Н.Удвал сайд ажлаа хүлээж авахдаа “Эмч нь байгаад эмчилж чаддаггүй, эм нь байгаад эдгэрдэггүй, эмнэлэг нь байгаад хэвтэж чадахгүй, шинжилгээ хийлгээд онош нь гардаггүй байдлыг цэцлэнэ” хэмээн хэлж байсан.
Үүнээс хойш эрүүл мэндийн салбарт ялгар өөрчлөлт гарсан бэ гэдгийг иргэд сонирхож байна. Тэгвэл ЭМЯ-ныхны дуулгаснаар өнгөрч буй онд хүлээгдэл, чирэгдэл буурч, өмнөх жилийнхээс 7000-аар олон хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн байна.
Мөн халдварт өвчин 12 хувиар буурсан гэсэн сайн мэдээ байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт Н.Удвал сайд эрүүл мэндийн салбарт ирэх онд ялгар ажлууд өрнөх талаар мэдээллээ.
Эх нялхсын эрүүл мэндийг дэмжинэ
ЭМЯ-наас 2014 оныг “Эх нялхсын эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа. Эх хүүхдийн эндэгдэл өмнөх жилүүдийнхээс буурсан гэх ч байсаар л буй. Үүний гол шалтгаан нь дутуу төрөлт болж байгааг эмч нар хэлж байгаа аж.
Тиймээс ирэх жил эх хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарахаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал амлалаа. Ингэхдээ телемедцинийн сүлжээ ашиглан өглөө бүр аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга нартай эх нялхсын эрүүл мэндийн асуудлаар шуурхай хурал хийж байхаар болсон гэв.
Төлбөртэй эмчилгээний журмыг шинэчилнэ
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд хамтран төлбөрт эмчилгээний журмыг шинэчлэх тушаалыг удахгүй гаргах аж. Ингэснээр албан бус төлбөр авдаг байдал цэгцрэх юм. Эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ 5-60 хувиар дутуу санхүүжиж байгаагаас болж албан бус төлбөр авах явдал гардаг байна.
Тиймээс энэ дутуу санхүүжилтийг нөхөхөөр төсөвт 33 тэрбум төгрөгийг суулгажээ. Ингэснээр иргэд өөрсдөөсөө мөнгө гаргадаг байдал багасах аж.
Нэн шаардлагатай эмийн жагсаалтыг өөрчилнө
Ирэх жил эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй дөрвөн хуульд шинэчилсэн найруулга хийх гэнэ.
Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх аж. Энэ хуульд эмчилгээ үйлчилгээний чанар аюулгүй байдлын талаар ганц ч үгүй байдаггүй байна. Тиймээс хуульд чанартай, эрсдэлгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ хүргэх талаархи заалтыг нэмж оруулахаар болжээ.
Үүний зэрэгцээ Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын хуультай болно. Мөн нэн шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх аж. Түүнчлэн Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ.
Ингэснээр манай улс зүү, тариур, дуслын системээ эх орондоо 100 хувь үйлдвэрлэдэг болох гэнэ. Учир нь зүү тариурыг хоёр удаа хэрэглэх тохиолдол ч байдаг.
Тиймээс зүү, тариур бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэдгийг салбарын сайд нь онцолж байна. Тэрбээр “Манайд “Монсам” компани зүү, тариур үйлдвэрлэдэг ч одоо дампуурчих гээд байгаа. Үүнийг сэргээх хэрэгтэй байна” хэмээсэн.
Бүх хүнийг цусны даралтын боловсролтой болгоно
ЭМЯ ирэх жил 10 бүтээлч ажил өрнүүлэх гэнэ. Жишээлбэл, Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх аянг улс даяар өрнүүлэх юм байна. Мөн бүх хүнийг цусны даралтаа үзэх, хянах боловсролтой болгох аж.
Ингэхдээ бүх сумын эмнэлэгт цусны даралт хэмжих суурин аппаратыг байрлуулах аж. Мөн бизнесийн байгууллагуудад цусны даралт хэмжих аппаратыг ажил дээрээ байрлуулахыг санал болгоно гэдгийг Н.Удвал сайд хэлж байна.
Ингээд хүн бүхэн цусны даралтаа хэмжиж мэддэг, гэртээ цус харвахгүй болчихвол зүрх судасны өвчинг бууруулж чадах юм гэж байв.
Монголд эмчилж чаддаггүй 33 өвчин байдаг
Монголдоо эмчилж чаддаггүй 33 өвчин байгаа аж. Тэгвэл эрүүл мэндийн салбарынхан ирэх жил энэ тоог 10-20 хувиар бууруулах зорилтыг тавьсан байна. Нарийн мэргэжлийн эмч нар нь байдаг ч техник технологи, хэвтэн эмчлэх тасаг нь байдаггүй аж.
Тиймээс гадаадыг зорих эсвэл гадны тусламжийн байгууллагуудыг гуйхаас өөр аргагүй болдог. Тодруулбал, тархи нугасны хорт хавдар, цусны өвчин, зүрхний төрөлхийн гажиг, мэдрэлийн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал зэргийг манай эмч нар эх орондоо хийх боломжгүй байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|