Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Яармаг, ТЭЦ-4-ийн замыг холбох, Нарны замыг 9 км уртасгах зэрэг бүтээн байгуулалтыг ирэх жил эхлүүлнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал өнөөдөр болж байна.

Хурлаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөг танилцуулав.

Ингэхдээ Улаанбаатарын түгжрэлийг

  • уян буюу зөөлөн бодлогоор хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах
  • шууд хөрөнгө оруулалт буюу хатуу бодлогоор хэт ачааллыг бууруулах хоёр арга замын төлөвлөгөөтэйгөөр санал боловсруулжээ.
"Улаанбаатар хотын замын сангийн 2.1 их наяд төгрөгийн хөрөнгөөр замын засвар арчлалтын тогтолцоог шинэчилнэ"

Б.Одсүрэн хэлэхдээ Түгжрэлийг бууруулахаар нийт 18 зорилттой, 108 арга хэмжээтэй төлөвлөгөөний саналыг боловсруулж гаргалаа.  Ингэхдээ уян бодлогын хүрээнд таван зорилт, хатуу бодлогын хүрээнд 13 зорилттой байхаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 50,000 орчим машин орж ирэхээр Тяньжин болон бусад боомт дээр хүлээгдэж байгаа бөгөөд гурван жилийн дараа гэхэд нийслэл 900 мянгаас нэг сая автомашинтай болно гэсэн тооцоолол бий. Тиймээс автомашины эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах найман арга хэмжээ төлөвлөсөн.

Ингэснээр авто замын түгжрэлийг 15 хувиар, хүлэмжийн хийг 10-15 хувиар бууруулна гэж тооцооллоо.

Мөн Улаанбаатар хот Замын сангийн 2.1 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Замын сангийн Засвар арчлалтын тогтолцоог шинэчилснээр зам өөрөө эзэнтэй болж, шинэ технологи нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Ингэснээр замын чанар байдлын индекс 70-85 хувьд хүрч, өндөрсөнө гэсэн тооцоо бий.

Мөн гол гудамж замыг 14 байршилд нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөө гарлаа.

Ингэхдээ,

  • Яармагийн замыг ТЭЦ-4-ийн замтай холбож, цааш нь Энхтайваны өргө чөлөө рүү холбох босоо чиглэлийн зам,
  • Ард Аюушийн зам буюу Толгойтын замыг 3, 4 дүгээр хорооллын эцсийн замтай холбож хойд чиглэлийн хэвтээ замд нийтийн чиглэлийг хөгжүүлэх боломжтой.
  • Нарны замын 9 км уртасгаж хэвтээ коридорыг гурав болгох зэргээр хотын нийтийн тээврийг гурван чиглэлээр хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэсэн тооцоо гарч, замын зургийн ажил хийгдсэн. Ингээд дараа жилээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон.

Түүнээс гадна нийслэлийн барилгажилт ихтэй бүсүүдэд холбоос замуудын орц гарцыг нээх ажилт хэрэгтэй байгаа. Ингэвэл тухайн бүсийн түгжрэлийг 15-20 хувь бууруулна. Туслах замуудыг 2022-2024 онд хийхээр зураг төслийг хийж дууссан тул ирэх жил ажлуудыг эхлэхээр мөн төлөвлөж байгаа.

Улаанбаатар хот нэг төвтэй тул задлахын тулд тойрог замын сүлжээ хийх хэрэгтэй. Мөн Сангийн яамны дэргэд Хөгжлийн хөтөч төслийн хүрээнд Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуурх нүхэн гарц хийгдэхээр төлөвлөгдөж ирэх оны сүүлээр ажил нь эхлэхээр байгаа.

Мөн нийслэлийн 161 уулзварыг инженерчилж, нэвтрүүлэх чадварыг сайжруулах тооцоолол хийж байгаа.

Түүнчлэн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын ухаалаг систем нэвтрүүлэх маш чухал ажил бий. Энэ хүрээнд хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг цахим болгоно. Ингэснээр аль хэсэгт, ямар хэмжээний түгжрэл үүсээд байгааг нарийвчлан тооцож гарах боломж бүрдэхээс гадна хариуцлагын тогтолцоо ч нэмэгдэнэ" гэв.