Мягмар гарагт шууд дүрс дамжуулж байсан сэтгүүлчийн гар утсыг нэг этгээд булааж зугтаасан хэрэг Египет улсад гарчээ.
Ингэхдээ тэр шууд нэвтрүүлэг дамжуулж байгааг мэдээгүйгээс өөрийн царайг олон мянган хүнд харуулсан тул амархан баригдсан байна.
Тухайн өдөр Грекийн Карпатос аралд 6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь Египетийн нийслэл Кайр хотод мэдрэгджээ.
Чичиргээний дараа тус улсын Youm7 мэдээллийн сайтын сэтгүүлч Махмуд Рагеб нөхцөл байдлыг Кайрын гудамжнаас гар утсаараа шууд дамжуулсан байна. Энэ үеэр мотоцикльтэй этгээд түүний гар утсыг шүүрэн зугтаажээ.
Тухайн үед шууд дамжуулалтыг 20,000 гаруй хүн үзэж байв. Гэмт этгээд мөн ийм тооны хүмүүст царайгаа харуулжээ. Улмаар дүрс бичлэг нь сошиал сүлжээнд тархаж, богино хугацаанд нийтдээ 6.2 сая хүн үзэж, 45,000 сэтгэгдэл бичигдсэн байна. Үзэгчдийн зарим нь дээрэмчнийг эрэн хайх ажиллагаанд оролцож, хэдхэн цагийн дараа илрүүлжээ.
Египетийн дотоод хэргийн яамны мэдээлснээр гэмт этгээд нь ажилгүй, хулгайлсан гар утсаа зарж амьдардаг нэгэн байсан гэнэ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!