Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батзориг: Сайн кинонууд төрөх аваас соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжих нь дамжиггүй

ikon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд тайз дэлгэцийн “Пөөдөө” хосолмол бүтээлийн үзэсгэлэн олон нийтэд хүрсэн. Төслийн хүрээнд хүүхэлдэйн жүжиг, олон ангит хүүхдийн нэвтрүүлэг, гэрэл зургийн үзэсгэлэн, хөгжмийн бүтээлийн концерт хийгдэж буйгаас гадна Монголын анхны “puppet movie” төрлийн бүрэн хэмжээний киног бүтээж буй.

Бид уг киноны найруулагч О.Батзоригтой уулзаж уг бүтээл болоод соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар ярилцлаа.

- Таны сүүлийн үед хийж байгаа уран бүтээлээр ярилцлагаа эхлүүлье. Та Монголын анхны “puppet movie” төрлийн бүрэн хэмжээний киноны найруулагчаар ажиллаж байна. Та уг бүтээлийн талаар манай уншигчдад танилцуулна уу?

- Өнгөрсөн нэгдүгээр сард Улсын хүүхэлдэйн театр кино уран бүтээлчдэд санал тавьж, шалгаруулалт зарласан юм. Нийт 16 студи, продакшн, кино найруулагчид оролцсоноос миний плот шалгарч “Пөөдөө” уран сайхны кинонд ажиллах завшаан тохиолоо. Кино зохиолоо гуравдугаар сард бичиж дуусмагцаа  кино бүтээх ажилдаа орсон. Хүүхэлдэйн театраас төслийн ерөнхий зураач С.Энх-Од, кино талаас ерөнхий зураач Г.Алтаншагай болон тус театрын уран бүтээлчидтэйгээ хамтдаа огт мэдэхгүй цоо шинэ ертөнцтэй нүүр тулсан нь “puppet movie” төрлийн кино бүтээх ажил байлаа. Зуны гурван сарын турш хүүхэлдэйн театрын жүжигчид маань уншлага бэлтгэлээ хийсэн. Харин кино зураачид маань тайз декорaц, Н.Төгөлдөр, Ф.Бямбаа тэргүүтэй хүүхэлдэй урлалын багийнхан дүрүүд дээрээ ажиллаж дуусаад есдүгээр сард зураг авалтаа эхэлсэн. Зураг авалтыг “Dream entertainment”, компьютер графикийг Ш.Тансаг хариуцан ажиллалаа. 

Нийт 44 хоног үргэлжилсэн нүсэр зураг авалтыг 70-80 орчим мэргэжлийн уран бүтээлчид, хамт олонтойгоо гүйцэтгэж дуусгалаа даа. Бүх зүйл нь шинэ байсан. Цаг тутам асуудалтай тулгарч байсан хэдий ч нэн сонирхолтой, шандас шалгасан ажлын ард  гарлаа. Одоо post production ид явагдаж байна.

- Та өмнө нь уран сайхны хэд хэдэн киноны зохиол бичиж, найруулагчаар ажиллаж байсан. “puppet movie” төрлийн киноны найруулагчаар ажиллах нь ямар ялгаа, онцлогтой байв?

- Миний хувьд “Хамгийн Сайхан нь”, “Шөнө Дундын Яриа-1, 2” зэрэг киноны зохиолыг бичиж, найруулсан нь амжилттай болсон. Дэлхийн кино урлагийн түүхэнд “puppet movie” төрлөөр нийт 70 орчим бүрэн хэмжээний кино хийгдсэн байдаг нь анхаарал татсан. Ази тивээс 1998 онд Тайвань улсад нэг кино хийсэн. Иймд манай “Пөөдөө” Азидаа хоёр дахь “puppet movie” төрлийн бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаа нь онцлог юм. Puppet гэдэг нь дүрүүдийг болон орчныг нь биет хүүхэлдэйн аргаар хийж, үлдсэн хэсгийг нь компьютер графикаар бүтээсэн уран сайхны кино  юм.

“Пөөдөө” бүрэн хэмжээний кино Азидаа хоёр дахь “puppet movie” төрлийн бүрэн хэмжээний уран сайхны кино болж байна.

Монгол Улсын Хүүхэлдэйн Театр нь “Пөөдөө” гэсэн томоохон төслийг хэрэгжүүлж байна. “Пөөдөө” кино маань цаашид жүжиг, 30 цуврал нэвтрүүлэг болно. Энэ бүхнийг санаачилсан продюсер Д.Отгонбаяр, мөн М.Отгончимэг даргатай тус театрын хамт олон үнэхээрийн их сэтгэл, эр зориг гарган ажиллалаа. Ийм төрлийн киног бүтээхэд асар их хөдөлмөр ордог. Киног бүтээх хугацаанд багийнхан маань Хүүхэлдэйн театрт байрлаж уртасгасан цагаар ажилласан. “Пөөдөө” кино маш сайн уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа Хүүхэлдэйн театрт уламжлал болгон тавигдсаар байх болно. Найруулагчийн ажлын хувьд чанга ч даваа байлаа.

 

- 2021 оны арваннэгдүгээр сарыг Соёлын яамнаас “Соёл урлагийн бүтээлч” сар болгон зарласан. Энэ хүрээнд кино урлагийн ямар ажлууд хийгдэж байна? 

- Бүтээлч гэдэг агуулга “Пөөдөө” кинонд нэвт шингэсэн. Манай кино зөвхөн зураг авалтдаа зориулж бүх өвс, навч, цэцэгсээ зааландаа тарьж, бүх дүрийг монгол аргаар эсгийрүүлж хийсэн нь хүүхэлдэйн урлагт цоо шинэ технологи авчирсан. Уул, хад зэрэг “large” зураг авалтуудыг бүгдийг нь мөн гараар бүтээсэн. 360 градус цэнхэр фоннтой зураг авалт хийсэн гэхчлэн яриад байвал барагдахгүй их ажлыг нугалжээ. Шан татаж, зам гаргасан, ШБОС болохоор бүтээлч ажлаар дүүрэн зураг авалт болсон. “Соёл урлагийн бүтээлч сар”-ын хүрээнд Хүүхэлдэйн театрын захиргаа, хамт олон Театрын музейд “Пөөдөө” киноны үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. 

- Соёлын яамнаас соёлын бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Манай улс кино урлагийг дэмжсэн хуультай ч  болсон. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд кино урлагийн оруулах хувь нэмэр асар өндөр гэж бодож байна. Найруулагч хүний хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд кино урлагийн үзүүлэх нөлөө хэр их гэж боддог вэ?

- Одоо цагт ерөөс бүх соёлын эхэнд кино урлаг зогсож байна. Монгол Улсын Засгийн Газар, Соёлын яам дэмжсэнээр “Пөөдөө” кино маань бүтсэн. Энэ бол тунхгийн бус бодит дэмжлэг. Төр кино уран бүтээлчидтэйгээ бодитоор хамтран ажилласнаар нэг тийм үүр цайж байгаа мэт мэдрэмж төрж байгаа.

Төр нь дэмжээд сайн кинонууд төрөх аваас, киног дагасан “next business” буюу соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа автоматаар хөгжих нь дамжиггүй.

“Пөөдөө” уран сайхны кино маань Соёлын яам болон Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Нийслэлийн Соёл Урлагийн газар зэрэг байгууллагын дэмжлэгээр бүтэж байгаад туйлаас талархаж байна.

- Киногоор дамжуулан үзэгчдэд ямар санаа хүргэхийг зорьсон бэ?

- Кино маань үзэгчдэд үндэсний соёл, уламжлалыг таниулах, Монгол хүүхэлдэйн баатрыг бий болгож хөгжүүлэх, эх орноороо бахархах, үнэнч шударга үзлийг төлөвшүүлэх зорилготой. Киноны нэрийн хувьд гол дүр нь сарлагийн тугал учир Пөөдөө гэж нэрлэсэн юм. Монгол орны зарим нутагт сарлагийн тугалыг Пөөдөө гэдэг.

 

- Таны бодлоор Монголын кино урлаг ямар түвшинд байна вэ? 

- Миний хувьд Монголын кино урлагийн түвшнийг дүгнэж, тодорхойлох хэмжээ, цаг арай болоогүй. Гэхдээ Монголын кино урлаг хөгжих шатандаа явж байгаа. 

- Монгол кино дэлхийн зах зээлд гарах анхны алхмууд хийгдэж байгаа ч бодлогын түвшинд болоод уран бүтээлчдийн зүгээс цаашид юу хийх ёстой вэ? Юу хамгийн их шаардагдаж байна вэ?

- Товчхон хэлэхэд Монголын кино уран бүтээлчдийн эв нэгдэл.

- Цар тахлаас болоод соёл урлагийн салбар нам жим байлаа. Харин одоо уран бүтээлчид маань уран бүтээлдээ идэвхтэй орж эхэлж байна. Та ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?

- Ойрын ирээдүйд “Пөөдөө” уран сайхны киноныхоо ард гараадахъя. 

 

Эх сурвалж: Mongolian Economy