Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүх эрх мэдэл Улсын Их Хурлаас хараат болох уу?

ikon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын 2021 оны есдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Шүүхийн тухай хууль дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн сонгон шалгаруулалтын заалтуудтай холбоотой маргааныг хэлэлцэх гэж байна. Үндсэн хуулийн цэц ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилохоор заасан ньҮндсэн хууль зөрчсөн гэж үзээд байгаа билээ. Харин УИХ цэцийн уг дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан тул Их суудлын хуралдаанаар хэлэлцэж буй нь энэ юм. Уг маргаантай холбоотой хуульч, судлаач П.Баттулгын нийтлэлийн хүргэж байна. 



Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ нь манай улс 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш шүүхийн тухай хуулийг 3 дахь удаагаа шинэчлэн батлаад буй хэрэг юм.  Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг  2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн найруулж баталсан. Үүний дараа 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай, Шүүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг шүүхийн багц хуулийг баталсан байдаг.   

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг нь шүүх эрх мэдэлтэй холбоотой байв. Уг нэмэлт, өөрчлөлтөөр шүүх дэх төвлөрсөн эрх мэдлийг задлах, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зэрэгцээ хариуцлагатай байдлыг баталгаажуулахыг зорьсон. Энэ хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 байхаар тогтоож, тэдгээрийн 5-ыг шүүгчид дундаасаа, 5-ыг нээлттэй, ил тодоор нэр дэвшүүлж томилох, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо бие даан ажиллах эрх зүйн үндсийг тогтоов.

Шүүх дэх төвлөрсөн эрх мэдэл гэдэг нь чухамдаа шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн оролцоо, нөлөөллийг ойлгож байв. 1992 оны Үндсэн хууль, түүний дараа баталсан шүүхийн хуулиудад Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэл дэх оролцоо ямар байсныг доорхи хүснэгтээр харуулъя.

Монгол Улсын Үндсэн хууль. 1992 он

  1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчдийг томилох;
  2. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дундаас томилох.

Шүүхийн тухай хууль. 1993 он

  1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах;
  2. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор томилох;
  3. Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор томилох;
  4. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд нэг төлөөлөл оруулах;
  5. Сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг хянан шийдвэрлэх Шүүгчийн сахилгын хорооны дүрмийг батлах.

 

Ингэснээр Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуульд заасан 2 эрхээс гадна 5 эрхийг эдлэх болов.

Шүүхийн тухай хууль. 2002 он

  1. Тодорхой субьектүүдээс санал болгосноор Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох;
  2. Шүүхийн сахилгын хорооны даргыг гишүүдийнх нь санал болгосноор томилох.

 

Ингэснээр Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуульд заасан 2 эрхээс гадна 7 эрхийг эдлэх болов.

Шүүхийн багц хууль. 2012 он

  1. Тодорхой субьектүүдээс санал болгосноор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилох (ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд төлөөллөө оруулах эрх нь ийнхүү өргөжив);
  2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүдийнх нь санал болгосноор томилох;
  3. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн мэргэшлийн хорооны хамтран боловсруулж өргөн мэдүүлснээр шүүгчийг сонгон шалгаруулах журмыг батлах;
  4. Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх чиг үүрэг бүхий Шүүхийн мэргэшлийн хорооны дүрмийг батлах.

 

Ингэснээр Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуульд заасан 2 эрхээс гадна 10 эрхийг эдлэх болов.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар дээрх хүснэгтэд харуулсан Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд зааснаас гадна хэрэгжүүлж байсан 10 эрхийг одоо хэн эдлэхээр болсныг дор харуулъя:

  1. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, шүүгчийг огцруулах – Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэнэ.
  2. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох – тухайн шүүхийн шүүгчид сонгоно.
  3. Улсын дээд шүүхийн Танхимыг тэргүүнийг томилох – Улсын дээд шүүхийн шүүгчид сонгоно.
  4. Шүүхийн сахилгын хорооны дүрмийг батлах – Шүүхийн сахилгын хороо дэгээ өөрөө тогтооно.
  5. Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох – Шүүхийн сахилгын хорооны 4 гишүүнийг шүүгчид дотроосоо сонгох бол бусад 5 гишүүнийг УИХ томилно.  
  6. Шүүхийн сахилгын хорооны даргыг томилох – Шүүхийн сахилгын хорооны гишүүд өөрсдөө шууд сонгоно.
  7. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилох - Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүнийг шүүгчид өөрсдөө сонгох бол бусад 5 гишүүнийг УИХ томилно. 
  8. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг томилох – Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд өөрсдөө шууд сонгоно.
  9. Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг батлах – Шүүхийн ерөнхий зөвлөл
  10. Шүүхийн мэргэшлийн хорооны дүрмийг батлах – Шүүхийн мэргэшлийн хороог байх шаардлагагүй гэж үзэж татан буулгасан.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус 5 гишүүнийг, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус 5 гишүүнийг УИХ томилохоор заасан нь шүүх эрх мэдлийг УИХ-аас хараат болголоо хэмээн шүүмжлэл гарах болсон. Улмаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилох зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд байгаа билээ.

УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бие даасан агентлагийн удирдлагыг УИХ-ын дарга нэр дэвшүүлснээр УИХ томилох зохицуулалт нийтлэг байдаг. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Үндэсний статистикийн хорооны даргыг ийм журмаар томилдог. Тэгвэл УИХ-аас Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилоход ийм журмыг баримтлахгүй. Баримтлах ч ёсгүй юм. 

Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавигдсан шаардлагыг хангасан хэн ч нэрээ дэвшүүлэх нь нээлттэй бөгөөд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулж УИХ-д нь өргөн мэдүүлэх үүргийг өөр өөр институцийн оролцоог хангасан байдлаар байгуулагдсан Ажлын хэсэг хэрэгжүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр баталсан "Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам"-ын дагуу “Ажлын хэсгийг УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, төрийн бус өмчийн хууль зүйн сургууль гэсэн 10 институцээс санал болгосны дагуу Ажлын хэсгийн гишүүдийг Хууль зүйн байнгын хороо томилох бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын даргын томилсон УИХ-ын гишүүн ахална” гэж зохицуулжээ. Түүнчлэн УИХ нь Ажлын хэсгээс сонгон шалгаруулж, санал болгосон хүнийг томилох эсэхийг шийдвэрлэхдээ нээлттэй томилгооны сонсгол зохион байгуулна. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог болон мэргэжлийн институцүүдийн тэнцвэртэй төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгээс нээлттэй сонгон шалгаруулж эдгээр албан тушаалд нэр дэвшүүлсэн хүнийг нийтийн сонсголд оруулсны дараа түүнийг хүлээн зөвшөөрөх эсэхийг л УИХ шийдэхээр зохицуулсан тул улс төрийн аль нэг ашиг сонирхол хэт давамгайлах, зүй бусаар нөлөөлөх эрсдэл саармагжина.

2021 оны 04 дүгээр сард Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалт зарлагдаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний орон тоонд 29, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний орон тоонд 24 хүн нэрээ дэвшүүлж, нэр дэвшигчдийн зураг, намтар олон нийтэд нээлттэй тавигдаж, иргэд, олон нийт нэр дэвшигчдийн талаар санал, шүүмжээ хэлж байсан1. Өөрөөр хэлбэл, уг ажиллагаанд олон нийт хяналт тавих бүрэн боломжтой болсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5 нь, Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүний 4 нь шүүгчид өөрсдөө сонгосон шүүгч гишүүн байхад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо УИХ-ын 76 гишүүнээс хараат болно гэж үү. Наанадаж томилогдсоных нь дараа нэг гишүүн яривал та намайг ганцаараа сонгоогүй, УИХ намайг сонгосон юм шүү гэж хэлж чадах биш үү. Ерөнхийлөгч, Засгийн газар, хууль зүйн сайдаас томилогдсон хүнд  ингэж хэлэх боломж байх болов уу?

Шүүхийн сахилгын хорооны шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг эхний хуралдааныг “2 шүүгч бус, 1 шүүгч” гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар шийдвэрлэх, энэ хуралдаанаас гаргасан шийдвэрт оролцогч тал гомдол гаргавал гомдлыг “2 шүүгч, 1 шүүгч бус” гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан үзэхээр заасан нь угтаа хяналт-тэнцлийг бий болгож, шүүгчийн хариуцлага гэдгээр шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэлийг хааж буй хэрэг юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хаалттай байдлаар, олон нийтийн хяналтаас гадуур, улс төрийн шууд оролцоотойгоор томилгоо хийвэл шүүхэд хаалттай орчин үүсч, хариуцлага алдах, эсхүл шүүгчийн хараат бус байдал алдагдаж, шүүх улс төрийн нөлөөлөлд орох эрсдэлтэйг бодолцох нь зүйтэй болов уу. 

Шүүх эрх мэдэл ард түмнээс хол хөндий байна, шүүгч нарыг ард түмэндээ ойр байлгах, тэдний хяналтад оруулахын тулд иргэдээс шүүгчдийг сонгодог болъё гэх яриа үе үе цухалздаг. Хэрэв тэгвэл шүүгчдийг улс төрийн өрсөлдөөн, компанит ажилд татан оруулах болно гэдгийг хүмүүс мэдэж л байгаа. Гэхдээ төр, засгийн эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай юм бол шүүх ард түмний хүсэл зоригтой ямар нэгэн сэжмээр холбоотой байх ёстой. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний томилгоог парламент хийх байдлаар илрэх явдал юм. Гэхдээ энэ бол шинээр зохиосон зүйл биш, бусад улсад ч ийм жишиг байдаг аж. 

Иргэдийг төлөөлж, хүсэл зоригийг нь илэрхийлж, тэдний өмнө хариуцлага хүлээж байдгийн хувьд парламент Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилдог байх нь ардчилсан улсын мөн чанарт тохирохгүй гэх газаргүй биз ээ.


1 https://ikon.mn/n/26rc ТАНИЛЦ: ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй 53 хүн 

 

Хуульч, судлаач П.Баттулга