Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунд 2,500 гаруй иргэн хамрагдаад байна. Харин гуравдугаар тунг 930,000 гаруй иргэн хийлгэжээ.
Омикрон хувилбарт халдварын давлагаанд вакцины бүүстер тун үр дүнтэй байх нь дотоод болон гадаадын судалгаануудаар нотлогдсон.
Тухайлбал, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад Омикроны давлагаа хүндрэл, нас баралт багатай явагдсан. Үүний үндсэн шалтгаан нь вакцин хийлгэсний дараа эсрэг төрөгчийн хэмжээ эрчимтэй нөлөөлсөн гэдэг нь олон судалгаагаар нотлогдсон.
Мөн Омикрон хувилбарын эсэд нэвтрэх чадвар дельтагаас эрс нэмэгдсэн. Хүний эсийг байшинтай зүйрлэвэл Омикрон хувилбар тухайн байшинд онгорхой хаалгаар нь орж байгаа мэт маш хялбар нэвтэрч байгаа. Тиймээс ч маш олон эрдэмтэн судлаачид Омикрон хувилбарын нөлөөгөөр вакцины хамгаалах чадвар буурах байх гэж эмээж байсан юм.
Хэдийгээр тус хувилбарын эс рүү нэвтрэх чадвар илүү ч вакцины бүүстер буюу гурав болон дөрөвдүгээр тунгийн нөлөөгөөр дархлааны эсүүд олширсон учраас богино хугацаанд таньж, халдварлагдсан эсийг устгаж байгаагийн зэрэгцээ, эсрэг төрөгчийн хэмжээ нэмэгдэж байгаа.
Ийм шалтгаанаар Израил улс дөрөв дэх тунг хийх шийдвэр гаргасан. Манай улс ч мөн гадаад болон дотоодын судалгаанд үндэслэж, гурав дахь тунг хийлгэснээс гурван сарын дараа дөрөв дэх тунг хийлгэх боломжтой гэсэн зөвлөмж гаргасан.
Омикрон хувилбарын давлагааны үед гэр бүлийн нэг гишүүн өвдсөн тохиолдолд бусад нь 100 хувь өвдөх эрсдэл бий.
Тухайлбал, Япон улсад гэр бүлийн нэг гишүүн нь эерэг гарсан тохиолдолд бусад нь шинжилгээ өгөх шаардлагагүй гэсэн зөвлөмжийг гаргаж байгаа. Учир нь халдвар маш их өссөн учраас нууц хугацаанд нь буюу халдвар авснаас хойш 24-48 цагийн дотор л гэр бүлийн бусад гишүүд нь халдвар авсан байх магадлалтай" гэв.
Үргэлжлүүлэн "Тус хувилбарын үед гэр бүлийнхнийгээ тусгаарлана. Мөн өөрөө шинж тэмдгийн эмчилгээгээ хийнэ.
Дельта давлагааны үед иргэд маш богино хугацаанд шинж тэмдэггүй хэлбэрийн хатгаа болж байсан бол Омикроны үед шинж тэмдэг нь тод байх ч хатгаа болохгүй байгаа. Тиймээс бид зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэх мэт эрсдэлт бүлгийн иргэдийг эмнэлэгт хэвтүүлнэ. Бусад иргэд гэртээ шинж тэмдгийн эмчилгээ хийх зохицуулалт хийнэ.
Ер нь ямар ч өвчлөл шинж тэмдэг нь илүү тод байх тусам хөнгөн байдаг онцлогтой. Гэхдээ өмнө нь огт вакцин хийлгээгүй ч өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэйг хэлье.
Мөн нэгдүгээр тунтай бол 100 хувь, хоёр болон гуравдугаар тунг хийлгээд гурван сар өнгөрсөн бол 100 хувь өвчлөх эрсдэлтэй. Түүнчлэн халдвараар өвчилснөөс хойш вакцин хийлгээгүй бол мөн Омикрон халдвараар өвчлөх эрсдэл бий. Учир нь тусаад эдгэрсний дараа тогтсон дархлаа Омикрон хувилбар хангалттай хамгаалж чадахгүй.
Харин өвчилсний дараа вакцин хийлгэсэн буюу хайбрид дархлаатай болсон иргэд Омикроны давлагаанаас маш сайн хамгаалагдаж байгаа гэх мэдээлэл байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!