Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт болсон Энгельсийн хуримд Маркс, Ленин, Хо Ши Мин нар оролцжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Маркс, сүйт залуу Энгельс, сүйт бүсгүй Бисмита, Ленин, Хо Ши Мин нар

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Энэтхэгийн өмнөд нутагт болсон хуримын ёслолд коммунист удирдагчдын нэртэй хүмүүс олноор цугларсан байна.

Тодруулбал Керала мужид Энгельс нэртэй эр хуримаа хийхэд Маркс, Ленин, Хо Ши Мин нэртэй зочид оролцжээ.

Энэтхэгийн Керала мужийг сүүлийн 60 орчим жил орон нутгийн коммунист нам удирдаж байгаа юм байна. Хүйтэн дайны үед Энэтхэг улс Зөвлөлт Холбоот Улстай найрсаг харилцаатай байсан бөгөөд ялангуяа энэ үед тус улсын өмнөд нутагт коммунист үзэл номлол хүчтэй дэлгэрсэн байдаг.

Тиймээс одоо энэ нутагт Зөвлөлтийн болон бусад улсын коммунист удирдагчдын нэртэй хүмүүс түгээмэл байдаг гэнэ. Тухайлбал Сталин, Троцкий зэрэг удирдагчдын нэрээс гадна Зөвлөлтийн Коммунист Намын төв хэвлэл Правдагийн нэртэй хүн ч байдаг ажээ.

Керала мужийн хөрш Тамил Наду мужийн одоогийн засаг захиргааны тэргүүн нь Сталин нэртэй хүн байдаг. Сая болж өнгөрсөн хуримын сүйт залуу нь Энгельс нэртэй бол түүний ах Ленин нэртэй байжээ. Хуримын зочид болох Маркс, Хо Ши Мин нар коммунист намын идэвхтний хөвгүүд байсныг орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.

Энэ оны зургаадугаар сард Тамил Наду мужид Социализм нэртэй хүн хуримаа хийхэд Коммунизм, Ленинизм, Марксизм нэртэй ах дүүс нь гэрч болж байжээ.

 

Эх сурвалж: AFP