Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
БХБЯ

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн хуралдаан болжээ.

Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар хэлэлцсэн байна. Тухайлбал төрөөс дэд бүтцийг нь шийдэж барьсан “Буянт-Ухаа 2” хороололд хөгжлийн бэрхшээлтэй 50 хүний гэр бүл амьдарч байгааг НОСК-аас танилцуулсан.

Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа таван хувийн квотыг хангаж буй үзүүлэлт юм байна. Гэхдээ цаана нь орон сууцанд орох хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 200 иргэний өргөдөл шийдэгдээгүй байна. Цаашид ашиглалтад орох 10 мянган айлын “Залуус” хороолол, таван мянган айлын “Солонго” хороолол, Ногоон нуур орчмын “1,008” айлын орон сууц зэрэг нийт 20 мянга гаруй айлын орон сууцнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах аж.

Дээрх орон сууцнуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох таван хувийн квотыг 10 хувь болгон нэмэгдүүлэх чиглэлийг БХБЯ-наас барьж байгааг хурлын үеэр танилцуулсан.

Мөн өмчлөлийн болон эзэмшлийн хашааны газартаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн сууц барьж, ипотекийн зургаан хувийн зээлд хамрагдах нөхцөлийг 2022 оны эхнээс хэрэгжүүлэн ажиллах нөхцөл бүрдсэн зэрэг мэдээллийг өглөө. Дээрх ажлуудын биелэлтийг идэвхжүүлж, хангах чиглэлийг Зөвлөлийн даргаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм хэмээн Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.