Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төлөвлөгөө ОХУ, БНХАУ-ын төрийн бодлогод тусгагдаагүй. ОХУ-ын Сибирь дэх байгалийн хийн нөөц, ордуудыг ашиглах, дамжуулах “Дорнын хийн хөтөлбөр” /Восточная газовая программа/-ийн бодлого, төлөвлөгөө 2017 онд батлагдсан. Энэ хүрээнд Зүүн Сибирь, Алс Дорнодын хийн нөөцийг ашиглах, тээвэрлэх, түгээх, ЗХА, БНХАУ-д экспортлох байгалийн хийн ордуудыг хөгжүүлэх асуудал тусгагдсан. Харин Монголоор дамжуулах хувилбар түүнд тусгагдаагүй.
Монгол Улсаар дамжих асуудалд БНХАУ өнөөг хүртэл “судлах шаардлагатай” гэдгээс өөр албан ёсны байр суурь илэрхийлээгүй. БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө (2021-2025 он) болон бусад зарчмын шийдвэрт хийн хоолойн асуудал ерөнхий хэлбэрээр тусаж, Монголын нутгаар дайруулах хувилбар төлөвлөгдөөгүй. ОХУ-БНХАУ-ын хооронд шинэ төслийн талаар тодорхой гэрээ, хэлэлцээр хийгдээгүй байгаа. Харин Монголын талд хийн хоолой баригдах асуудал Монгол Улсын “Алсын хараа 2050” баримт бичигт тусгагдсан байгаа.
Гурван улсын эдийн засгийн коридорын төсөлд багтаагүй. БНХАУ-ын Бүс ба Зам санаачилга, ОХУ-ын Евразийн холбоо, Монгол Улсын Хөгжлийн зам санаачилгыг холбосон эдийн засгийн коридорын дагуу хэрэгжүүлэх 32 төсөлд байгалийн хийн хоолой төсөл багтаагүй.
ОХУ-БНХАУ-ын хийн хоолойн өртөг, зардлын асуудал тодорхойгүй. Сибирийн хүч-2 хоолойг Монголоор дамжуулах болбол Ямал, Уренгойн ордуудаас Красноярск, Эрхүү, Улаан-Үүд чиглэлд, ингэхдээ Сибирийн зэлүүд тайга, намгаар шинээр 2000 км урт хоолойн бүтээн байгуулалт хийх шаардлагатай, энэ нь зардал, өртөг өндөр. Үүнтэй харьцуулахад Алтай төсөл буюу Сибирийн хүч-2 хоолойг өргөтгөх нь үүнээс хямд тусна, учир нь уг хоолой хэдийн Уренгой, Новосибирск, Горноалтайск гээд дэд бүтэц сайн хөгжсөн газар хүрээд байгаа гэх санал шүүмжүүд гардаг.
Монголын нутгаар тавих бол хоолойн зардал, аль тал ямар нөхцөлтэйгөөр уг зардлыг гаргах нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Түүнчлэн дэд бүтцийн бусад объектуудыг барих зардлын хэмжээ, хэн санхүүжүүлэх, хэний эзэмшилд үлдэх, хий дамжуулах төлбөрийн хэмжээ, төлбөрт дэд бүтцийн бусад томоохон төслийн хөрөнгө оруулалт хэлбэрээр тооцох зэрэг олон асуудал гарна.
Оросоос Хятад руу нийлүүлж буй хийн үнэ хямд. Сибирийн хүч-1 хоолойгоор БНХАУ-д нийлүүлж байгаа хий хэт хямд, экспортын хөнгөлөлт ихтэй тул ОХУ-д ашиггүй гэж ОХУ-ын судлаачид шүүмжилдэг. Хэлэлцээр хийх үед 1 сая шоо метрт 350 ам.доллар гэж яригдаж байсан бол 200 орчмоор нийлүүлж тэр нь хямдарсаар 2021 онд 118.5 ам.доллар болсон. Энэ үнэ байгалийн хийн өнөөгийн Ази, Хятадын зах зээлийн ханш болох 450-580 ам.доллароос 2.5-3 дахин бага. Хямд үнэ БНХАУ, Монгол Улсад ашигтай боловч хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа уртасна.
Хийн хоолойн завсрын том хэрэглэгч байхгүй. Хийн хоолойн эдийн засгийн үр ашиг завсрын хэрэглэгч байхаас ихээхэн хамаардаг. Гэтэл Ямал, Уренгойгоос татсан хоолойд Красноярск, Эрхүү, Улаан-Үүд, Монгол Улс гээд маршрутын дагууд хийн томоохон хэрэглэгч байхгүй.
ОХУ-д өөр хувилбар бас яригдаж байгаа. БНХАУ руу татаад байгаа Сибирийн хүч-1 хоолойн эх үүсвэр болох Чаяндин, Ковыктагийн ордуудын нөөц, хүчин чадал төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй болсон хүндрэл гарсан тул Ямалаас хоолой татаж нэмэгдүүлэх шаардлага үүссэн бололтой. Тэгвэл Ямал-Чаяндины ордуудыг шууд холбоод Монголоор дамжуулалгүй цааш Сибирийн хүч-1 хоолойг давхар шугам барьж өргөтгөх боломж байгаа. Газпром компани техник, эдийн засгийн шинжилгээг 2021 оны 4 дүгээр сард хийж дууссан.
Төв Азиас нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ нэмэгдэх. БНХАУ-ын дэмжлэгтэйгээр Афганистан болон Төв Азийн нөхцөл байдал тогтворжиж Туркменистан, Иранаас авах байгалийн хий, газрын тосны хэмжээ нэмэгдэх тохиолдолд ОХУ-аас хоолой татах тэр тусмаа Монголоор дамжуулах асуудал ач холбогдол багатай болно.
ОХУ-ын шинэ төслийн эрэлт хэрэгцээ. Дэд бүтцийн томоохон төслүүдэд оролцох нь бүлэглэл хоорондын өрсөлдөөн, их хэмжээний ашиг олох хэрэгсэл бөгөөд Умард урсгал-2, Түрэг урсгал, Сибирийн хүч-1, Крымийн гүүр зэрэг томоохон бүтээн байгуулалт дууссан тул шинэ төсөл хэрэгжүүлэх эрэлт үүсэж байгаа. Сибирийн хүч-2 төслийг Ямалаас Красноярск, Эрхүү, Монголоор дамжуулж БНХАУ хүртэл татах төсөл өртөг зардал ихтэй ч өндөр орлого олж болох тул түүнийг хэрэгжүүлэх сонирхол тэдэнд бий.
ОХУ-ын нөлөө бүхий компани Монгол Улстай хамтарч ажилладаг. ОХУ-ын эрчим хүчний томоохон компани Интер РАО Монгол Улсад цахилгаан станцын өргөтгөл хийх тухай хэлэлцээр хийж байгаа. Интер РАО компанийн гол хувьцаа эзэмшигч нь Роснефтегаз. Роснефтегаз компани Интер РАО-аас гадна Роснефть, Газпром компаниудын томоохон хувьцаа эзэмшигч тул хийн хоолой барих шийдвэрт нөлөөтэй. Интер РАО компанийн захирал нь Б.Ковальчук ба түүний аав Ю.Ковальчук нь санхүү, эдийн засгийн шийдвэрт нөлөө бүхий “Россия” банкны захирлуудын зөвлөлийн дарга. Интер РАО хийн хоолой барих үйл явцтай зэрэгцээд Монголын эрчим хүчний салбарын шинэчлэлд оролцох сонирхолтой байгаа.
Хийн хоолойн альтернатив хэрэглээ. Хэтдээ улс орнуудын эрчим хүч устөрөгч рүү шилжих төлөвлөгөөтэй. Гэхдээ байгалийн хийн хоолойгоор устөрөгч тээвэрлэх боломжтой тул одооноос ч хийтэй хольж, цаашлаад дангаар нь дамжуулах тул хоолойн ач холбогдол, геостратегийн үнэ цэн буурах бус улам нэмэгдэхээр байна. Хэрэв Монголоор хоолой татвал хий гэхээсээ, ирээдүйд устөрөгч дамжуулах стратегийн ач холбогдолтой болно.
Монгол, Орос хоёр талын хүрээнд ажил ахицтай байна. Монгол, Орос талууд “Харилцан ойлголцлын санамж бичиг” болон “Эрмэлзлийн санамж бичиг” байгуулсан. Маршрутаа тогтсон. ТЭЗС хийж дууссан, ТЭЗҮ-ийг 2021 оны эцэст дуусгана. Төслийг хэрэгжүүлэгч гурван улсын аж ахуйн нэгжүүд тодорхой болж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Хийн хоолой барих асуудал хоёр хөршийн улс төрийн нөлөөллийн хэрэгсэл болох. ОХУ-ын зүгээс ШХАБ, ХАБГБ, ЕАЭЗХ-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх, нөлөөллөө нэмэгдүүлэхэд идэвхийлж байгаа. ОХУ 2020 онд ХАБГБ-д элсэх саналыг Монгол Улсад тавьсан. Түүнчлэн гурван улсын харилцааны асуудлыг ШХАБ-ын хүрээнд ярилцахыг хоёр хөрш санал болгодог. Монгол Улсаар дамжуулж төмөр зам, газрын тос, байгалийн хий, эрчим хүчний шугам барих асуудлыг ШХАБ-ын гишүүн болох улс төрийн асуудалтай уялдуулдаг. Үүнтэй холбоотой ШХАБ-д гишүүнээр элсэх, Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах асуудлууд хөндөгдөнө.
Хийн хоолойн эдийн засгийн асуудал улс төрийн нөлөөллийн хэрэгсэл болох. Хийн хоолойн бүтээн байгуулалтын зардал хаанаас гарах, цаашлаад хэний эзэмшилд үлдэх, дамжуулалтын төлбөр, өртөг яаж хийгдэх вэ гэсэн эдийн засгийн асуудлууд улс төрийн нөлөөллийн хэрэгсэл болохоор байна. Хийн хоолой Монгол Улсын эзэмшилд /Украины нэг адил/ үлдэх, эсхүл Беларусийн нэг адил ОХУ-ын эзэмшилд үлдэх зэрэг нь улс төрийн харилцан адилгүй үр дагавартай байх болно.
Хийд шилжиж, импортын түүхий эдээс хамааралтай болох. Монгол Улс завсрын том хэрэглэгч байж чадахгүй, байгалийн хийн жилийн хэрэглээ өслөө гэхэд 3-3.5 тэрбум шоо метрээс хэтрэхгүй. Харин боловсруулах үйлдвэрлэл хөгжиж, агаарын бохирдлыг бууруулах үүднээс хэрэглэж эхэлбэл дорвитой нэмэгдэх боловч импортын түүхий эдээс хамааралтай болох эрсдэл бий.
Монгол Улсын хувьд стратегийн баланс хадгалах сорилттой тулгарч болзошгүй.
ОХУ-ын Ази руу чиглэсэн бодлого идэвхэжсэн. 2014 онд Крымийн асуудлаас үүдэж ОХУ-ын эдийн засагт их гүрнүүд хориг тавьсантай холбоотой тус улсын Ази руу чиглэсэн бодлого идэвхэжсэн. ОХУ нь АНУ, ЕХ-той хийн асуудлаар сөргөлдөөнтэй, хориг арга хэмжээ авагдсан, Украинаар хий дамжуулах хэлэлцээр асуудалтай гэх мэт нөхцөлүүдээс гадна Хятад, Зүүн Ази хийн томоохон зах зээл болоод буй.
Афганистаны нөхцөл байдал ба түүний нөлөө. Энэ нь БНХАУ-ын ШУӨЗО-д нөлөөлөх, Туркменистанаас татсан хоолойн аюулгүй байдал хүндэрч ОХУ-аас авч буй хийн хэмжээг нэмэгдүүлэх, тогтворгүй бүс нутагт ойр байх ШУӨЗО, Казахстанаар дамжуулахгүй байх, Монгол Улсаар дамжуулах сонирхол нэмэгдэнэ.
Ямалын байгалийн хийн илүүдэл. Европ руу нийлүүлж байсан Ямалын хийн илүүдлийг өөр чиглэлд экспортлохгүй бол ОХУ-ын төсвийн орлого тасрахаар байгаа. Үүнтэй холбоотойгоор ОХУ БНХАУ-д нийлүүлэх хийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Ийм ч учраас ОХУ-ын байр суурь өөрчлөгдөж Монгол Улсын нутгаар тавих тухай асуудал бодитоор хөндөгдөж, тодорхой мэдэгдлүүд хийгдэж эхэлсэн.
ОХУ-ын томоохон бүлэглэлүүдийн эдийн засгийн ашиг сонирхол. Дээр дурдсанчлан ОХУ-д шинэ төсөл хэрэгжүүлэх сонирхол бий. Учир нь дэд бүтцийн томоохон төслүүдэд оролцох нь бүлэглэл хоорондын өрсөлдөөн, их хэмжээний ашиг олох хэрэгсэл болдог. Сибирийн хүч-2 төслийг Ямалаас Красноярск, Эрхүү, Монголоор дамжуулж БНХАУ хүртэл татах төсөл өртөг зардал ихтэй ч өндөр орлого олж болох тул түүнийг хэрэгжүүлэх сонирхол тэдэнд бий.
Устөрөгчийн шинэ эрин ба хийн хоолой. ЕХ болон БНХАУ устөрөгчийн шинэ эдийн засагт шилжих стратегийн бодлогоо баталж, үүний хүрээнд хийн хэрэглээ буурна. Гэхдээ устөрөгчийг байгалийн хийнээс гаргаж авах тул хийн олборлолт буурахгүй. Мөн хийн хоолойгоор устөрөгчийг байгалийн хийтэй хамт, алсдаа дангаар нь дамжуулах тул өнөөгийн ашиглагдаж байгаа болон баригдаж эхлэх хийн хоолойн хэрэгцээ, ач холбогдлыг бууруулахгүй.
Хятадын талд сонирхол бий. Хятадын талаас хойд бүс нутгуудад улирлын хэрэглээг хангаж чадахуйц байгалийн хийн хангамж хэрэгтэй тул Монгол улсаар баригдахаар яригдаж байгаа хийн хоолой ач холбогдолтой болох юм.
Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг Монголын талаас 30 гаруй жил хөндөж ирсэн. Харин сүүлийн 3 жилд уг асуудал ихээхэн урагштай байна. Үүнд дараах хүчин зүйлс нөлөө үзүүлжээ.
Олон улсын түвшинд: Байгалийн хий, газрын тосны геостратегийн тогтоц өөрчлөгдөж, шинэ дахин хуваарилалт эхэлсэн.2018 онд АНУ газрын тосны 75 жил үргэлжилсэн хараат байдлаасаа гарч импортлогч бус цэвэр экспортлогч улс болсныг зарласан. Улмаар АНУ дэлхийн хийн нийлүүлэлтийн 5%-ийг экспортолж байсан бол 25%-д хүргэх зорилгодоо 2021 оны эхний хагаст хүрлээ. Ингэснээр байгалийн хий, газрын тосны уламжлалт геостратегийн тогтоц, эрэлт хэрэгцээ, хэрэглэгчдийн газарзүйн байршил, тээвэрлэх, дамжуулах шугамууд эрс өөрчлөгдөх геоэдийн засгийн хүчин зүйлс бий болов.
Энэхүү шинэ тогтоц геополитик, геостратегийн шинэ эсгүүрийг тодорхойлж эхэллээ. Газрын тос, байгалийн хийн асуудал АНУ, БНХАУ-ын худалдааны дайны нэг хэсэг нь болсон. Улмаар хоёр улсын хүрээнээс даван Европын холбоонд “хоёрдугаар фронт” хэлбэрээр түгж, ОХУ-ын эсрэг хоригоо чангатгах зэрэг сүүлийн үед өрнөсөн үйл явдлуудаас харагдаж байна. Ийнхүү байгалийн хий, газрын тосны геостратегийн тогтоц өөрчлөгдөж, шинэ дахин хуваарилалт эхэлсэн нь ОХУ-ыг стратегийн шинэ шийдвэр гаргахад хүргэж байна.
Үүнээс гадна эрчим хүчний хэтийн чиг хандлага улс орнуудын бодлого үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байна. Ойрын 30 жилд нүүрстөрөгчийн эрин үе халагдаж, цахилгаан тээвэр, устөрөгчийн эрин үе эхэлнэ. Үүнийг Европ түүчээлж, нүүрстөрөгчийн эх үүсвэр, байгалийн хийн хэрэглээнээс татгалзан, устөрөгчийн цэвэр эх үүсвэрт шилжих шийдвэр гаргасан тул ОХУ байгалийн хийн үлэмж нөөцөө БНХАУ, Зүүн Азид чиглүүлэх шаардлагатай болж байна. БНХАУ, Зүүн Ази устөрөгчийн хамгийн том зах зээл болно. Байгалийн хийн хоолойгоор устөрөгч тээвэрлэх боломжтой тул хийн хоолой ирээдүйд устөрөгч дамжуулах стратегийн ач холбогдолтой болно.
Бүс нутгийн түвшинд: АНУ, Хятадын худалдааны дайн хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбараас хальж улс төр, цэргийн салбар дахь сөргөлдөөнд шилжвэл Персийн булан, Малакийн хоолой, Өмнөд Хятадын тэнгис, Тайванийн хоолой зэрэг Энэтхэг, Номхон далайн тээврийн шугам эрсдэлтэй болох тул БНХАУ-ын хувьд эх газрын хийн хоолойн нийлүүлэлт стратегийн чухал ач холбогдолтой юм.
Төв Азийн чиглэлд Афганистантай холбоотой хоёр янзын нөхцөл үүснэ. Нөхцөл байдал даамжирвал Төв Азийн тогтворгүй бүс нутагт ойр байх Туркменистанаас Хятад руу татсан хоолойн аюулгүй байдал хүндэрч, БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учирна. Энэ нөхцөл байдал БНХАУ, ОХУ хоёр орныг шинэ хийн хоолой барихыг түргэсэхэд хүргэж, ШУӨЗО, Казахстанаар дамжуулах сонирхол буурах тул өмнө нь Сибирийн хүч-2 төсөлд хүлээцтэй хандаж байсан БНХАУ-ыг ОХУ-тай хий нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргахад нөлөө үзүүлнэ. Харин эсрэгээрээ БНХАУ-ын дэмжлэгтэйгээр Афганистаны болон Төв Азийн нөхцөл байдал тогтворжвол Туркменистан, Иранаас авах байгалийн хий, газрын тосны хэмжээ нэмэгдэж, ОХУ-аас хоолой татах тэр тусмаа Монголоор дамжуулах асуудал ач холбогдол багатай болно.
Улсын түвшинд: ОХУ-ынЯмал, Уренгой ордуудад хийн олборлолтын илүүдэл бий болж, их хэмжээний алдагдал үүссэн нь дорно зүгт нийлүүлэлтээ нэмэгдүүлэх төслүүдээ эрчимжүүлэхэд хүргэсэн. Дорно талд нь Сибирийн хүч-1 хоолойн нөөц хүрэхгүй байх бэрхшээл үүсэж, тус хоолойн эх үүсвэр болох Чаяндин, Ковыктагийн төлөвлөсөн хүчин чадал хүрэлцэхгүй болсон гэх асуудал гарч Ямал, Уренгойн хийн илүүдэлтэй бүстэй холбож нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Ингээд Баруун Сибирийн Ямал, Уренгой, Зүүн Сибирийн Ковыкта, Чаяндин, Алс Дорнодын хийн ордуудыг холбож байгалийн хий олборлох, дамжуулах, боловсруулах дотоодын нэгдсэн систем бий болгож Европ, БНХАУ, Зүүн Азийн зах зээлд хийн экспортын хэмжээ, орлогыг нэмэгдүүлэх, Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн хийн хангамжийг сайжруулах зорилт тавьсан.
Дээрх нөхцөл байдал дээр сүүлийн жилүүдэд Крымийн гүүр, байгалийн хийн Умард урсгал-1, 2, Түрэг урсгал, Сибирийн хүч-1 хоолойн бүтээн байгуулалт дууссан тул шинэ том төсөл төлөвлөж, хэрэгжүүлэх сонирхол ч нэмэгдсэн. ОХУ-ын дээд удирдлагын бодлого, шийдвэрт нөлөө бүхий улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн өрсөлдөөний нэг талбар бол төсвийн хөрөнгөөр баригдах, өндөр ашигтай дэд бүтцийн томоохон төслүүд байдаг.
БНХАУ-ын хувьд хийн эрэлт, хэрэглээ нэмэгдсээр байна. 2020 онд Хятадын байгалийн хийн нийт хэрэглээ 324 тэрбум шоо метрт хүрсэн. 2030 он гэхэд тус улсын хийн зах зээлийн жилийн эрэлт 600 тэрбум шоо метр хүрнэ. 2020 оны байдлаар Хятадын байгалийн хийн импортын хамаарал 40 хувьтай байгаа ба цаашид хамаарлаа бууруулах арга хэмжээ авах ч хэрэглээ нь бараг 2 дахин өсөх хурдыг гүйцэх эсэх нь эргэлзээтэй. БНХАУ агаар, орчны бохирдлыг бууруулах, цахилгаан тээврийн хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулж эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хэрэглээг багасгаж байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх болсон.
***
Хятад-Оросын зүүн шугамын хоолой ашиглалтад орсноор ОХУ 2020 оноос Хятад руу хоолойгоор хий нийлүүлж эхэлсэн. ОХУ мөн далайгаар шингэрүүлсэн хий нийлүүлдгийг эс тооцвол Хятадын зах зээл дээр орж ирж буй шинэхэн тоглогч. Нэгэнт эхлэл тавигдсаны дээр цаашид ОХУ, БНХАУ-ын байгалийн хийн салбарын хамтын ажиллагаа улам нягтрах суурь хүчин зүйлс бүрэлдээд байна. Гадаад хүчин зүйлд олон улс, бүс нутгийн байдал хурцдаж, ОХУ-ын Европ дахь байгалийн хийн нийлүүлэлт, БНХАУ-ын Төв Азийн импортын хангамжийн аюулгүй байдлыг эрсдэлтэй болгож байна. Дотоодын хүчин зүйлд ОХУ байгалийн хийн төсөл хэрэгжүүлэн зах зээлээ тэлж ашиг орлогоо нэмэгдүүлэх, БНХАУ байгалийн хийн өсөн нэмэгдэж буй эрэлтээ хангах, импортын эх үүсвэрээ төрөлжүүлэх, тээврийн найдвартай байдлаа хангах хэрэгцээ шаардлага бий. Товчхондоо хоёр улсын ашиг сонирхол давхцаж байна.
Ийм дэвсгэр дээр ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудал эрчимжиж, бодит ажил хэрэг болох шатанд ороод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!