Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрийн гурван наадмын өв соёлыг тээж авч яваагийн хувьд бөх, сур, морин уралдааны холбоод хамтарч ажиллахаар боллоо"

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбоо, Монголын Үндэсний Бөхийн холбоо, Монголын Үндэсний Харваачдын холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уламжлалт спортын гурван холбооны зүгээс Монголын биет бус өвийг хадгалан үлдээх, Монгол наадамд зөвхөн монгол адууг уралдуулах талаар санал нэгдэж байгаагаа энэ үеэр мэдээлсэн юм. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн "Ардын хувьсгал ялснаас хойш 100 жилийн хугацаанд анх удаа Монгол төрийн наадам тасалдлаа. Үүний ар талд өв соёлоо яаж хадгалж үзэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна. 

Одоогоос 11 жилийн өмнө ЮНЕСКО эрийн гурван наадмыг Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан биет бус оюуны өв соёл гэж бүртгэж авсан. Энэ өвөл соёл тасалдаж байгаа нь зөвхөн бөхчүүд, уяачид, харваачдын асуудал биш юм. Энэ өв соёлоор дамжуулан ард түмэн тусгаар тогтносон улсын иргэн гэдгээ мэдэрч, сэтгэлийн их таашаал авдаг. Тиймээс энэ өв соёлыг тээж авч яваагийн хувьд гурван холбоо хамтарч ажиллахаар боллоо. 

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Тухай бүрд нь тодорхой заалтууд дээр өөрчлөлт хийгээд явж ирсэн. Сүүлийн хоёр жилд яригдаж байгаа өөрчлөлтүүдээс анхаарал татсан нэг асуудал нь эрлийз болон монгол адууг өндөр намаар нь ялгах. 21 дүгээр зуунд амьдарч байж бид өндөр, намаар нь ялгах нь утгагүй. Энэ мэт амьдралд нийцээгүй заалтууд дээр гурван холбоо нэгдсэн байдлаар байр сууриа илэрхийлнэ. УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд байр сууриа хүргэхээр ажиллана" хэмээн ярилаа. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Үндэсний Сурын холбооны ерөнхийлөгч Ч.Энхтайван "Хүннү гүрний үед эрийн гурван наадмыг тэмдэглэдэг байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн байдаг. Тийм учраас үндэсний спортын холбоод наадмын өв соёлыг унаган төрхөөр нь хамгаалах, өвлүүлэн үлдээх үүднээс өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байна" гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Үргэлжлүүлэн Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав "Наадмыг эсэргүүцдэг төрийн бус байгууллагын төлөөлөл, залуучуудтай нээлттэй уулзаж, ярилцах боломжтой" гэдгийг хэлээд бөхчүүдийн допингийн шинжилгээний талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Ингэхдээ "Наймдугаар сарын 17-ны өдөр допингийн шинжилгээ аваад 18-нд БНСУ-д хүргэгдсэн. Есдүгээр сарын 16-наас хариу гарч эхэлсэн. Хариу гарсан даруйдаа Монголын допингийн эсрэг байгууллага руу хүргэгддэг. Шинжилгээ өгсөн 18 бөхийн дийлэнхийнх нь хариу ирсэн байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Үндэсний бөхийн холбооны хувьд бүх хариу ирсний дараа нэгтгэсэн байдлаар мэдээлэл авна. 

Олон улсын допингийн эсрэг байгууллагын журмын дагуу шинжилгээ авсан бөгөөд хариуг нь мөн журмын дагуу зарлана" хэмээв.