Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

З.Болормаа: Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 38% нь барилгын хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НМХГ-аас барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг хянаж шалгажээ. 

Шалгалтын дүнг НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга З.Болормаа өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр "Нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт барилга угсралтын чиглэлээр ажиллаж буй 81 аж ахуйн нэгжийг шалгахад дараах зөрчлүүд нийтлэг илэрсэн. Тухайлбал, 

  • Барилгын ажил явагдаж байгаа талбай нь хамгааллын хашаатай, ойр орчимд нь нийтийн эзэмшлийн зам талбай буюу хүн олноор зорчдог хэсэгтэй бол хашаанаас гадна саравчаар тоноглогдсон байх учиртай. Мөн болзошгүй осол гэмтлээс сэргийлэхийн тулд хаалт, хамгаалалт, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээг хийсэн байх ёстой байдаг. Гэтэл шалгалтад хамрагдсан байгууллагуудын 38 хувьд нь эдгээр хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй зөрчил илэрсэн. 
     
  • Ажлын талбар цэвэр, цэгцтэй, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээнүүд тодорхой байх ёстой. Харин байгууллагуудын есөн хувь нь уг шаардлага хангаагүй.
     
  • Ажилтнуудыг хамгаалах хувцас, хамгаалалтын хэрэгслээр хангаагүй, эсвэл хангасан хувцас хэрэглэл нь стандартад нийцэхгүй, өндөрт ажиллаж буй хүмүүст өндрийн хамгаалалт зүүлгээгүй зэрэг зөрчил нийтлэг илэрлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эдгээрийг арилгах хугацаат албан шаардлага өгөхийн зэрэгцээ зарим зөрчлийг газар дээр нь арилгаж, сургалтуудыг зохион байгуулсан. 

Цаашид ажил олгогч нар дараах зүйлсийг анхааран баримтлах шаардлагатай байна.

  1. Барилгын ажлыг эхлүүлэх гэж байгаа бол аюулгүй байдал, бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Хашаа, хамгаалалтын хаалт, саравчийг хийж, талбайн доторх зам, материал хийц, бүтээцийг хураах газрыг заасан гарц, гал, ус хангамжийн объект зэргийн тойм зургийг гаргаж талбай руу орох хаалганы дэргэд байршуулах шаардлагатай. 
  2. Ажилтныг хамгаалах, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хангасан байх. Хамгийн түрүүнд ажилтнуудаа хамгаалах хэрэгсэл буюу малгай, нүдний шил, ажлын хувцас зэргээр хангах нь зүйтэй.
  3. Эрсдэлтэй орчинд ажиллаж буй хүмүүсээ мэргэшүүлэх. Кранист, гагнуурчин зэрэг бүх хүн мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой" гэлээ.