Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Нийгэмлэгийн Монгол дахь салбар хөгжлийн боломжийг хүн бүрт тэгш хүртээх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

World Federation of United Nations Associations (WFUNA) буюу НҮБ-ын Нийгэмлэгүүдийн Олон улсын холбооны Монгол дахь салбар нийгэмлэгээс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра, Европын Холбоо, АНУ, Австрали, Канад, Германы Элчин сайдын яамдын төлөөлөл, Гадаад харилцааны яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

НҮБ-ын Нийгэмлэгүүдийн Олон улсын холбоо нь 1946 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд

  • хүний эрх,
  • дэлхийн иргэний боловсрол,
  • тогтвортой хөгжлийн зорилтууд дахь иргэний нийгмийн оролцоо,
  • НҮБ дахь ил тод байдал гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байна.

Дэлхийн 100 гаруй оронд салбартай тус байгууллагын Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэгийг олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан залуус байгуулсан ба хөгжлийн боломжийг хүн бүрт тэгш хүртээх, тогтвортой хөгжлийг дэмжсэн шинэлэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж.  

НҮБ-ын нийгэмлэг нь ЮНЕСКО-гийн Ази, номхон далайн харилцан ойлголцлын төлөөх боловсролын төв (UNESCO APCEIU)-тэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн залуу багш нарт зориулсан “Дэлхийн иргэний боловсрол” төсөл, ХБНГУ-ын Роберт Бош сангийн дэмжлэгтэйгээр “Байгууллагын дотоод хөгжлийг сайжруулах” төсөл, НҮБ-ын Залуу элч зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Уг нийгэмлэгийн Монгол дахь салбарын гишүүнчлэл нь 18-аас дээш насныханд нээлттэй бөгөөд гишүүнчлэлийн сонгон шалгаруулалтын бүртгэл есдүгээр сарын 3-24-нд явагдана.

Зураг
13 | 18 | 19 цаг