Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Герман, Бельгид урьд өмнө үзэгдээгүй их үер бууснаас 70 орчим хүн амь үрэгдээд байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Герман, Бельги улсуудад сүүлийн 24 цагийн хугацаанд ер бусын их устай аадар бороо орсны дараа голууд үерлэснээс 70 орчим хүн амь үрэгджээ.

Бельгид 11 хүн, Германд 60 орчим хүн амь үрэгдсэн нь одоогоор тогтоогдоод байна. Хохирлын хэмжээг бүрэн гаргаж чадаагүй байгаа юм.

Германы Рэйнланд-Палатин, Умард Рэйн-Вэстфаль мужууд үерийн гамшигт хамгийн их нэрвэгджээ. Гамшгийн бүс нутагт Баасан гарагт аадар бороо үргэлжлэн орохоор байгааг цаг уурын байгууллагууд мэдээлж байна.

Албаныхан энэ удаагийн үерийг дэлхийн дулаарлын улмаас бий болсон цаг агаарын эрс тэс үзэгдэл гэж үзэж байгаа ажээ.

“Бид цаашдаа ийм үзэгдэлтэй ойр ойрхон тулгардаг болно. Тиймээс ард иргэдийг цаг агаарын гамшигт үзэгдлээс хамгаалах нэгдсэн арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй болж байна. Уур амьсгалын өөрчлөлт аль ч мужийг ялгахгүй” гэж Умард Рэйн-Вэстфаль мужийн захирагч Армин Лашет мэдэгджээ.

Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар АНУ-д айлчилж байгаа Германы канцлерь Ангела Меркель үерийн гамшигт хэлмэгдсэн хүмүүсийн хойноос эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлсэн байна. Тус улсын байгаль орчны сайд Свенья Шульце "Уур амьсгалын өөрчлөлт Германд ирлээ" гэж мэдэгдсэн юм.

Германы баруун хэсэгт зам тээврийн системд тасалдал үүсч, сургуулиудыг хаажээ. Олон зуун цэргийн алба хаагчдыг дайчилж, байшингийн дээвэр дээр аврал хүлээн зогсоо иргэдийг ээлж ээлжээр нүүлгэн шилжүүлж байна.

Зарим амины орон сууцнууд гадаад ертөнцөөс бүрэн таслагдаж, завиар хүрэх аргагүй болсон тул нисдэг тэрэг дайчилжээ.

Гамшгийн бүс нутагт амьдардаг өндөр настнууд амьдралдаа ийм том үер үзээгүйгээ ярьцгааж байна. Хөрш Бельги улсын Брюссель, Антверпын дараа гуравт ордог томоохон хүн амын суурьшлын бүс болох Льежид иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Орон гэрээ орхих боломжгүй иргэдийг барилгынхаа дээд давхарт толгой хоргодохыг орон нутгийн удирдлагууд зөвлөсөн байна.

Энэ бүс нутгийн үерлэсэн голуудын усны түвшин нь ойрын үед дахин 1.5 метрээр нэмэгдэх төлөвтэй байгаа юм. 

Хөрш Нидерланд улсын Маастрихт хотын 10,000 оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна.

 

Эх сурвалж: BBC