Америкийн технологийн аварга компани Майкрософт бараг $70 тэрбумаар Activision Blizzard компанийг худалдан авч байгаагаа өчигдөр зарлажээ.
Activision Blizzard нь Call of Duty, World of Warcraft, Candy Crash зэрэг алдартай компьютер тоглоомуудын паблишер (зах зээлд гаргасан) компани юм.
Майкрософт тус компанийг $68.7 тэрбумаар худалдаж авахдаа төлбөрт нь дан бэлэн мөнгө оролцуулахаар тохиролцжээ. Энэ бол компьютер тоглоомын төдийгүй нийт технологийн салбарын түүхэнд байгаагүй өндөр дүнтэй наймаа юм.
Майкрософтын өмнөх хамгийн том наймаа нь 2016 онд LinkedIn-ийг $26 тэрбумаар авсан тохиолдол байжээ.
Харин технологийн салбарын түүхэнд бичигдсэн өмнөх хамгийн том нь 2015 онд Dell компани дижитал сторэйж үйлдвэрлэдэг EMC компанийг $67 тэрбумаар авсан наймаа юм.
Xbox үйлдвэрлэгч Майкрософт бол компьтер тоглоомын орлогоороо Хятадын Tencent, Японы Sony компаниудын дараа дэлхийд гуравт бичигддэг том компани.
“Компьютер тоглоом бол энтертайнмэнт салбарын хамгийн ирээдүйтэй, хүчирхэг хэсэг бөгөөд метаверс платформын хөгжилд гол үүрэг гүйцэтгэх юм” гэж Майкрософтын гүйцэтгэх захирал Сатья Наделла хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!