Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Үжин: Кинонд тоглосноосоо хойш энэ урлагт хүчтэй татагдаж, хайртай болсон шүү

Д.Саруул, Өдрийн сонин
2022 оны 1 сарын 24
Өдрийн сонин
 
Зургийг хувийн архиваас авав

Залуу жүжигчин Б.Үжинтэй ярилцлаа. Тэрээр жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Б.Мишээлийн төрсөн дүү юм. Түүний хувьд саяхан дэлгэцнээ гарсан "Манайд нэг удаа" инээдмийн киноны гол дүрийг бүтээсэн билээ.

- Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Буянжаргалын Үжин гэдэг. Б.Дөлгөөн, Б.Мишээл гэдэг хоёр эгчтэй айлын бага охин. Удахгүй Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэх гэж байна.

- Нэлээд хөдөлгөөнтэй охин байсан байж магадгүй юм, багадаа?

- Тийм ээ. Багадаа их хөдөлгөөнтэй, дүрсгүй хүүхэд байсан. Хөвгүүдтэй найзалж нөхөрлөдөг эршүүд гэх юм уу даа. Одоо ч найзуудын маань ихэнх нь хөвгүүд. Мишээл эгчтэйгээ угаалгын өрөөнд саван, шампуниа өрж тавиад нэвтрүүлэг хийж тоглодог байж билээ.

- Үжин ямар зан чанартай вэ?

- Нээлттэй. Олон нийттэй харьцах дуртай. Шударга, хэлэх гэсэн санаагаа зөвөөр ойлгуулж хэлж чаддаг. Бас их эрх.

- Удахгүй сургуулиа дүүргэх гэж байна. Мэргэжлээ сонгосон уу?

- Сэтгэл зүйч болох хүсэлтэй. Гэхдээ кинонд тоглосноос хойш бодол маань өөрчлөгдөж жүжигчин болохоор шийдсэн. Удахгүй БНСУ-д жүжигчний мэргэжлээр сурахаар бэлдэж байна. Хэрвээ бүтэхгүй бол Б төлөвлөгөөгөөрөө сэтгэл судлалаар сурна гэж бодож байгаа.

- Олон төрлийн авьяастай юм шиг байна лээ. Тийм үү?

- Багаасаа цэнгээнт, чөлөөт бүжгээр хичээллэсэн. Сургуулийнхаа урлагийн үзлэгээр ангийнхаа бүх бүжгийг өөрөө дэглэдэг. Мөн гитар тоглож чадна. Ер нь тал бүрийн авьяастай (инээв).

Спортын хувьд одооноос суралцаж байгаа. Энэ зун бокс, усан сэлэлтээр хичээллэсэн. Ер нь юм юмыг сонирхож туршиж үзэх дуртай.

- Эмэгтэй хүний хүмүүжил, ёс суртахууны талаар ямар бодолтой явдаг вэ?

- Эмэгтэй хүнийг ухаантай байгаасай л гэж хүсдэг. Өдийг хүртэл ээж, эгч нараа харж өсөхдөө эмэгтэй хүн ухаантай байж, аливаа юманд тэвчээртэй хандаж чадвал ямар том амжилт, аз жаргалд хүрч болохыг мэдэж авсан.

 
Зургийг хувийн архиваас авав

- Аав, ээжийнхээ тухай ярихгүй юу. Гурван охинтойгоо нэлээд дотно байдаг болов уу?

- Аав, ээж хоёр маань хувиараа бизнес эрхэлдэг. Манай гэр бүлийн хувьд нэгнээсээ нууж хаах зүйлгүй, илэн далангүй ярилцаж, ойлголцож чаддаг халуун дулаан уур амьсгалтай.

Багаасаа л аав ээж хоёроосоо юу ч нуулгүй найз шиг ярилцаж ирсэн. Хоёр эгч маань ч тийм. Охин хүүхэдтэй сайн ярилцаж ойлголцож чадвал их түшиг тулгуур болдог юм шиг санагддаг.

- Танай хоёр эгч хоёулаа үзэсгэлэнтэй бүсгүйчүүд шүү?

- Ууган эгчийг Б.Дөлгөөн гэдэг. Өндөр боловсролтой, маш их мэдлэгтэй, ухаантай тэвчээртэй их үзэсгэлэнтэй сайхан бүсгүй бий. 2007 онд Манжуурын мисс тэмцээнд гуравдугаар байранд шалгарч байсан. Хүмүүс надтай их адилхан гэдэг.

Харин дунд эгч маань СТА, жүжигчин Б.Мишээл. Хүмүүс сайн мэдэх байх. Эгч нар маань их авьяастай, намайг ойлгож тусалж дэмждэг мундаг хүмүүс бий.

- Ээж тань охиддоо юу захидаг вэ?

- "Ер нь байнга ээжтэйгээ ярилцаарай. Би чамтай ярилцаж санаа бодлоо хуваалцана уу гэхээс чиний шийдвэрийг эсэргүүцэж хориглохгүй" гэдэг.

Хамгийн сүүлд надад нэг гоё үг хэлсэн. Тэр нь их сэтгэлд хүрч их юм бодогдуулсан. "Хамгийн чухал нь чамд юу оногдсон биш, оногдсон зүйлээ хэрхэн ашиглах нь чухал" гэж хэлсэн.

- Их нухацтай үг байна шүү?

- Тийм ээ.

- "Манайд нэг удаа" инээдмийн кинонд гол дүр бүтээжээ. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

- Анхны кино байсан. Айсан, сандарсан, догдолсон олон мэдрэмжүүдийг нэг дор мэдэрсэн. Мундаг том жүжигчидтэй хамтарч ажиллаад киногоо амжилттай нээж үзэгчдийн хүртээл болгосондоо маш их баяртай байгаа.

 
Зургийг хувийн архиваас авав

- Киноны санал ирэхэд яаж хүлээж авсан бэ?

- Жүжигчин Жанчив ах нэг өглөө залгаад "Үжин нэг ийм кино байна. Чи дүр бүтээх үү" гэж асуусан. Би өөрөө их дуртай байсан болохоор зөвшөөрсөн.

Тэгээд очоод уулзтал кино зохиолч, найруулагчаар Д.Хүрэлхүү, Ө.Мөнх-Эрдэнэ ах ажиллаж байсан. Хоёр ах маань "Чамд итгэж байна, чи чадна" гээд намайг шалгалгүй шууд л зураг авалтдаа орсон. Ямар ч туршлагагүй надад итгэж найдаж ийм гоё киноны гол дүр өгсөнд их талархдаг.

- Кино зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

- Нийт 14 хоног зураг авалт үргэлжилсэн. Би кино зураг авалт их хэцүү, сунжирсан байдаг болов уу гэж бодсон чинь найруулагч маань хурдан хугацаанд шахаад авчихсан. Тэр нь их амар байсан л даа. Учир нь би хичээлийнхээ дундуур чөлөө аваад зураг авалтдаа орж байсан. Эхний хэд хоног гэр хороололд зургаа авсан. Тэр үеийн сценүүд их сонирхолтой байсан. Шинэ зүйл сурч мэдэж авсан. Дараагаар нь хотын зураг авалтаа аваад дуусгасан.

- Хүнд сцен байсан уу?

- Кино эхлээд миний орноос чирүүлж унадаг хэсэг байдаг. Тэр хэсэгт орлон тоглогч тоглуулах уу гэхээр нь “Үгүй би өөрөө тоглоно" гээд хоёроос гурван удаа орноос унасан. Тэгсэн дараа нь хавирга хавьцаа хөхрөөд хөндүүр болчихсон байсан шүү. Бас уйл гэсэн, тэгэхэд жаахан эвгүй, учраа олохгүй байсан тал бий.

- Инээдмийн кино учир зураг авалтын үеэр хөгжилтэй зүйл олон л тохиолдсон байх даа?

- Тэгэлгүй яах вэ. Кино маань инээдмийнх учир сцен бүр их хөгжилтэй байсан. Хамт олон маань ч эрч хүчтэй, гал цогтой хүмүүс. “Стори хийх гэсэн чинь үнэртэй ус үнэртээд байх юм. Үжин унгачихсан уу?” гэх мэтээр 3. Онон эгч маань намайг хөөргөж надаар их тоглодог байсан (инээв). Ер нь маш гоё хамт олонтой 14 хоногийг өнгөрүүлсэн дээ.

- Кинонд тоглосныг тань анги хамт олон, багш нар нь хэр хүлээж авсан бэ?

- Сургуулийн маань багш нар намайг ер нь сайн дэмждэг. Урлагт дуртай, хайртайг минь ч ойлгодог. Сургууль маань татгалзаж дургүйцэж хүлээж авсан зүйл огт байгаагүй. Кино нээлтээ хийсний дараагаар ангийн багш, хамт олон маань "Ангиараа очиж үзнэ ээ. Баяр хүргэе. Мундаг байна" гэсэн. Маш том урам зориг авсан.

- Кинонд тоглосноос хойш хүмүүс таниад, олны анхааралд орсон мэт санагдах юм уу?

- Жүжигчин Мишээлийн дүү гэдгээр нь хүмүүс мэддэг байсан. Гэхдээ одоо бол тийм биш. Үжин гэдэг хувь хүн талаас нь илүү тодотгож таньдаг болсон санагдсан.

Харин зарим хүмүүсийн хэлж буй үгс, гадуур явж байхад энэ тэндээс дураараа зураг авах гэх мэт зүйлүүдээс болж сэтгэл зүйн хувьд жаахан аймхай болсон. Бусдаар бол нэг их өөрчлөлт мэдрэгдээгүй. Харин кино урлагт хүчтэй татагдаж, илүү хайртай болсон шүү.

 
Зургийг хувийн архиваас авав

- Кинонд тоглоход жүжигчин Мишээл юу гэж зааж зөвлөв?

- Кино нээлтийн үеэр эгч маань өвчтэй байсан тул ирж амжаагүй. Дараа нь Юнивишинд ороход нь үзсэн л дээ. Тэгээд "Ямар мундаг юм бэ. Анхны кино гэхэд сайн болсон байна. Баяр хүргэе" гэсэн. Дэргэд минь үргэлж зааж зөвлөж найз шиг байдаг мундаг эгч нар байдагт их баярладаг. Үргэлж тэднээсээ зөв үлгэр дуурайлал авч суралцдаг.

- Цаашдаа ямар дүр бүтээхийг хүсэж байна?

- Үзсэн к-драмаасаа болоод ч тэр үү, бокс, тулаанд их сонирхолтой болсон. Тэгэхээр нэг тулаантай кинонд л дүр бүтээж үзмээр байна. Тэгээд бас хайр дурлалаас болж шаналж гуньсан тийм дүрийг бүтээж үзмээр санагдсан. Миний чадварыг сорьж илүү намайг хөгжүүлэх болов уу гэж бодож байна.

- Дахиад санал ирвэл кинонд тоглоход бэлэн байгаа байх нь ээ?

- Кино зохиолоо сайн уншаад, найруулагчийг нь харж байгаад шийднэ. Мөн өөрийнхөө цаг завыг зохицуулна. Төгсөх анги учир хичээлдээ сайн анхаарахгүй бол болохгүй.

- Киноныхоо дууг та өөрөө дуулсан. Дууных нь хувьд хэр их сонсогчдод хүрч байна вэ?

- Зураг дуусахаас гурав хоногийн өмнө найруулагч "Чи киноныхоо дууг өөрөө дуулах уу. За...ер нь чи дуулна шүү" гэсэн. Би өөртөө итгэлгүй чадах болов уу гэж их айсан.

Тэгээд маргааш нь Батух багш маань залгасан. Манай сургуулийн цахилгаан хөгжмийн багш л даа. Тэгээд дуугаа сонсож үзээд их таалагдсан учир оролдож үзэхээр шийдсэн. Дууны үгийг Батух багш бичсэн. Гэхдээ надаа тааруулаад өөрчилж болох байсан ч надад таалагдсан учир үгийг нь өөрчлөлгүй хамтдаа дуулсан.

Зураг