж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч хатагтай Аяако Кайно “Вакцины зохистой менежмент (ВЗМ) нь вакцины хангамжийн сүлжээг тасралтгүй сайжруулах замаар дархлаажуулалтын хамрах хүрээг нэмэгдүүлэх, хүний амь насыг аврах, чухал шаардлагатай вакциныг хүн амд хүргэх байнгын бэлэн байдлыг хангах, баталгаажуулах олон улсын санаачилга юм.
Энэ нь дархлаажуулалтын нийлүүлэлтийн гинжин хэлхээний (дНГХ) бүрэлдэхүүн хэсэг болох вакцин хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, түгээх үйл ажиллагааны давуу болон сул талыг үнэлэх замаар вакцины хангамжийн бэлэн байдлыг хангах арга хэрэгсэл билээ.
Энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ЭМЯ-ны зохих албаны хүмүүс болон үнэлгээг газар оронд зохион байгуулсан ХӨСҮТ-ийн хамт олонд талархаж байна.
Үнэлгээний ажлын үр дүнд илрүүлэн гаргасан сул болон давуу талуудыг үндэслэж менежментийг цаашид тасралтгүй хөгжүүлэх төлөвлөгөөг гаргаж ЭМЯ холбогдох байгууллагуудад танилцуулан, Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт тусган ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Үүний дараа тус үнэлгээний тайланг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Р.Даваадорж танилцуулсан юм.
Тэрбээр, Монгол Улсын дархлаажуулалтын нэгжүүдийг ДЭМБ-ын аргачлалд суурилсан цахим үнэлгээг хийсэн ба ХӨСҮТ, аймаг, нийслэлийн дархлаажуулалтын мэргэжилтнүүдийн хамт гүйцэтгэжээ. Энэхүү үнэлгээ нь цааснаас татгалзсан, асуумжийг таблетад суулгаж, хариулт үнэлгээг тусгай программчлалаар гаргаж ирдэг нь шинэлэг бөгөөд онцлог гэдгийг хэллээ.
Дархлаажуулалтын үндэсний нэгж болох ХӨСҮТ, аймаг, нийслэл, дүүргийн, өрх, сумын дархлаажуулалтын нэгжүүд гэсэн гурван үндсэн түвшинд үнэлгээ хийсэн. Үнэлгээгээр дархлаажуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааны давуу болон сул талуудыг илрүүлэн цаашид засаж сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэлэлцүүлсэн юм.
Ингэхэд ХӨСҮТ-ийн Үндэсний төв агуулахад өгсөн үнэлгээ 93 хувь буюу маш сайн үзүүлэлттэй гарсан бол сайжруулах шаардлагатай таван ажил байна гэсэн дүгнэлт гарчээ.
Мөн үндэсний түвшинд вакцины зохистой менежментийн үнэлгээ 88 оноотой гарсан буюу ДЭМБ-ын санал болгож буй стандартын хэвийн түвшнийг хангасан гэсэн үзүүлэлт гарсан байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Манай улсын дархлаажуулалтын тогтолцоо 21 аймаг, есөн дүүрэгт үйл ажиллагаа нь тогтвортой байсан нь цар тахлыг амжилттай давахад бодитой хувь нэмрээ оруулсан. Энэхүү үнэлгээ нь бидний цаашдын үйл ажиллагааг сайжруулах алхмуудыг зааж өгсөн.
Үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан болон вакцины 600 нэгж дээр ажиллаж байгаа хүмүүсийн оролцоогүйгээр хийх боломжгүй байсан гэдгийг онцолъё.
Вакцины зохистой үнэлгээ нь дархлаажуулалтын тогтолцоо менежментийг хэрхэн сайжруулах ёстойг цогцоор нь харж, шийдэх боломж олгодог учраас маш чухал үйл ажиллагаа юм.
Дархлаажуулалтын тогтолцоо, дэд бүтцэд тулгамдаж байгаа дээрх асуудлууд нь зөвхөн цар тахлын эсрэг вакцинжуулалтаар дуусахгүй" хэмээн хэлсэн юм.
Ташрамд дурдахад, Вакцины зохистой менежмент нь улс орны дархлаажуулалтын төвийн (ХӨСҮТ), аймаг, нийслэл, дүүргийн, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын дархлаажуулалтын нэгжийн түвшний менежментийн чадавхыг бэхжүүлэх, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх дархлаажуулалтын мэргэжилтнүүдийг сургах, нэгтгэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх нийтлэг зорилготой билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!