Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден, Ши Жиньпин нар анх удаа виртуал горимд уулзлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар виртуал горимд уулзаж, дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний харилцааг сайжруулах талаар хэлэлцжээ.

Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш анх удаа Ши Жиньпинтэй нүүр тулж уулзсан нь энэ юм. Үүнээс өмнө тэд хоёр удаа утсаар ярилцаж байжээ.

Уулзалт хоёр удирдагчийн харилцан мэндчилгээгээр эхэлсэн байна. Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгчийг “хуучны анд” гэж дотноссон бол Байден “Бид өмнө нь уулзахдаа хэзээ ч тийм албархуу өнгөөр харилцаж байгаагүй. Гэхдээ энэ удаа арай албаны уур амьсгалтай байх ёстой болов уу” гэж хэлжээ. Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгч байхдаа Хятадын төрийн тэргүүнтэй хэд хэдэн удаа уулзаж байсан юм.

Ши Жиньпин хоёр гүрэн харилцаагаа сайжруулж, сорилт бэрхшээлийг хамтын хүчээр туулах шаардлагатайг онцолсон байна. Хятад-Америкийн сайн харилцаа, хамтын ажиллагаа нь цар тахал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд чухал шаардлагатайг тэр бас хэлжээ.

“Хятад-Америкийн харилцааг зөв чиглэлд хөгжүүлэх үйлсэд би ноён ерөнхийлөгч тантай хамтран ажиллахад бэлэн байна” гэж Ши Жиньпин мэндчилгээнийхээ үеэр хэлсэн байна.

Ерөнхийлөгч Жо Байден үгийнхээ эхэнд “манай хоёр орны өрсөлдөөн гүнзгийрч, зэвсэгт мөргөлдөөнд хүртлээ даамжрахгүй байхад аль аль тал нь анхаарал тавьж ажиллах ёстой”-г илэрхийлжээ.

“Та бид хоёр өмнө нь ярьж байсанчлан дэлхийн бүх улс орон нэг дүрмээр тоглох ёстой гэдэгт бид итгэдэг. Тийм учраас АНУ үргэлж өөрийн болон холбоотнуудынхаа ашиг сонирхол, үнэт зүйлсийн талд зогсдог юм” гэж Байден энэ үеэр хэлсэн байна.

Мэндчилгээний дараа хоёр удирдагчийн уулзалт хаалттай горимд нэлээд хэдэн цаг үргэлжилжээ.

Уулзалтын үеэр хоёр улсын санал зөрөлддөг гол сэдвүүд болох худалдааны маргаан, Тайваний асуудал, хүний эрхийн зөрчил, Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан зэргийг хөндөх төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: CNN