Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэсэн зөрчил дийлэнхдээ Завхан, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймгаас илэрч байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны хэмжээнд тарвагыг гурван жилийн хугацаанд хориглосон.

Мөн хууль бус ан агнуур, тарваган тахал өвчнөөс сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2021 оны А620 дугаар захирамж гарсан юм. Эдгээр шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, хяналт шалгалтыг тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх товчоодод хийж байна. 

Шалгалтын явцын талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл "Хориглосон хугацаанд тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн зөрчил 2020 онд 115, 2021 онд 61 гарсныг илрүүлэн, ЗӨСҮТ-д шилжүүлэн өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан.

Зөрчил дийлэнхдээ Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгаас ирж буй тээврийн хэрэгслээс илэрч байна. Эдгээр аймаг нь тарваган тахал гарах өндөр эрсдэлтэй, тахлын голомтын бүсэд хамаардаг. Манай улсын 17 аймгийн 137 сум нь тарваган тахлын голомттой гэх судалгаа бий. 

Зөрчлийн тухай хуульд зааснаар тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгож, бодгаль тус бүрийн экологи, эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж тооцдог.

Нөхөн төлбөрийн хэмжээ нь 252-420 мянган төгрөг байдаг. Түүнчлэн иргэд, жолооч нарт хандан хэлэхэд тээвэрлэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг болсон. Иймд холбогдох утасны дугааргүй, эзэн биегүй ачаа авахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.