Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун өөрийн санаачилгаар босгож буй “социалист диваажин”-гаа шалгажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хятадын хилийн ойролцоо босгож буй үлгэр жишээ хотын бүтээн байгуулалтын ажилтай Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун танилцсан тухай тус улсын төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.

Уулын цанын баазаараа нийтэд танигдсан Самжён хотыг эдийн засгийн том төв болгон хувиргах ажлыг Ким Жон Ун анх санаачилж байв. Нэг үгээр хэлбэл тэр энэ хотыг “социалист утопи” болгох зорилготой байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд шинэ орон сууцны хороолол, зочид буудал, соёл урлаг, эрүүл мэндийн томоохон байгууламжуудыг босгож байгаа.

 

Самжён хот нь Солонгосын хойгийн хамгийн өндөр уул болох Пэктүгийн ойролцоо оршдог. Уг уул нь Кимийн гэр бүлийнхний ариун шүтээнд тооцогддог юм.

Сая зочлохдоо Ким Жон Ун шинэ хотын бүтээн байгуулалтын гурав дахь буюу сүүлчийн шаттай танилцсан тухай Умард Солонгосын Мэдээллийн Төв Агентлаг мэдээлжээ.

Олон улсын эдийн засгийн хориг, цар тахлын улмаас хэд хэдэн удаа ажил нь саатаад байсан Самжён хотыг энэ оны сүүлээр нээх юм.

Ким Жон Ун сүүлийн 35 хоногийн турш олон нийтийн өмнө ил гараагүй байв. Энэ нь түүний хувьд 2014 оноос хойш хамгийн удаан хугацаагаар “олны нүднээс нуугдсан” тохиолдол болжээ.

Коронавирусийн цар тахлаас сэргийлэхийн тулд бараг хоёр жилийн турш хилээ хаагаад байсан тус улс саяхан хөрш Хятад улстай төмөр замын ачаа тээврээ сэргээсэн байна.

 

Эх сурвалж: Reuters