Дэлхийд хоол хүнсний гуравны нэгээс их буюу ойролцоогоор 33 хувь нь хаягдал болж байна. Улмаар энэ хаягдлаас метан хийн ялгарлын 8 хувь нь үүсдэг гэх тооцоо бий.
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран оюутан залуучуудын дунд хүнсний хог хаягдлаа багасгая, дахин боловсруулъя, дахин ашиглая сэдвийн хүрээнд дижитал, инновацлаг шийдэл гаргах зорилготой "Өөрчлөлтөд Залуусын Оролцоо" хакатоныг зохион байгууллаа.
Хакатоны эхний шатанд 10 гаруй их дээд сургуулийн 200 гаруй оюутан залуучууд шийдэл эрэлхийлж, саналаа ирүүлснээс хоёрдугаар шатанд таван баг шалгарч, энэ сарын 18, 19-нд хоёр өдрийн турш ур ухаанаа уралдуулан шинэлэг шийдэл гаргахаар өрсөлдсөн юм.
Тэмцээний шүүгчдийн зүгээс багийн шийдэл нь үр дүнтэй, шинэлэг, хэмжигдэхүйц, байгаль орчин, нийгэм, эдийн засаг зэрэг олон хүрээг хамарсан, тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээ байх гэсэн шаардлагыг тавьсан. Эдгээр шалгуурыг хангаж, шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан баг нь "Epic" баг байсан бол дэд байрт "Girls on Fire", тусгай байрт "Үүлэн хүлэмж” баг тус тус шалгарлаа.
Хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоо хувь нэмрийг нэмэгдүүлэх олон улсын чиг хандлагатай уялдуулан зохион байгуулсан хакатоны үеэр оюутан, залуус дараах шийдлүүдийг танилцуулав.
Тэргүүн байрт орсон "Epic" багийн гурван гишүүн багын найзууд бөгөөд өөр өөр мэргэжлээр суралцдаг. Цар тахлын улмаас жил гаруйн хугацаанд уулзаагүй найзуудын хамтран тэмцээнд оролцоод түрүүлсэндээ тун баяртай байгаагаа хуваалцаж байв. Тэдний гаргасан хүнсний хог хаягдлыг бууруулах санаа нь аппликэйшн дээр суурилжээ. Тус аппликэйшн хувь хүн болон худалдаа гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Хувь хүний хэсэг нь дотроо 52 долоо хоногийн чалленж, туршилтын хэсэг, танин мэдэхүйн агуулгатай. Хог хаягдлаа багасгаж, дахин боловсруулж байгаагаа 52 долоо хоногийн турш сошиал хуудсандаа хуваалцах боломжтойгоос гадна эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт танин мэдэхүйн туршилтууд хийх юм. Харин худалдааны хэсгээр дамжуулан илүүдэл хүнсээ зарах, хандивлах, хүнсний хог хаягдлаа дахин боловсруулах үйлдвэрт өгөх боломжтой аж.
Тус багийн зөвлөхөөр ажилласан Г.Баасансүрэн “Багийнхан маш сайн санаа гаргасан. Миний хувьд мэдээлэл технологийн мэргэжилтэй учраас бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ яаж хийх вэ, хэрхэн бодитой цэгцтэй болгох вэ гэдэг дээр зөвлөж ажиллаа. Багийн гишүүд санхүү, бизнес, дизайны мэргэжлээр суралцдаг нь, мөн зөвлөгөөг маш хурдан хүлээж авч байгаа нь давуу тал болсон гэж бодож байна. Түүнчлэн илтгэгч маш сайн байсан” гэдгийг онцлов.
Дэд байрт орсон "Girls on Fire" багийн зөвлөх Ц.Нямхүү “Оюутнуудын гаргаж байгаа зарим санаа хэрэгжилтийн тал учир дутагдалтай байж мэдэхээр байсан учраас үүн дээр нь тулгуурлан зөвлөгөө өгч ажилласан. Хэрэгжих магадлалыг нэмэгдүүлэх, бодитой болгоход чиглэсэн гэсэн үг. Зөвхөн манай баг гэлтгүй бүх баг, оюутнууд маш олон шинэ санааг гаргалаа. Миний зөвлөж ажилласан багийн хувьд хүнсний хог хаягдал гаргаж байгаа болон тус хаягдлыг нь ашиглан бүтээгдэхүүн/саван, бордоо г.м/ үйлдвэрлэх талуудыг холбох технологийн шийдлийг эрэлхийлж ажилласан” гэдгийг хэлж байв.
СЭЗДС-ийн сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутнуудаас бүрдсэн "Girls on Fire" баг дөрвөн гишүүнтэй. Гишүүд нь мөн л өөр өөр мэргэжлээр суралцдаг. Тус багийн хувьд аппликэйшнээр дамжуулан хүнсний хаягдлыг дахин боловсруулах талаар мэдээлэл өгөх, хог хаягдлыг бордоо, саван үйлдвэрлэгчдэд хүргэх дэд бүтцийг бий болгох, цаашлаад гэр хороололд хогийн машин очих мэдээлэл гэх мэтийг иргэдэд энгийн, ойлгомжтойгоор хүргэх гэнэ.
Тус багийн хөгжүүлж буй аппликэйшн бордооны үйлдвэртэй хамтран ажиллах, хог тээвэр гээд нэлээд олон асуудлыг шийдвэрлэхийг зорьжээ. Тэдгээрийн нэг нь тосны хаягдлыг СӨХ-той хамтран цуглуулах бөгөөд тосны хаягдлын хэмжээ нэмэгдсэн цэгийн мэдээллийг савангийн үйлдвэрийнхэн аппликэйшнээс авах нь. Тос, ургамлын хог гэх мэтийг тушаасны хариуд саван, бордоо, цэцэг гэх мэтийн урамшуулалтай.
Тусгай байрт орсон "Үүлэн хүлэмж" багийн таван гишүүн өөр өөр сургуульд таван өөр мэргэжлээр суралцдаг. Тус багийн хувьд хүнсний хог хаягдлыг буталж бордоо үйлдвэрлэх машиныг тодорхой цэгүүдэд байршуулах санал гаргажээ. Иргэд хүнсний хог хаягдлаа хог бутлах хайрцагт аваачиж хийхдээ QR код уншуулж, оноо цуглуулан урамшуулал авах боломжтой.
Буталсан хогийг бордооны үйлдвэрт зарах бөгөөд уг мөнгөөрөө иргэдээс нэг кг хаягдлыг 200 төгрөгөөр худалдан авах юм байна. Урьдчилсан байдлаар туршилтын гурван сарын хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт хог авах хайрцаг байршуулахаар төлөвлөж байгаагаа "Үүлэн хүлэмж" багийнхан хэлж байлаа.
Түүнчлэн хоёрдугаар шатанд шалгарсан ч шагналт байрт орж чадаагүй Earth lovers баг иргэд болон хог хаягдал дахин боловсруулагчдыг холбох аппликэйшн, Green Tesla баг органик хаягдал тухайлбал, хүнсний ногооны хаягдлыг хуванцартай хольж боловсруулан, энгийн хуванцартай харьцуулахад 40 дахин богино хугацаанд байгальд задрах эко пластик үйлдвэрлэх санааг гаргав.
Улаанбаатар хотод зуны улиралд орон сууцны өрхийн нийт хог хаягдлын 41 хувийг, өвлийн улиралд 36.2 хувийг зөвхөн хүнсний хаягдал эзэлдэг байна. Үүнийг бууруулах, дахин боловсруулах, иргэдийг саван, бордоо үйлдвэрлэгчтэй холбох, дэд бүтцийг бий болгох гэх мэт саналыг багууд гаргасан нь олзуурхууштай.
Эхэнд дурдсанчлан хүнсний гуравны нэгийг хог хаягдал болгон байгальд хаясаар байгаа. Гэтэл нөгөө талд дэлхийн хэмжээнд 2020 онд 768 сая хүн хоол хүнсний гачигдалтай амьдарч байгаа тайлан гарсан нь 2019 оноос даруй 118 саяар өссөн дүн юм.
Хэрвээ хүн төрөлхтөн жил бүр бий болгож буй 21.5 сая тонн хүнсний хог хаягдлаа дахин боловсруулж чадвал тээврийн хэрэгслийн тоог хоёр саяар бууруулсантай тэнцэх хэмжээгээр хүлэмжийн хий багасна гэх тооцоолол мөн бий. Дэлхий дахины өмнө тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэх арга нь дахин боловсруулах бөгөөд энэ үйл явцыг орчин үеийн технологийн шийдэл ашиглан шийдвэрлэх залуусын шинэ санаачилгууд ийнхүү ундарсаар байна.
Эх сурвалж: НҮБ-ын ХХААБ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!