Монгол Улсын Хөгжлийн Банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа өнгөрсөн нэгдүгээр сард нийтэд ил болгосон.
Үргэлжлүүлэн бусад бүх зээлийг ийнхүү нэгдүгээр сарын 31-ний өдөр танилцуулснаас хойш зээлийн төлөлттэй холбоотой асуудал үргэлжилсээр байна.
Иймээс эрх баригчид Хөгжлийн Банкны найдваргүй зээлийг төлүүлж чадна гэдэгт та итгэж байгаа эсэх санал асуулгыг явуулж байна.
Хөгжлийн Банк нийт 3.1 их наядын зээлийн багцтайгаас 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй ангилалд багтсан. Нийт 28 зээлдэгчийн нэг их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагаар шалгаж байна. Хөгжлийн Банкны 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан.
"Зээлүүд төлөгдөхгүйн улмаас Хөгжлийн Банк дунджаар найман хувийн эх үүсвэрийн зардал гадна талдаа төлж, алдагдал хүлээж яваа. Зээл төлөгдөхгүй явсаар манай банк ирэх жил төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрвэл энэ өр улсад шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдгээр зээлдэгчийн өрийн өмнөөс гадаад өр төлбөрөө барагдуулна гэсэн үг" хэмээн Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлж байсан.
Өөрөөр хэлбэл, хариуцлагын асуудал яригдахгүй бол тус зээлдэгчдийн асуудал ЖДҮ шиг замхраад үлдэх үү гэх асуултыг төрүүлж байна.
Түүнчлэн Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн Банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ дагуу АТГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн болохыг өчигдөр АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!