Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хот түүхэндээ зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байсан. Тодруулбал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны аравдугаар сараас эхлэн боловсруулж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд 1,200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан юм. Үүнээс гадна Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, зөвшилцөх үйл ажиллагаа үргэлжилж байна.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэдээс санал авах ажлыг есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-ны хооронд зохион байгуулна.
Ерөнхий төлөвлөгөөг энэ жондоо багтаж батлуулна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!