Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Комодо арлын луу устаж үгүй болох эрсдэлтэй амьтдын жагсаалтад бүртгэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Далайн усны түвшин нэмэгдэж, амьдрах газар нутгийн хэмжээ нь багасаж байгаагийн улмаас Комодо арлын луу хэмээх дэлхийн хамгийн том гүрвэлийг дэлхийн улаан номын устах эрсдэлтэй амьтдын жагсаалтад бүртгэжээ.

Индонезийн цөөн хэдэн арлын эрэг орчимд, халуун орны ой ширэнгийн захаар энэ амьтан амьдардаг. Өөрөөр хэлбэл далайн түвшнээс дээш 700 метрээс өндөргүй нам дор газар нутагт Комодо арлын луунууд амьдардаг юм.

Сүүлийн үеийн судалгаагаар ирэх 45 жилийн дотор далайн усны түвшин дээшилснээр тэдний амьдардаг газар нутгийн хэмжээ 30 хувиар хорогдох тооцоо гарчээ.

Ийм шалтгааны улмаас Комодо арлын лууг устах эрсдэлтэй амьтдын жагсаалтад оруулах болсноо Олон Улсын Байгаль Хамгаалах Холбоо энэ долоо хоногт Францын Марсейль хотод болсон чуулганыхаа үеэр зарласан байна.

Дэлхийн дулаарлаас гадна мод тайрах, түймэр тавих зэрэг хүмүүсийн үйлдэл луунуудын амьдрах газар нутгийг хумьж байгааг саяхан тогтоожээ.

Тухайлбал Индонезийн зүүн өмнөд хэсэгт оршдог Флорез арал дээрх Комодо луунуудын амьдардаг газар нутгийн хэмжээ 1970-аас 2000 оны хооронд 40 гаруй хувиар багассан байна.

Комодо арлын лууг Европчууд 20 дугаар зууны эхээр анх мэддэг болжээ. Насанд хүрэхдээ бие нь 3 метр урт, 150 кг жинтэй болдог энэ амьтан ширэнгийн зэрлэг гахай, буга, зэрлэг үхэр зэрэг амьтдаар хооллодог.

Хортой шүлсээрээ амьтны цусны даралтыг огцом унагаж, цочролд оруулж барьдаг аргатай. Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооны улаан номонд 138,000 орчим амьтны төрөл зүйл багтсанаас 38,000 нь устах аюултай ангилалд багтжээ.

Энэ жилийн шинэчилсэн жагсаалтад аварга загас, дэвүүр загасны төрлүүдийн 37 хувь устах аюулд ойрхон байгааг тодорхойлсон байна.

Үүнд загас агнуурын үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг голлон нөлөөлжээ.

Харин хүмүүсийн хүнсэндээ өргөн ашигладаг туна загасны долоон төрлийн дөрөвийнх нь тоо толгой эргээд нэмэгдэж эхэлсэн тухай сайн мэдээг дуулгасан байна.

Үүнд сүүлийн 10 жилд хэрэгжүүлсэн агнуурын хязгаарлалт чухал үүрэг гүйцэтгэжээ.

 

Эх сурвалж: The Guardian