Завхан аймгийн МАН-ын хорооны гишүүдийн төлөөлөл аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.
МАН-ын хорооны гишүүн н.Тамир “Өнөөдөр Завхан аймагт шударга зарчим алдагдаж, МАНАН дэглэмийн жижигрүүлсэн хувилбар нүүрлээд байна.
2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдийг сонгосон. Үүнийг МАН-ын жирийн гишүүд болон сонгогчид халуун дотноор хүлээн авсан байдаг. Ерөнхийлөгчөөр МАН-аас нэр дэвшигч сонгогдож, Засгийн газар МАН-аас бүрдэж, УИХ-д МАН олонх болсон.
Энэ цаг хугацаатай давхцаад авлига хээл хахууль, МАНАН дэглэм гэдэг зүйл Завхан аймагт нүүрлээд байна. Мөн албан тушаалтнууд хариуцлагатай байгаасай, нутаг орон минь хөгжөөсэй гэсэндээ энэ зүйлийг хөндөж байна.
Завхан аймгийн Засаг дарга, аймгийн намын хорооны дарга Д.Түвшинжаргал нь 2012-2016 онд Тамгын газрын дарга байсан. Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа Ардчилсан намынхантай хуйвалдаж өөрийн албан тушаалаа 76 м.кв байраар наймаалцсан. Энэ асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан ч МАНАН дэглэм нүүрлэсэн учир өнөөдрийг хүртэл хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.
Бид энэ асуудлаар МАН-ын албан тушаалтнуудад хандана.
Энэ сарын хоёрдугаар сарын 28-нд Завхан аймгийн намын ээлжит бага хурал болох гэж байна. Энэ хурлаар хүний эрхийг эрхийг дээдэлсэн, ардчилсан зарчимтай, чөлөөт сонгууль явуулахыг хүсэж байна" гэв.
МАН-ын хорооны гишүүн н.Ганбаатар “Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал 41 суудалтай. 2020 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр МАН 21, АН 19 суудал авч, нэг бие даагч гишүүн сонгогдсон.
Аймгийн намын хорооны дарга Д.Түвшинжаргал гэдэг хүн аймгийн намын дарга бөгөөд Засаг даргын албан тушаал хашиж ёс зүйгүй, чадамжгүй хүн. Авлигын гэмт хэрэгт холбогдсон, танил тал, ах дүүсээ албан тушаалд томилдог.
Оны өмнө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудал яригдсан. Тус хурлаар ИТХ-ын 21 гишүүн Д.Түвшинжаргалыг огцруулах асуудалд санал нэгдсэн. Гэвч Д.Түвшинжаргал сөрөг хүчин болох АН-ын гишүүдтэй хуйвалдаж Засаг даргаар үлдэж чадсан.
Бид удахгүй болох аймгийн намын хуралд гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг битгий зөрчөөсэй гэдэг хүсэлтийн намын Удирдах зөвлөлд хүргүүлж байгаа” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!