Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн салбар дахь “шахаа”-г Эрдэс баялгийн биржийн тухай хууль хална

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өндөр өсөлттэй энэ үеийг Монгол Улс олон шалтгаанаар бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Үүний нэг жишээ нь Монгол Улсын нийлүүлж буй нүүрсний үнэ. 

2021 оны хоёрдугаар сард л гэхэд уурхайн амны нэг тонн нүүрсний үнэ 47 ам.доллар байсан бол зарах боломжит үнэ 89 ам.доллар байж. Зах зээлийн боломжит үнээс бараг 50% хямд зарж байна гэсэн үг. Тухайн үед БНХАУ-ын Ганцмодны талбай дээр тонн нүүрсний үнэ 1,180 юань буюу 182 ам.доллар байв. Тэгвэл энэ үнэ өнөөдөр 2,870 юань хоёр дахин, дөрөвдүгээр сараас хойш л гэхэд 30% өсжээ. Харин Тавантолгойн уурхайн амнаас ачиж байгаа нэг тонн нүүрс 70 доллар орчимд хэлбэлзэж байна. Өөрөөр хэлбэл, Ганцмодны талбай дээрх үнэ хүртэл манай улс уурхайн амны үнээсээ илүү мөнгө алдаж байгаа ажээ.

Уурхайн амны нүүрсний үнийг ямар зарчмаар тогтоож байгаа нь тодорхой бус, ямар ч байсан зах зээлийн үнийн өсөлтийн хэрэг гарахгүй байгааг салбарын яам хүлээн зөвшөөрч байна

Тийм ч учраас Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг боловсруулан, яамдаас санал авах үйл явц үргэлжилж байгаа аж. Төлөвлөснөөр бол аравдугаар сард Засгийн газарт танилцуулах нь. Харин Засгийн газраас УИХ-д танилцуулагдаж, хэлэлцэгдэж, дэмжигдэх нь хамгаас илүү чухал юм. 

Бирж байгуулах санаачилгыг Р.Жигжид Уул уурхайн сайд байхдаа анх эхлүүлж, тэр үеийн Засгийн газар тогтоол гарган, үзэл баримтлалыг нь хүртэл баталсан байдаг. Гэвч УИХ-д танилцуулагдаж ч чадалгүй өдийг хүртэл зургаан жил дарагджээ. 

Тухайн үед хуулийг боловсруулсан шалтгаан нөхцөл өнөөдөр мэдээж дээрдээгүй. Монгол Улсын экспортын 90%-ийг бүрдүүлж байгаа эрдсийн бүтээгдэхүүний арилжааг зохицуулах хууль эрх зүйн орчингүйн улмаас өнөөдөр

  • Эрдсийн бүтээгдэхүүн худалдан авагчдыг сонгох, тоо хэмжээг хуваарилах, үнийн нөхцөлийг тохиролцоход төрийн албан тушаалтан ба зуучлагчид оролцож байгаа нь экспортын үнийг бууруулж байна. 
  • Шахааны бизнесээс болж зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээнээс 20-40 хувиар илүү гэрээлэлт хийгдэж, ачилт нь он дамжин сунжирч байгаа нь үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна.
  • Эрдсийн бүтээгдэхүүний худалдааг үйлдвэрлэгчид бие даан хийж, үнэ, экспорт ил тод бус, өрсөлдөөний замаар шудрага тогтохгүй, гадаадын болон үндэсний худалдан авагчид, үйлдвэрлэгчид хаалттай байгаа нь экспортын улсын төсвийн орлогын бууруулж байна.
  • Эрдсийн бүтээгдэхүүний үнийн эрсдэлийг хамгаалах ирээдүйн фьючерсийн гэрээг хийдэггүй, зах зээлийн өндөр үнээр дараа жилүүдэд үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй байхад нь борлуулж нэмэлт орлого олох боломжоо алдсаар байна.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ худалдахдаа зохиомлоор бага үнээр үнэ шилжүүлэн тооцож, татвараас зайлсхийж байна.

Харин хуультай болсноор энэ бүхэн цэгцэрч, үнэ ханш зах зээлийн зарчмаараа бодитой тогтож, борлуулалтын мэдээлэл бүх зүйл нээлттэй, ил тод болно. Ингэснээр хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдаж, Монгол Улсын эрдэс баялгийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна. 

Бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлогын эх үүсвэр нэмэгдэнэ.

Эхний ээлжид энэхүү бирж нь төрийн өмчит компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулна хэмээн хуулийн төсөлд тусгажээ. Уул уурхайн салбар дахь төрийн өмчит компаниудаа эхний ээлжинд биржээр дамжиж худалдаа явуулна гэхэд л жилийн 5-6 тэрбум ам.долларын арилжаа хийгдэх томоохон бүтэц бий болох нь. Хувийн хэвшлийн компаниуд ч орох нь нээлттэй. 

Хүснэгт. 2019-2021 оны эхний долоон сарын эрдсийн экспорт

Экспорт

сая.доллар

 

 

Эрдэс

2019.01.07

2020.01.07

2021.01.07

Нүүрс

1,791

880

1,114

Зэсийн баяжмал

1,199.9

875.6

1,638

Алт

1,95.9

1,080

218

Нийт

3,186.8

2,835.6

2,970

2021 оны эхний долоон сарын байдлаар л гэхэд 3 тэрбум ам.долларын худалдаа хийгдсэн байна. 

Таваарын биржийн арилжааг эхлүүл дэд бүтцийн хувьд боломжтой гэж үзжээ. Монголын хөрөнгийн бирж 2012 оноос хойш ашигласан "Миллениум Ай Ти” системийн таваарын биржтэй холбоотой хэсгийг өнөөг хүртэл ашиглахгүй явж байгааг хууль хэрэгжсэнээр шууд ашиглах боломжтой хэмээн тооцоолсон байна. 

Хуультай болсноор

  • Уул уурхайн бүтээгдэхүүний далд наймаа алга болно
  • Эрдэс баялгийн одоогийн үнийг олон улсын зах зээлийн үнийн мөчлөгтэй уялдуулна. 
  • Уул уурхайн компаниуд дахь үр өгөөжгүй бүтэц алга болж, өртөг зардал буурна
  • Худалдан авалт улс төрөөс ангид болж, аль нэг даргын дэмжлэгтэй компани үгүй болсноор
  • Олон улсын томоохон компаниуд манай зах зээлд орж ирэх боломж бүрдэнэ
  • Төрийн дарамт шахалт, хүнд суртал, авлига үгүй болсноор
  • Эрдэс баялгийн бүтээгдэхүүн борлуулалтын "Нэг цонх"-ны бодлого жинхэнэ утгаараа хэрэгжинэ

Төсвийн орлого нэмэгдэнэ гээд олон ЭЕРЭГ өөрчлөлт бий болох хүлээлттэй байна.