Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн хотуудад зэвсэглэсэн "микрийн жолооч" нар хяналтыг гартаа авчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч асан Жэкоб Зумаг авлигын хэрэгт яллах болсныг эсэргүүцсэн үймээн долоо хоног үргэлжилж байна.

Тус улсын хүн амын зарим хэсэг Зумаг ядуусыг хамгаалагч гэж үздэг. Экс ерөнхийлөгчийг хамгаалсан иргэдийн тэмцэл сүүлдээ эмх замбараагүй байдалд хүргэж, Өмнөд Африкийн том хотуудад дээрэм тонуул газар аваад байна.

Эхэндээ тэмцэгчид дэлгүүр, худалдааны төвүүдийг тонож эхэлсэн бол сүүлдээ цар тахлын улмаас ядуурсан энгийн иргэд оролцож эхэлжээ.

Үймээн самууны улмаас сүүлийн байдлаар 72 хүн амь үрэгдэж, 1,200 гаруй хүн баривчлагдаад байна.

Нөхцөл байдал хяналтаас гарч, цагдаа хүчнийхэнд найдах аргагүй болсон тул иргэдийн зарим хэсэг өөрсдөө арга хэмжээ авч эхэлжээ.

Тухайлбал Өмнөд Африкийн хамгийн том хот Йоханнесбургийн нийтийн тээврийн үйлчилгээг голлон эрхэлдэг хувийн микро автобусны жолооч нар өөрсдөө зэвсэглэж, худалдааны гол гудамжуудыг хамгаалж эхэлсэн байна.

Дэлгүүрүүд тоногдож, худалдаа наймаа уналтад орсны улмаас жолооч нар орлогогүй болсон нь ийм арга хэмжээ авахад хүргэжээ. Жолооч нар галт зэвсэг, төмөр саваа, бороохойгоор зэвсэглэж, дэлгүүр тоногчдыг хатуу гэсгээж эхэлсэн байна.

Тэдний гарт дэлгүүр тонож байсан хүмүүс амиа алдсан тохиолдлууд бүртгэгджээ. Микро автобусны жолооч нар хүчирхийлэл үйлдэж эхэлсэн нь цаашид нөхцөл байдлыг улам хурцатгах аюултайг албаныхан хэлж байна.

“Хэрвээ хүн бүр зэвсэг барьж өөр өөрсдийн эрх ашгийг хамгаалж эхэлбэл нийгмийн дэг журам алдагдана” гэж анхааруулсан жижиг бизнесийн хөгжлийн яамны сайд Хумбудзо Нцавени хууль хүчнийхэнтэй хамтран ажиллахыг иргэдэд уриалжээ.

Өмнөд Африкт нийтийн тээврийн үүргийг алдарт “цагаан микро автобус”-нууд голлон гүйцэтгэдэг. Тэднийг удирддаг хувийн таксины холбоод хүчээр асуудлыг шийддэгээрээ алдартай ажээ.

 

Эх сурвалж: AFP