Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Чой Сон Сү: "Өнөөдөр бол миний хамгийн залуу өдөр” гэсэн үг байдаг. Өнгөрсөнд яаж амьдарсан нь бус үлдсэн амьдралаа аз жаргалтай өнгөрүүлэх нь чухал

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий дээрх бүх зүйл өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй байдаг.

Хүн болгон өөрийн гадаад гоо үзэсгэлэн, дотоод гоо сайхнаа бүтээж амьдрах нь чухал.

“Баясал вэлнэс” төвөөс гадаад гоо үзэсгэлэн, дотоод гоо сайхан, бясалгал, тэнцвэрт хооллолт, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг гоо сайхан, эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Монгол- Солонгосын хамтарсан “Баясал вэлнэс” төвийн гоо сайхны мэс заслын эмч Чой Сон Сү-гийн Монголд ажиллах болсон шалтгаан болон, гоо сайхны үйл ажиллагаа, дэлхий дахинд тренд (чиг хандлага) болж буй шинэ үйлчилгээний талаар ярилцлаа.



- Сайн байна уу, та гоо сайхны мэс ажилбарын салбарт 30 гаруй жил ажилласан гэж сонссон. Монголд ажиллах болсон түүхээс тань ярилцлагаа эхлүүлсэн нь сонирхолтой болов уу? 

- Сайн байна уу, би одоо 57 настай. 25 настайдаа анагаахын их сургууль төгсөж, сургуульдаа дадлагажигчаас багш хүртэл ажилласан. Миний бие 30 гаруй жил эрүүл мэндийн байгууллага, гоо сайхны мэс заслын эмнэлэг зэрэгт ажилласан бөгөөд одоо Солонгостоо гоо сайхан болон хорт хавдрын хөнгөвчлөх эмнэлэг ажиллуулдаг. Удирдах алба хашихын зэрэгцээ мэс ажилбар зогсолтгүй хийсээр иржээ.

Анх Монголд ирэх шалтгааны тухайд гэвэл Сөүл эмнэлгийн И Жун Гюн захирал намайг Монголд урьж байлаа. Анх Монголд ирэхэд эх нутагтаа ирсэн мэт санагдаж билээ. Бага насаа өнгөрүүлсэн эх нутаг шиг өвөрмөц, танил мэдрэмж төрсөн нь одоо ч тод санагдаж байна. Цэлгэр уудам тал, цэнгэг цэвэр агаар, мөнх хөх тэнгэр бол үнэхээр гайхалтай. Энэ бол яах аргагүй Монгол орны бусдаас ялгарах онцлог.

Ирж очсоор сүүлийн арав гаруй жилийг Монголтой харилцаа холбоотой ажиллаж, тодорхой салбаруудад хөрөнгө оруулалт хийсэн байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрчээ. Энэ үед Баясал захиралтай танилцаж, бид өнөөдрийн “Баясал вэлнэс” төвийн суурийг тавьсан юм. Баясал захирал сүүлийн 15 гаруй жил дотоод гоо үзэсгэлэн буюу өдөр тутмын амьдралын хэмнэлээ өөрчилснөөр хүн эрүүл гоо сайхантай байх боломжтойг үлгэрлэн, таниулж яваа бүсгүй. Ингээд бид дотоод хийгээд гадаад гоо үзэсгэлэнг цогцоор нь шийдэх боломж байгааг олж харан хамтын үйл ажиллагаагаа эхэлж байв. Энэ нь миний эрмэлзэж байсан зүйл тул надад ч эргэлзэх сэтгэл төрөлгүй эхлүүлсэн.

Чой Сон Сү: Сүүлийн үед Солонгосын гоо сайхны мэс засал нь хүний нүүрний бүтэц, ажил, нас зэргийг харгалзан илүү өөрт тохирох дүр төрхийг гаргах тал дээр анхаарч ажиллаж байна.

Сүүлийн үед Солонгост TOTAL BEAUTY CARE тренд болж байна. Өөрөөр хэлбэр гадаад гоо үзэмжтэй хослуулан дотоод гоо үзэсгэлэнгээ хөгжүүлэх нь өндөр түвшинд хөгжиж байгаа. Иймээс Монголд ч Солонгостой адил TOTAL BEAUTY CARE-ыг хөгжүүлэхийн тулд хичээн ажиллахаар ирсэн.

- Солонгосын гоо сайхны салбар өндөр түвшинд байгаа. Харин хэрхэн богино хугацаанд өндөр түвшинд хүрсэн шалтгаан хийгээд одоо гоо сайхны салбар хаашаа чиглэж, хүмүүс юуг хүсэж байгаа талаар илүү дэлгэрэнгүй ярихгүй юу?

- Энэхүү асуултад хариулахын өмнө эхлээд Солонгос хүний онцлогийн талаар ярих нь зүйтэй. Солонгосчууд ажлыг илүү сайн, илүү хурдан хийхийг хүсдэг. Учир нь манай улс хүн ам олон өрсөлдөөн их байдаг хэрэг. Энэ нь бүх салбарт нөлөөлдөг бөгөөд гоо сайхны салбарт ч нөлөөлж, гоо сайхны мэс заслын салбар хурдан хөгжсөн гэж хувьдаа боддог.

Одоогийн үйлчлүүлэгчид өндөр шаардлагатай, нарийн мэдрэмжтэй. Үүнийхээ хэрээр янз бүрийн хүсэлт тавьдаг байдаг тул эмч нар үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагын улмаас илүү хөгжиж, сурч, үйлчлүүлэгчид тохирсон үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Энэ нь магадгүй хурдацтай хөгжих шалтгааны нэг болсон байх.

Гоо сайхны мэс засал нь зүгээр нүүрийг хөөрхөн болгож харагдуулдаг төдий зүйл биш юм. Сүүлийн үед Солонгосын гоо сайхны мэс засал нь хүний нүүрний бүтэц, ажил, нас зэргийг харгалзан илүү өөрт тохирох дүр төрхийг гаргах тал дээр анхаарч ажиллаж байгаа.

Дэлхийн бүхий л зүйлс тэнцвэр дээр тогтдогийн адил тэнцвэртэй байх чиг хандлага бий болсон. Өөрөөр хэлбэл 20, 30 настай мэт харагдахаас илүүтэй өөрийн нас, дотоод хүч, ажил мэргэжил зэрэгт тохирсон эрүүл арьс, зөв төрхтэй болохыг хүсдэг хүмүүс ихэссэн тул түүнд тохирсон үйлчилгээ үзүүлдэг болсон. 

Бие, хэл, сэтгэлийн үйлээр дотоод гоо үзэсгэлэнгээ бүтээж чадвал үрчлээтэй байсан ч үзэсгэлэнтэй харагддаг.

Жишээлбэл, тухайн үйлчлүүлэгчийн зөв төрх алдагдахаар мэс ажилбарыг үйлчлүүлэгч хүссэн ч би хийхээс татгалздаг. Энэ нь тэнцвэрээ алдах бөгөөд улам хиймэл харагдуулна. Монголчууд сүсэг бишрэл өндөртэй, дийлэнх хүмүүс нь Бурхны шашинтай. Бурхны хөрөг бүтээхэд тиг барин бүтээдэгтэй адил хүний нүүр ч нарийн хэмжээс харьцаатай байдаг.

Түүнчлэн технологийн дэвшил нь робот эмч бий болгосон. Робот эмч нь түргэн, шуурхай, тодорхой ба өвдөлт болон сорви бараг гаргадаггүй мэс ажилбар хийдэг. Би ч энэ трендэд тааруулж инвазив бус мэс заслын хамгийн сүүлийн үеийн аргуудыг ашиглаж, зөвхөн шаардлагатай мэс заслыг хийж байгаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

- Сүүлийн үед нүүрний үрчлээ ч чимэг болдог хэмээн ярих болж. Ямар үрчлээ гоё харагдуулж чимэг болж байна вэ?

- Инээж буй үрчлээ гоё харагддаг. Хичээлээ сайн хийж байгаад шалгалтад тэнцдэг шиг хүний одоогийн дүр төрх нь түүний хэрхэн амьдарсны ул мөр юм. Бие, хэл, сэтгэлийн үйлээр дотоод гоо үзэсгэлэнгээ бүтээж чадвал үрчлээтэй байсан ч үзэсгэлэнтэй харагддаг.

Харин сөрөг хандлага бол өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ тавгүйтүүлж байдаг. Мөн хүний арьсны тэнцвэр алдагдаж, буруу дүр төрхийг үүсгэж, үзэсгэлэнтэй байдлаа алддаг. Би энэ ажилдаа дуртай байдаг шалтгааны нэг нь үйлчлүүлэгчдэд үүнийг л сайн тайлбарлаж ойлгуулахыг хичээдэг юм шүү дээ.

Солонгосын зүйр үгэнд “Өнөөдөр бол миний хамгийн залуу өдөр” гэдэг үг байдаг. Хүн өөртөө энэ үгийг байнга хэлж байх ёстой. Би өнгөрсөн 50 жилийн турш ингэж амьдарч ирсэн тул аливаа зүйлд хожимдож гээд урьтаж санаа зовдоггүй. Хэрэв тийм бодол орж ирвэл одоо юу хийх, хаанаас эхлэх ёстой вэ гэдэгтээ төвлөрөх нь илүү үр дүнтэй.

- Гоо сайхны мэс заслыг Солонгост хийлгэхийг хүмүүс илүү хүсдэг. Сайн болон муу үр дүн нь олон шалтгаантай байдаг байх. Энэ талаарх таны байр суурь?

- Ямарваа мэс заслыг хаана хийлгэх нь чухал бөгөөд мэс заслын дараах арга хэмжээ болон эмчилгээ ч маш чухал байдаг. Дархлааг өндөр байлгах эмчийн зөвлөгөө, заавар нь эдгэрэх явцыг түргэсгэдэг. Тиймд мэс засал болон эмчилгээний дараа үйлчлүүлэгч эмчийн зааврын дагуу өөрөө сайн хичээх нь илүү чухал. Зарим хүмүүс Солонгост очоод зөвхөн мэс засал хийлгэчхээд оёдлоо авхуулсны дараах эмчилгээгээ хийлгэхгүй ирдэг. Ийм хэд хэдэн хүн над дээр ирж байсан. Энэ зүйл нь тухайн үйлчлүүлэгчид маань эрсдэл дагуулж буй хэрэг. 

Мэс засал хийлгэсэн эмчээсээ зохих эмчилгээ болон зөвлөгөөг тогтмол авах нь чухал. Жишээлбэл лазер эмчилгээ нь багадаа нэг сар түүнээс дээш, бүрэн үр дүн гартал нэг жилийн хугацаа шаардах нь ч бий. Солонгост лазерын эмчилгээ хийлгээд шууд нутаг буцсанаар эмчилгээнийхээ үр дүнг муутгадаг. Дэлхий нийтэд тулгарч буй одоогийн хүнд нөхцөл байдлын улмаас гадагшаа явах боломж хязгаарлагдаж байна. Энэ бүх асуудлыг үгүй болгож, Монголд ч, Солонгост ч адилхан буюу илүү сайн үйлчилгээг бид хүмүүст санал болгож байна.

Гоо сайхны өөрчлөлт хийхдээ эргэлзэж байгаа хүмүүс бидэн дээр ирж өөрт тохирох зөвлөгөөг авч сонголтоо хийгээрэй. Бид үйлчлүүлэгчийн нууцыг өндөр түвшинд хадгалах ба үйлчилгээгээ нууцлахыг хүссэн үйлчлүүлэгчдэд зориулсан тусгай үйлчилгээ ч бий. Танд тулгарч буй асуудлыг шийдэхэд тань манай “Баясал вэлнэс” төв тусална гэж бодож байна.

- Хүмүүс танай байгууллагаас ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

- Бид гадаад гоо сайхан, дотоод гоо үзэсгэлэн, бясалгал, тэнцвэрт хооллолт, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэг бүх хэлбэрийн гоо сайхан, эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлдэг. “Баясал вэлнэс” төвийн үйлчлүүлэгчдийн ихэнх нь өөрийн дотоод гоо үзэсгэлэн ба эрүүл мэндээ анхаардаг хүмүүс байдаг тул зөвлөгөө, үйлчилгээ маш үр дүнтэй байдаг.

Нэг үйлчлүүлэгч маань сургуулийн багш байсан юм. Нүдэнд нь үрчлээ сууснаас болж, сурагчдынхаа өмнө гарч хичээл заахдаа аль болох инээж буй төрх үзүүлдэг боловч сурагчид өөрийг нь ууртай багш гэж боддог. Үүнийг яавал зохилтой вэ гэж асуусан. Хөмсөг хоорондын үрчлээг "11" үрчлээ гэж нэрлэдэг. Миний бие аяндаа үүссэн хөмсөг хоорондын "11" үрчлээг алга болгох мэс заслаас илүү хялбар мэс ажилбар хийхийг зөвлөдөг. Дотоод сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, үйлчлүүлэгч өөрийн дотоод гоо сайхныг илтгэх чиглэлээр зөвлөгөө өгдөг.

Энэ аргаар үйлчлүүлэгч зөвлөгөө авч, өөрт тохирсон эмчилгээг хийлгэдэг. Бид хэзээ ч үйлчлүүлэгчдэд хиймэл буюу хэтэрсэн мэс заслыг санал болгодоггүй ба аль болох өөрийн унаган төрхөө алдахгүй, натурал харагдах үйлчилгээг санал болгож, зөвлөгөө өгдөг.

- Лазер нь арьс гэмтээж, эмзэг болгодог гэх яриа байдаг. Мэргэжлийн хүний үүднээс та ямар хариулт өгөх вэ? 

- Лазер нь инвазив бус аргаар мэнгэ, толбыг арилгах, үү, ургацгийг авах зэрэг арьсанд нөлөөлдөг сөрөг бус нөлөөллийг бууруулдаг төхөөрөмж юм. Бүх лазер эмчилгээний төхөөрөмжийн ажиллах зарчим адилхан. Лазер эмчилгээ хийлгэхээр ирсэн хүний арьсны байдал, онцлогийг харгалзан түүнд тохирсон лазер сонгож, арьсны дагуу параметр тохиргоог зөв хийснээр сөрөг нөлөөлөл байхгүй болж, дээд зэргийн үр дүн гарна. Энэ нь эмчийн ажлын туршлага дээр тулгуурладаг болохоор лазер эмчилгээг заавал мэргэжилтнээр дамжуулан хийх ёстой гэдгийг хэлмээр байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

- Танай эмнэлэгтэй танилцаж байхад цоо шинэ төхөөрөмжүүд нүдэнд туслаа. Эдгээр төхөөрөмжүүдийг бүх хүний арьсны онцлог тохируулж ажиллуулдаг байх тийм үү?

- Сая таны хэлсэнчлэн бүх хүний арьсны төрөл, онцлог байдалд тохируулан бүх лазерт параметр тохиргоог хийх боломжтой. Ерөнхий параметр тохиргоо буюу Солонгос хүнтэй адил тохиргоог хэрэглэх нь буруу.

Хүний арьс нь 20-25 насанд хамгийн эрүүл байдаг гэж үздэг. Харин үүнээс хойш жил бүр 1%-ийн хөгшрөлт явагдаж эхэлдэг.Үүнийг багасгахын тулд лазер болон төрөл бүрийн аргаар арьсыг илүү эрүүл, залуу байлгах боломж байдаг бөгөөд үүнийг бид үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна. 

Монгол орон хуурай, эрс тэс уур амьсгалтай учраас Монголчууд гоо сайхны эмчилгээг маш няхуур, мөн тогтмол цаг хугацаанд хийлгэж байх нь зүйтэй.

-Та гоо сайхны бүх хагалгааг өөрөө гардаж хийдэг үү?

- Би бүх хагалгааг шууд гардаж хийдэг. Нарийн төвөгтэй ажилбарууд дээр өөрийн Солонгос эмч нарын багтай зөвлөлдөн хамт хийх тохиолдол бас бий.

Ялангуяа гоо сайхны мэс засал нь зөвхөн гоо үзэмж төдийгүй жижиг хэсгийг ч харгалзан үзэх ёстой хагалгаа юм. Иймээс үйлчлүүлэгч нь мэс засал хийлгэх буюу эргэлзэж буй тохиолдолд мэргэжлийн хүнд хандан сайн зөвлөгөө авсны дараа хийлгэвэл илүү сайн болохыг зөвлөдөг. Дахин хэлэхэд, мэс засал хийлгэхдээ эргэлзэж байвал мэргэжлийн эмнэлэг болон эмчтэй сайн зөвлөлдсөний эцэст шийдвэр гаргах нь сайн үр дүнтэй. 

- Манай орны цаг агаар маш хуурай. Монгол хүмүүсийн арьсны онцлогийн талаар судалгаа хийж байсан болов уу? 

- Хүний арьсны талаарх олон судалгаа байдаг. Миний бие эмч болсноор энэ талаарх олон судалгааг мөн хийж байсан. Монгол хүмүүсийн арьс нь Солонгос хүнийхтэй харьцуулахад тослог ялгаруулах хэмжээ нь ойролцоо боловч чийгшлийн агууламж дутагдалтай, пигмент болон улайлт их үүсдэг. Мөн меланины үзүүлэлт ч өндөр байдгийг ажигласан. Иймээс Монгол хүний арьс нь Солонгос хүнийхтэй харьцуулбал маш эмзэг гэж хэлж болно. 

- Ярилцлагаа арьс арчилгааны зөвлөгөөгөөр төгсгөе.

- Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн сайн үйлчлэлтэй гэсэн үг биш. Тухайн хүн өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх нь л чухал. Мөн цаг агаарын нөхцөл, хэт ягаан туяаны тусгал хүчтэй, хатуулаг ихтэй гүний ус хэрэглэдэг болохоор Монголчууд хамгаалалт болон энгэсгээ зузаан хэрэглэдэг тохиолдол их юм шиг санагддаг. Ингэж энгэсгээ зузаан хэрэглээд арьсаа хамгаална гэхээс илүүтэй зориулалтын нарны тосыг онцлогоос нь хамаарч 3-5 цагийн зайтай хэрэглэж арьсаа хамгаалах, оройдоо давхар цэвэрлэгчээр хамгаалалтын тос болон энгэсгээ арилгаж байх нь эрүүл арьстай байх суурь юм.

- Баярлалаа. 

"Баясал Вэлнэс" төвийн зургуудаас:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.