Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Латви улс вакцинжуулалтад хамрагдаагүй парламентын гишүүдийнхээ санал өгөх эрхийг хязгаарлаж, цалинг нь хойшлуулна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Латви улс вакцинжуулалтад хамрагдаагүй парламентын гишүүдийнхээ санал өгөх эрхийг хязгаарлаж, цалинг нь хойшлуулна
Sara, ikon.mn - text to speech

Баасан гарагт Балтийн тэнгисийн эргийн Латви улсын парламент нэгэн онцгой хуулийг баталжээ. Энэ хуулийн дагуу коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахаас татгалзаж буй парламентын гишүүд чуулганд санал өгөх эрхгүй болох гэнэ. Мөн гишүүдийг вакцинжуулалтад хамрагдах хүртэл цалинг нь олголгүй хойшлуулахаар болжээ.

Уг хуулийн төслийг парламентын 100 гишүүний 62 нь дэмжсэн байна.

Гэхдээ өмнө нь Covid-19 өвчний халдвар аваад эдгэрсэн, эрүүл мэндийн шалтгаанаар вакцин тариулах боломжгүй гишүүдэд дээрх хууль үйлчлэхгүй гэнэ.

Латви улс нь Европын Холбоон дотроо вакцинжуулалтын идэвх хамгийн сул байгаа орнуудын нэгт тооцогддог. Эх сурвалжуудын мэдээлснээр Латвийн парламентын есөн гишүүн вакцин тариулахыг зөвшөөрөхгүй, эсэргүүцэж байгаа гэнэ.

Парламентын гишүүд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байх нь вакцинд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж хуулийг санаачлагчид тайлбарлажээ.

1.9 сая хүн амтай Латви улсад өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдварын 29,251 тохиолдол бүртгэгдэж, 523 хүн нас барсан байна. Тус улсын засгийн газар ирэх өвөл хөл хорионы хатуу дэглэм тогтоох талаар судалж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters