Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн цар тахлын төв цэг Энэтхэгээс Индонез улсад шилжлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 54,517 тохиолдол шинээр бүртгэгдсэн тухай Индонез улсын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

270 орчим сая хүн амтай, хүн амынхаа тоогоор дэлхийд дөрөвт бичигддэг тус улсын хувьд энэ нь нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр өсөлт болж байна.

Энэ үзүүлэлтээр Индонез улс Энэтхэгийг гүйцэж, Ази тивийн цар тахлын хамгийн том төв цэг болжээ. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл тус улсын эрүүл мэндийн систем ойрын үед нуран унах аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Оношилгоог хангалттай тоогоор хийхгүй байгаа тул бодит байдал дээр өвчлөлийн тоо хамаагүй өндөр байх магадлалтай гэнэ.

Бямба гарагт нийтлэгдсэн судалгааны дүгнэлтэд өгүүлснээр Индонезийн нийслэл Жакарта хотын 10.6 сая оршин суугчийн бараг тал хувь нь коронавирусийн халдвар авсан байх магадлалтай ажээ.

Лхагва гарагт Индонез даяар 991 хүн Covid-19 өвчний хүндрэлээр нас барж, нийт эндэгдлийн тоо нь 69,210 хүрсэн байна.

Сүүлд үүссэн халдварын давалгаа нь коронавирусийн Дельта хувилбар хүн амын дунд тархсантай холбоотой гэж дүгнэжээ.

Индонезийн нийт 120,000 эмнэлгийн орны 90,000 нь дүүрсэн бол өнгөрсөн сарын сүүлчээс хүчилтөрөгчийн үнэ ханш огцом нэмэгдэж эхэлсэн байна.

Эмнэлгүүдийн түрүүч нь хүчилтөрөгчийн нөөцөө дуусгаж эхэлжээ. Энэ сарын эхээр Жава арлын нэгэн эмнэлэгт хүчилтөрөгчийн хангамж нь тасалдсан 60 гаруй өвчтөн амьсгал хураасан байна.

Индонез улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явц удаан байгаа. Өнөөдрийн байдлаар тус улсын хүн амын ердөө 5.5 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ.

Нийслэл Жакарта хотод энэ үзүүлэлт 18 орчим хувьтай байна.

Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо “вакцин бол дэлхий нийтийг хамарсан цар тахлаас аврагдах ганц найдвар” гэж Лхагва гарагт хэлсэн үгэндээ мэдэгджээ.

Тус улсын хувьд вакцины олдоц, хүрэлцээ гол асуудал болж байгаа. COVAX хөтөлбөрийн хүрээнд Индонез улс нийт 14 сая гаруй тун вакцин хүлээж аваад байна.

Индонезээс гадна Мьянмар, Малайз, Тайланд, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудад цар тахлын нөхцөл байдал одоогоор хамгийн муу түвшиндээ хүрээд байгаа юм.

 

Эх сурвалж: CNN