Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн хамгийн том картелийн “тэргүүн хатагтай” баривчлагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Мексикийн зэвсэгт хүчин тус улсын хар тамхины хамгийн том хоёр картелийн нэгний толгойлогчийн эхнэрийг баривчилснаа өчигдөр зарлажээ.

Харгис хэрцгийгээрээ алдартай Халискогийн Шинэ Үе (Jalisco New Generation) нэртэй картелийн тэргүүн нь цагдаагийн офицер асан “Эль Менчо” хочит Немесио Осегуэра Сервантес юм.

Мексикийн баруун бүсийн Халиско мужийн Запопан хотоос түүний эхнэр Розалинда Гонзалес Валенсиаг баривчилсан юм байна. Ингэснээр тус гэмт хэргийн бүлэглэлийн санхүүгийн менежмэнт, мөнгө угаах үйл ажиллагаанд томоохон цохилт болж байгааг Мексикийн батлан хамгаалах яам өчигдөр мэдэгджээ.

Халискогийн картелийг дэлхийн таван тивд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон байгууллага болгосон Осегуэрагийн толгойг 2018 онд АНУ-ын засаг захиргаа $10 саяар үнэлж байжээ.

Тус картель Мексикийн хууль хүчний байгууллагуудын эсрэг зэвсэгт халдлага зохион байгуулдгаараа алдартай. Өнгөрсөн онд тэд нийслэл Мехико хотын цагдаагийн газрын даргын амь насанд халдаж байжээ.

Халдлагын үеэр цагдаагийн дарга шархдаж, түүнтэй хамт явсан гурван хүн алагдаж байв.

2015 онд тус картелийн гишүүд Мексикийн зэвсэгт хүчний нисдэг тэргийг гранат харвагч зэвсгээр буудан унагаж байжээ.

Халиско картель АНУ-ын нутаг дэвсгэрт төрөл бүрийн мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлдэг. Тухайлбал тэдний хилээр нэвтрүүлдэг фентанил хэмээх бодисыг тун хэтрүүлж хэрэглээд амиа алдсан хүний тоо 2020 онд 93,000 давж байжээ.

Одоо тус байгууллага АНУ руу хар тамхи нэвтрүүлэх гол замуудыг хяналтдаа авахын тулд өөр нэг хүчирхэг картель болох Синалоатай тэмцэлддэг. Синалоагийн толгойлогч “Эль Чапо” хочит Хоакин Гузман одоо АНУ-д бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа юм.

АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны (DEA) олон улсын ажиллагааг хариуцдаг байсан Майк Вигил сая баривчлагдсан Гонзалес Валенсиаг “narco queen” буюу “хар тамхины хатан хаан” гэж нэрлэж байна.

“Тэр бол Эль Менчогийн бүх түлхүүрийг атгадаг, хамгийн итгэлтэй хүн, картелийн мөнгийг угаах ажлыг гол зохион байгуулагч юм” гэж тэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

Эль Менчогийн насанд хүрсэн хоёр хүүхэд одоо картелийн мөнгийг угаахад оролцсон хэргээр АНУ-д хоригдож байгаа юм байна. Гонзалес Валенсиа хүүхдүүдээ суллуулахын тулд ямар нэг тохиролцоо хийхийг оролдож магадгүй гэж сэжиглэж байгаагаа Майк Вигил бас ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian