Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн хойд Хятадад эрчим хүчний тасалдал гарсны улмаас нүүрсний импортыг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятадын зүүн хойд бүс нутагт өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний ноцтой тасалдал гарсан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Тасалдлын гол шалтгаан нь нүүрсний үнэ нэмэгдэж, нийлүүлэлт багассантай холбоотойг энэ удаагийн хямралд хамгийн хүнд нэрвэгдсэн Жилинь мужийн захирагч мэдээлжээ.

Тус мужид эрчим хүч тасалдсанаас замын гэрлэн дохионууд, орон сууцны лифтнүүд ажиллахгүй, гар утасны 3G сүлжээ доголдож, үйлдвэрүүд хаалгаа барьсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Орон нутгийн дэлгүүрүүд эрт хааж, зарим нь лааны гэрэлд ажиллаж байгаа тухай иргэд сошиал сүлжээнд мэдээлжээ.

Цахилгааны тасалдал удахгүй цэвэр усны түгээлтэд нөлөөлснөөс иргэд ундны усгүй болох аюул ойрхон байгааг Жилинь мужийн удирдлагууд мэдээлсэн юм.

Тус мужид Шэньян, Далянь зэрэг нийтдээ 13 сая гаруй оршин суугчтай Хятадын томоохон хотууд оршдог. Мөн Apple, Tesla зэрэг аварга компаниудад эд анги нийлүүлдэг үйлдвэрүүд байрладаг юм.

Даваа гарагт орон нутгийн эрчим хүчний компаниудын төлөөлөлтэй уулзсан Жилинь мужийн захирагч Хан Жүн нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүх боломжоо ашиглахыг уриалсан байна.

Үүнд Орос, Монгол, Индонез зэрэг улсуудаас авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх тухай ярьжээ. Бас нүүрсний нийлүүлэгчидтэй уулзах тусгай багийг хөрш Өвөр Монгол руу яаралтай илгээснээ мэдээлсэн байна.

Голдмэн Саксын тооцоолсноор энэ удаагийн эрчим хүчний хямрал Хятадын аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагааны 44 хувьд нөлөөлжээ. Тасалдлын улмаас энэ оны гуравдугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний гарц 1 нэгж хувиар, сүүлийн улирлын гарц 2 нэгж хувиар буурах тооцоо гарсан байна.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах стандартыг чангатгасны улмаас сүүлийн үед Хятадад эрчим хүчний зориулалттай нүүрсний үнэ ханш хамгийн дээд цэгтээ буюу тонн нь 1,324 юань хүрээд байгаа.

Хятадын Эрчим Хүчний зөвлөл өчигдөр гаргасан мэдэгдэлдээ цахилгаан станцууд ямар ч үнээр хамаагүй нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлжээ.

Зүүн хойд Хятадад нүүрсний арилжаа эрхэлдэг нэг хүн “Орос улс хамгийн түрүүнд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой харагдаж байна. Индонезид борооны улирал эхэлсэнтэй холбоотой сүүлийн хоёр сар нүүрсний экспорт нь багассан. Ачааны машинаар ихэнх нүүрсээ тээвэрлэдэг Монголын экспорт багадаж байна” гэж ярьсан байна.

 

Эх сурвалж: Reuters