Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мандуул: Хөгжлийн банк ирэх жил төлөх $800 саяын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрвэл өр улсад шилжинэ

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

- Үлдсэн чанаргүй зээлдэгч нарыг хэзээ зарлах вэ, зээлүүд хэр төлөгдөж байгаа болон нөхцөл байдал хэр байгаа талаар мэдээлэл өгнө үү?

- Хөгжлийн банкны хувьд нөхцөл байдал тун хүнд байна. Манай нийт зээлийн актив 3.2 их наяд төгрөг байдгаас Монголбанкнаас шалгалт хийгээд одоогийн байдлаар 1.7 их наяд төгрөгийн зээлийн багцыг чанаргүй гэсэн дүгнэлт гаргаж өгсөн. Түүнчлэн 200 тэрбум төгрөгийн зээлийг эргэлзээтэй гэх ангилалд оруулсан. 

Бид хуулийн дагуу ажилладаг мэргэжлийн банк тул арга хэмжээгээ авч яваа. Нийт 880 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг шүүхэд өгсөн бөгөөд эхнээсээ шийдвэрүүд гарч байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа ШШГЕГ-руу шилждэг.

Хөгжлийн банкны зүгээс ил тод, шударга ажиллах зарчмын хүрээнд чанаргүй зээлдэгчийн мэдээллийг веб сайтдаа байршуулсан. Өөрөөр хэлбэл, шүүхэд хандсан нэрс болон мэдээллийг нээлттэй тавьсан.

Бид зээлдэгч нартай ажиллаад, эхнээсээ зээлийг нь төлүүлж байгаа. Өнөөдөр гэхэд 8.5 тэрбум төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн. Зээл төлөгдөхгүй байвал үе шаттай шүүхэд шилжүүлэх бөгөөд тэр болгондоо веб сайтдаа ил тод мэдээлж явах болно.

- Зээл төлөгдөхгүй байвал ямар эрсдэлүүд үүсэх вэ?

- Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит банк. Бодлогын банк гэдгээрээ бусад арилжааны банкнаас ялгаатай. Гаднаас бонд болон урт хугацаатай зээлийн эх үүсвэр бүрдүүлж, түүнийгээ том төсөл санхүүжүүлэх үүрэг хүлээсэн.

Эдгээр зээлүүд төлөгдөхгүйн улмаас Хөгжлийн банк дунджаар найман хувийн эх үүсвэрийн зардал гадна талдаа төлж, алдагдал хүлээж яваа. Зээл төлөгдөхгүй явсаар манай банк ирэх жил төлөх 800 сая ам.долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрвэл энэ өр улсад шилжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдгээр зээлдэгчийн өрийн өмнөөс гадаад өр төлбөрөө барагдуулна гэсэн үг. Тийм учраас Хөгжлийн банкны зүгээс эдгээр чанаргүй активын эздийг зээлээ төлөхийг уриалж байна.

Гадаад эх үүсвэрээ төлж чадахгүй байдалд орох вий гэж Хөгжлийн банк хамгийн санаа зовж байна.

- Барьцаа хөрөнгөнд нь үнэлгээ хийж байгаа байх. Хэд орчим хувийн барьцаа хөрөнгө байхгүй болсон бэ?

- Хөгжлийн банк 2011 онд байгуулагдаад өнгөрсөн хугацаанд цугласан чанаргүй актив энэ юм. Энэ хугацаанд зээлээ төлөхгүй яваад байхаар барьцаа хөрөнгийн чанар нь алдагдаж, элэгдэлд орж байна. Бид банкны хууль дүрмийн дагуу байнга үнэлгээ хийж, шинэчилж явдаг. Сүүлийн үнэлгээгээр манай нийт барьцаа хөрөнгийн 25 орчим хувь нь байхгүй болчихлоо гэх дүгнэлт гарсан. Цаасан дээрээ барьцаа мэт харагдавч бодит байдал дээр барьцаа биш болчихсон жишээнүүд их байна.

Бид барьцааг нь шууд хурааж авах хууль байхгүй болохоор заавал шүүхээр шийдвэрлэдэг. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдана, дараагаар нь ШШГЕГ дээр очно гэх мэтээр олон жилийг туулдаг.  

Энэ бүх хугацаанд Хөгжлийн банк гадна талд босгосон санхүүгийн эх үүсвэрийнхээ хүүгийн зардлаар алдагдал хүлээгээд яваад байгаа хэрэг.

Mass.mn-ы шууд дамжуулалтаас авав.