Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Чулуу нүүлгэсэн дүрвэгчдийг Польшийн хилийн цэргүүд усаар шүршиж номхруулжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Беларусь-Польшийн хилийг хүчээр давахыг оролдсон дүрвэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий, ус шүршигч их буу хэрэглэснээ Польшийн тал өчигдөр мэдээлжээ.

Интернэтэд тарсан дүрс бичлэгт Беларусийн талаас дүрвэгчид хилийн нөгөө талд байгаа Польшийн цэргүүд рүү чулуу, тоосго нүүлгэж, төмөр торон хашааг эвдэхийг оролдож байгаа нь дүрслэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд голдуу Ойрх Дорнодоос ирсэн олон мянган дүрвэгч Кузница орчмоор Польшийн хилийг давж, Европын Холбооны нутаг дэвсгэрт нэвтрэхээр Беларусийн баруун хил дээр бөөгнөрөөд байгаа. Дүрвэгчдийн урсгалыг Европын Холбоонд тогтворгүй байдал үүсгэх зорилгоор  Беларусийн засгийн газар зориуд зохион байгуулсан гэж Брюсселийн эрх баригчид буруутгаж байна.

Зөвхөн энэ сард Беларусийн талаас хууль бусаар хил зөрчих 5,000 гаруй оролдлого бүртгэгдсэн тухай Польшийн хил хамгаалалтын алба мэдээлжээ. Харьцуулбал өнгөрсөн оны турш ердөө 88 ийм тохиолдол бүртгэгдсэн юм байна.

Хилийн Беларусийн талд дүрвэгчид хасах хэмийн хүйтэн шөнө майханд хоноглож байгаа. Цаашид цаг агаар хүйтрэх тусам дүрвэгчдийн нөхцөл байдал хүндэрч, зөрчил мөргөлдөөн нэмэгдэж болзошгүй байна.

Европын Холбоо хил дээр зориуд хямрал үүсгэсэн шалтгаанаар Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсрэг шинэ хориг арга хэмжээг энэ долоо хоногийн сүүлээр зарлах төлөвтэй байгаа. Өнгөрсөн онд болсон сонгуулийн дараа иргэдийн эсэргүүцлийг хүчээр дарж, хүний эрхийг зөрчсөн шалтгаанаар Европын Холбоо, АНУ-ын засаг захиргаа Лукашенкогийн эсрэг хориг арга хэмжээ авч байсан юм.

Иракийн засгийн газар Пүрэв гарагт Беларусьд байгаа иргэдээ татаж авах анхны нислэгийг зохион байгуулах болсноо мэдэгджээ. Гэвч дүрвэгчдийн ихэнх нь эх орон руугаа буцах хүсэлгүй, Европын Холбооны газар нутагт ямар нэг аргаар нэвтрэх зорилготой байгаагаа илэрхийлцгээж байна.

Эх сурвалж: BBC