Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд АИ-92 шатахууны нөөц хэвийн. АИ-95, АИ-98-ын нөөцийг таслахгүйн тулд БНХАУ-аас нэмж авахаар ажиллаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ирэх сард дотоодын хэрэгцээг хангах шалтгаанаар ОХУ-аас АИ-95 бензинийг манай улсад нийлүүлэхэд хүндрэл үүссэн.Үүнтэй холбоотойгоор манай улс нөөцөө бүрдүүлэхийн тулд БНХАУ-ын төрийн өмчит компанитай хамтран ажиллахаар хэлэлцээрийн түвшинд явж байна.

Одоогоор АИ-95, АИ-98, АИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөцтэй байгаа.

Нөөцийг таслахгүй, хомсдол үүсгэхгүй байх үүднээс БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байна" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шатахууны үнэ цаашид буурах боломжтой юу?

-Манай улс жилд ойролцоогоор 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолдог. Цар тахалтай холбоотойгоор одоогоор 800 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн орж ирээд байна.

Нэгдүгээрт, зах зээл дээр авто бензиний үнэ өндөр байгаа. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд тасралтгүй өсөж байгаа энэ үед бензиний үнэ шууд буурна гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, гадаад зах зээлийн ханшаас хамаарч өсөж, буурна.

Сая ОХУ-аас автобензин тонн тутамдаа 38 ам.доллар, дизель түлш 10 ам.доллароор нэмэгдэж орж ирсэн.

Долдугаар сард 665 ам.доллар байсан АИ-92 авто бензиний үнэ сая 733 ам.доллар болж нэмэгдэж орж ирсэн гэсэн үг.

-Зарим аймагт АИ-92 авто бензин тасалдсан, мөн ААН-үүд сар бүр 30 тэрбумын алдагдал хүлээж байна гэх мэдээлэл байна. Шатахууны үнийг цаашид барих боломжтой юу?

-Хөдөө орон нутагт АИ-92 болон дизель түлш огт тасраагүй. Улсын хэмжээнд нөөц хэвийн байна.

Харин өнгөрсөн баяр наадмын өдрүүдээр ганц, хоёр удаагийн тохиолдлоор зарим шатахуун түгээх станцад нэг удаа 30 литр хүртэлх бензин олгох асуудал үүссэн. Үүнийг засаж, залруулсан.

Мөн импортлогч компаниуд сард 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа нь ташаа мэдээлэл байна. Учир нь он гарсаар газрын тосны түүхий эдийн үнэ Сингапурын бирж дээр 50 гаруй ам доллароор орж ирсэн.

Ингээд 2021 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл авто бензин тонн тутамдаа 300 гаруй ам.доллароор буюу 416-733 ам.доллар хүртэл өссөн байна.

ААН-үүдийн алдагдал хүлээж байгаа дүн мөн тийм хэмжээнд байгаа.

Төрийн зүгээс хуулийн дагуу тодорхой зохицуулалтыг хийдэг. Түүнээс биш ААН-ийн оруулж ирж буй бүтээгдэхүүний үнэд оролцож, өсгөж эсвэл бууруулах тогтоол гаргадаггүй.

Хуулийн дагуу бид гадаад зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор шатахууны үнэ өсөж эсвэл буурч байгаа эсэхэд хяналт тавьж, ААН-үүдтэй зөвшилцөлд хүрч ажилладаг.

-Шатахуун импортлогч 26 компанийг торгохоор болсон тухай мэдээлсэн. Тэдгээр компанийн заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцлахаар болсон гэсэн үнэн үү?

-Манайд зарим ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар хүсэлт, албан бичиг ирээгүй. Мөн ШӨХТГ-аас өгсөн мэдээлэлд үнийн өсөлттэй холбоотой ямар нэг асуудал байхгүй байна гэж ойлгосон.

АИ-92 бензин 30, дизель түлш 42, АИ-98 хоёр гээд нийт 74 дээжид шинжилгээ хийсэн. Тухайн үед ажлын хэсэгт нь АМГТГ болон ИНЕГМХЕГ зэрэг төрийн байгууллагын мэргэжилтнүүд орж ажилласан.

Шинжилгээнд механик хольц зэрэг нь гараагүй.  Тухайн дүгнэлтэд стандартын аргачлалыг тооцоогүй юм болов уу гэж бид харж байгаа.

Нөгөө талд хоёр лабораторийн харьцуулсан дүгнэлтийг хийгээгүйгээс тиймэрхүү мэдээлэл гарсан байх гэж ойлгож байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс тэр чигтээ чанаргүй бүтээгдэхүүн оруулж ирдэг, оруулж ирсэн бүтээгдэхүүн бүгд стандартад хүрдэггүй мэт буруу, ташаа мэдээлэл яваад байна.

-ОХУ АИ-95 болон АИ-98 шатахууны экспортоо түр хязгаарлаж байгаа тул манай улс БНХАУ-аас импортолж нөөцөө бүрдүүлэх болсон гэлээ. Үнийн зөрүү нь хэр байх бол?

- Манай улс БНХАУ-аас жилд 60 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортоор авдаг бөгөөд үнийн зөрүү нь их биш.

Нөөцийн хомсдлын хувьд зөвхөн АИ-95 шатахууны хувьд яригдах бөгөөд ОХУ-аас ёсдүгээр сар хүртэл АИ-95 шатахууны нийлүүлж чадахгүй тухай хариу өгсөн. Тиймээс бид одоогийн нөөцөөрөө явуулна. Одоогоор 30 хоногийн нөөц байгааг дахин хэлье.

Гэхдээ бид дараа дараагийн нөөцөө бүрдүүлэхийн тулд л БНХАУ-аас АИ-95 болон АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байгаа гэсэн үг.