Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлд баганан тулгуурт гүүрэн байгууламж бүхий метро барих ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгааг энэ сард танилцуулна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 2022 оны улсын төсөвт анх удаа 420 тэрбум төгрөг тусгаад байгаа билээ.

Энэ хүрээнд нийслэлд баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, хурдны замын төсөл хэрэгжүүлнэ гэдгийг Хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлсэн.

Тус төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгааг энэ сард багтаан танилцуулах юм байна.

Энэ тухай Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй нийтийн тээврийн үйлчилгээ буюу метро нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ тал дээр Засгийн газраас өгсөн үүргийн дагуу ТЭЗҮ-ийн урьдчилсан судалгаа хийгдээд арваннэгдүгээр сард багтаж танилцуулах төлөвлөгөөтэй байна.

Түүнчлэн нийтийн тээврийг цахилгаан автобуснуудаар парк шинэчлэх, дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зэргийг төлөвлөөд байгаа” гэж Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны өнөөдрийн хурлын үеэр мэдээлэв.

Мөн тэрбээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах 18 зорилттой, 108 арга хэмжээтэй төлөвлөгөөг танилцуулсан юм.

ТАНИЛЦ: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө

Зорилт 1. Автомашины эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах

  • Тээврийн хэрэгслийн квот тогтоох
  • Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглох үе шаттай арга хэмжээ авч, 2028 он гэхэд бүрэн хориглох
  • Насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах татвар, хураамж, даатгалын бодлогоор хяналт тавих
  • Цахилгаан автомашиныг дэмжих
  • Оношилгооны бүртгэлийн системийг боловсронгуй болгон хөгжүүлж, татвар хураамжийн бодлоготой уялдуулах
  • Нийслэлд импортлогдож байгаа шатахуунд ногдуулах татварыг 1 хувьд хүргэх
  • Тээврийн хэрэгслийг худалдахад худалдааны татвар авдаг болох
  • Зам, тээврийн салбарын болон тээврийн хэрэгслийн хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зэрэг багтжээ.

Зорилт 2. Тээврийн хэрэгслийн зорчилтын эргэлтийг зохицуулах арга хэмжээ

  • Тээврийн зорчилт хөдөлгөөний зорчилтын судалгааг боловсруулах
  • Түгжрэлийн тодорхойлох тооцооллын норм норматив бий болгох
  • Түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийн өртөг тооцох
  • Зам ашигласан төлбөрийг цахимд шилжүүлэх
  • Их Тойруу бүсчлэлийн татварын систем
  • Зам ,гүүр ашигласны төлбөр хураамжийг тогтолцоо
  • Орон нутгийн тээврийн хэрэгслийн зорчилт хөдөлгөөнд хязгаарлалт, хяналт тавих
  • Оргил цагийн ажил эхлэх, тарах цаг, хуваарийг оновчтойгоор зохион байгуулах
  • Төрийн үйлчилгээг цахимжуулах, дижитал шилжилтийг хэрэгжүүлэх
  • Төрийн болон томоохон ААН-үүд ажилчдын автобусаар хангах, ажилчдыг нийтийн тээврээр зорчих хөдөлгөөнийг дэмжиж, хувийн тээврийн хэрэгслээр зорчих хэрэгцээг нь бууруулах
  • Тээвэрлэлтийн үйлчилгээг иргэдэд аппликэйшнээр хүргэх боломж, нөхцөлийг бүрдүүлж, хэрэглээг өргөжүүлэх зэрэг багтжээ.

Зорилт 3. Улаанбаатар хотын автомашины зогсоолын төлөвлөгөө, төлбөр хураамжийн тогтолцоог илүү боловсронгуй болгох

  • Зогсоолын тарифыг тогтоох, авто зогсоолын стандарт батлах, авто зогсоолын журам батлах
  • Зогсоолгүй бүсүүд бий болгох
  • Газар эзэмшигчдийн гэрээнд өөрчлөлт оруулах, зогсоол төлөвлөлт, стандарт, төлбөрийн системийг оруулах
  • Нийслэл хотын зах орчмын бүс, нутаг дэвсгэрийг түшиглэн төлбөрийн хувь хэмжээ олон цаг, хоногоор үйлчилгээ үзүүлэх боломжтой авто зогсоолуудыг байгуулах зэрэг багтжээ.

Зорилт 4. Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг сайжруулах

  • Жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулах, хариуцлага болон ур чадварыг нэмэгдүүлэх, онооны системийг чангаруулах
  • Үзлэгт ороогүй, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх
  • Хөдөлгөөнт хяналтын удирдлагын системийг нэвтрүүлэх
  • Epolice аппликэйшний хэрэглээг нэмэгдүүлэх
  • Зогсоолын бус газар тавьсан тээврийн хэрэгслийн торгуулийг нэмэх
  • Дугаарын хязгаарлалтыг бүрэн хэрэгжүүлэх зэргээр замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг сайжруулна гэжээ.

Зорилт 5. Замын засвар арчлалтын цогц байдлаар шийдвэрлэх

  • Авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг зам, замын байгууламжийн засвар арчлалтын тогтолцоонд нэвтрүүлэх
  • Авто замын зам хариуцагчийн тогтолцоог бий болгох
  • Засвар арчлалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна
  • Засвар арчлалтын төлөвлөгөөг инженерийн дэд бүтцийн засвар арчлалтын төлөвлөгөөтэй уялдуулах зохион байгуулах багтаж байна.

Зорилт 6. Гол гудамж, замын сүлжээг нэмэгдүүлэх /14 байршилд/

Зорилт 7. Хороолол дундах холбоос замын сүлжээг нэмэгдүүлэх

Зорилт 8. Хотын тойрог замын сүлжээг хөгжүүлэх

Зорилт 9, 10. Дугуйн болон явган замын сүлжээг нэмэгдүүлэх

Зорилт 11. Дөрвөн байршилд авто замын нүхэн гарцыг байгуулах

Зорилт 12. Уулзварыг инженерчилж, нэвтрүүлэх чадварыг сайжруулах

Зорилт 13. Нийслэлийн гудамж, замын орон зайн мэдээллийн сан байгуулах

Зорилт 14. Замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын ухаалаг систем нэвтрүүлэх

Зорилт 15. Автомашины зогсоолын төлөвлөлт, ашиглалтыг сайжруулах

Зорилт 16. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх

Зорилт 17. Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгож, нийтийн тээврийн парк шинэчлэлтийг цахилгаан автобусаар хийж, нийтийн тээврийг хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах

Зорилт 18. Дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ.