Коронавирусын халдварын тоо буурахгүй өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед ковидоор өвчилсөн амьжиргааны түвшинээс доогуур орлоготой, гэрээр тусгаарлагдаж өөрсдийгөө эмчлэх эм тариа, хоол хүнсний хангамжийн дутагдалтай, гэр бүлээрээ ковидоор өвчилснөөс эдийн засгийн боломжгүй болж өөрсдийгөө эмчилж чадахгүй байгаа эмзэг бүлгийн айл өрх тэр дундаа өндөр настан, хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Эрүүл энхийн түүчээ” ТББ нь Хүүхдийн элч дуучин С.Гантогоотой хамтран “Бид бүгд туслах ямар нэгэн зүйлийг хийж чадна” уриан дор улсын хэмжээнд “УЛААН БҮС” хүмүүнлэгийн аяны төслийг хэрэгжүүлсээр байгаа билээ.
Тус аянаа 2021 оны 06 дугаар сарын 15-наас санаачлан, зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орж дүүргүүдийн ковидтой эмзэг бүлгийн иргэдээс нөхцөл байдлын талаар газар дээр нь очиж сурвалжлага, нэвтрүүлэг хийхийн зэрэгцээ судалгаанд хамруулсны үр дүнд энэхүү аяныг зохион байгуулж, хэрэгжүүлснээр бид олон нийтэд үнэн бодит нөхцөл байдлыг хүргэх, эмзэг бүлгийн иргэдэд туслах, нэг ч болтугай гэр бүлийн гишүүдийг аврах боломж байгааг олж харан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс албан ёсоор эхлэн 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуй нэгжийн тусламжтайгаар ковид туссан эмзэг бүлгийн иргэддээ дүүргийн өрхийн эмнэлэг, хороодуудтай хамтран тусламжийн гараа сунган үргэлжилсээр 2 сарын хугацаанд 1200 гаруй зорилтот бүлгийн иргэдэд тусламж хүргээд байна.
Нэр нэгтэй, нэг цустай Монголчуудад сайхан сэтгэлтэй маш олон хүн байдгийг аянд нэгдэж буй иргэд, аж ахуй нэгжийн тусламжаас харж, улс оронд минь тулгарч буй энэ цар тахлыг даван туулахын тулд бүгд хамтдаа хичээвэл тодорхой үр дүнд хүрч чадахыг бодитоор туулж мэдэрч яваа тэд аянд нэгдэж буй уран бүтээлчдийг оролцуулж, телевизүүдтэй хамтран Улаан бүс аяны тайлан лайв хандивын тоглолт-ыг хийхээр төлөвлөн ажилласнаар тоглолт 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдахаар болжээ. Тус тоглолтоор цугларсан сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн өглөгөөр дахин ковидын эмчилгээний багц бэлтгэн эм тариагаа авч чадахгүй байгаа зорилтот иргэддээ тарааж энэ удаагийн хүмүүнлэгийн аянаа өндөрлүүлэх юм.
#Ковидтой_улаан_бүсийн_эмзэг_бүлгийн_иргэддээ_тусалъя
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!