Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлаар дамжин халдвар тархах аюултай байдаг. Иймд ахуйн хогоос ялгаатай зохицуулалт, хог хадгалах тусгай байр, тээвэрлэлт шаардлагатай. Эмнэлгүүд хог хаягдлаа зөв удирдан зохицуулснаар өвчтөн, сувилагч, асрагч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж чадна. Цаашилбал нийт хүн ам, хүрээлэн буй орчинд эерэг нөлөөтэй юм.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” (ЭМСХХ-5) төслийн хүрээнд ХӨСҮТ, Улсын 1, 2, 3-р төв эмнэлэг, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур дүүргийн эмнэлгүүд, Ховд, Орхон, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган, Дархан-уул, Увс, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ зэрэг аймгийн нэгдсэн эмнэлэг, нийт 21 эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулсан юм.
2013 онд эдгээр ажлыг эхлүүлэхээс өмнө эмнэлгүүд эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлаа зохистойгоор ангилан, устгаж байгаа эсэхийг судалжээ. Судалгааны багийн ахлагчаар ажилласан Б.Батбаяртай ярилцсанаа хүргэж байна.
-ЭМСХХ-5 төслийг хэрэгжүүлэх нэгж 2015 онд сонгон шалгаруулалт зарлаж, би баг бүрдүүлэн оролцсон юм. Би нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны чиглэлээр найман жил ажиллаж байна. Манай судалгааны багт таван судлаач ажилласан. Бид эмнэлгүүдийн халдвар судлаач, тархвар судлаачидтай хамтран ажилласан. Асуумж судалгааг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн дээд сургууль, МУИС-ийн Химийн сургуулийн магистрын оюутнууд авсан. Эхний судалгааг 50 хүний, хоёр дахь судалгааг 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийсэн.
Цус гэх мэт хүний биологийн шингэнүүд хог болдог учраас бусдад халдвар тараах аюултай. Ил хаяж огт болохгүй.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад гардаг хог хаягдлыг эрүүл мэндийн хог хаягдал гэж нэрлэдэг. Цус гэх мэт хүний биологийн шингэнүүд хог болдог учраас бусдад халдвар тараах аюултай. Ил хаяж огт болохгүй. Иймд онцгой анхаарал, нарийн зохицуулалт шаарддаг.
-Тусгай зохицуулалт хог хаягдлаа ангилахаас эхлэх үү?
-ДЭМБ-аас гаргасан дүрэм журмууд бий. Хог үүсэхээс эхлээд аюулгүй болгох хүртэлх бүх шат дамжлага үүнд хамаарна. Үүссэн хог хаягдлыг ангилна, ангилснаа түр хадгална, хадгалснаа тээвэрлэнэ, дараа нь ариутгаж, хөрсөнд аюулгүй булах эсвэл заримыг нь шатаах хэрэгтэй. Энэ бүхнийг хог хаягдлын менежмент гэж нэрлэдэг. Хамгийн гол нь энэ үйл явцыг байгаль, хүн, эргэн тойронд ямар нэг хор хохирол учруулахгүйгээр зохион байгуулах ёстой.
Шингэн болон хатуу төлөвтэй хог хаягдлууд бий. Шингэн хог хаягдлыг удаан хадгалж болохгүй. Лабораториос гарах хог хаягдалд химийн бодисууд их тул бас л аюултай. Мөн рентгений оношилгоонд цацраг идэвхтэй бодисууд их ашигладаг. Иймд эмнэлгийн орчинд юуны өмнө үйлчлүүлэгчдээ, эмч, сувилагч, асрагч нарыг хамгаалах ёстой юм. Энэ чиглэлээр дэлхийн олон улсад судалгаа хийсэн. Зохисгүй менежментийн улмаас эмнэлгийн ажилтнууд халдварт өртөж, иргэд мөн хохирч, эмнэлэгт удаан хэвтэх, нэмэлт өвчин авч байгааг анхааруулдаг. Манай улсын тухайд эмнэлгийн ажилтнууд В вирусийн халдвар авах нь түгээмэл байна. Эмнэлгийн багажаар дамжин халдвар гарах эрсдэл их.
Эмнэлгийн хог хаягдлуудыг халдварын зэрэглэл өндөртэйгээс энгийн рүү нь ангилдаг. Ингэхдээ яаж ангилах, ямар ямар аюулгүйн дүрэм баримтлах гэх мэтийг зохицуулчихсан байдаг. Жишээ нь сувилагч нарын тариа тарих, нэг гарын дүрэм гэж бий. Энэ дүрмийг баримтлалгүй, тарьсны дараа зүүгээ таглахдаа хуруугаа хатгах тохиолдол их байгаа нь судалгаагаар гарсан. Уг нь шууд зүүгээ хогийн саванд хийх учиртай. Зүүг таглахгүй гэдгээ мэддэг хэрнээ буруу дадал суучихсан учраас өөрийгөө хатгадаг тохиолдлууд бий.
-Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн талаарх суурь ба давтан судалгаа хийжээ. Та хоёр судалгааг ахалж ажилласан уу?
-Тэгсэн. ЭМСХХ-5 төслийн нэг зорилт нь хог хаягдлын зохицуулалтыг сайжруулах байв. Төслийг эхлүүлэхээс өмнө суурь түвшинг тогтоох зорилгоор ДЭМБ-ын хог хаягдлын менежментийг үнэлдэг аргачлалын дагуу үндэсний хэмжээнд судалгаа хийсэн. Эхний болон төгсгөлийн үнэлгээг манай баг нэг аргачлалаар хийсэн юм. Монголд эмнэлгийн хог хаягдлын нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг 2015 онд анхлан тогтоосон.
Сувилагчийн тариа тарих, нэг гарын дүрэм гэж бий. Энэ дүрмээ баримтлалгүй, тарьсны дараа зүүгээ таглахдаа хуруугаа хатгах тохиолдол их байгаа нь судалгаагаар гарсан.
Дараа нь төслийн нэгж таван жилийн турш энэ чиглэлд олон ажил хийсэн. 2019 онд бид төслийн хэрэгжилтийг үнэлж, 2020 онд тайлангаа гаргаж, манай улсад хог хаягдлын менежмент бага багаар хөгжиж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.
-Судалгаанд хэчнээн эрүүл мэндийн байгууллагыг оролцуулсан бэ?
-Эдгээр судалгаа хэд хэдэн бүтэцтэй. Хог хаягдлын менежментийг том зургаар нь харвал энэ ажлыг хэрэгжүүлэх засаглал, хүний нөөц, дэд бүтцийг үнэлсэн нэг хэсэг бий. Хоёр дахь хэсэгт хатуу хог хаягдлыг ямар хэмжээгээр ялгаруулж байгааг судалсан. Үүнд зүү, тариур, цацраг идэвх, хүний эд эрхтэн, тайрдас, зулбасан эхэс, эмийн хаягдал гэх мэт аюултай хог хаягдал багтана. Манай улс нэг жилд 750 тонн эмнэлгийн хатуу хог хаягдал гаргадаг.
Судалгааны гурав дахь хэсэгт шингэн хог хаягдлыг судалсан. Үүнд химийн бодисууд, лабораторийн хаягдал (бидний шинжилгээ өгсөн цус), урвалжуудыг хэмжсэн. Дөрөв дэх хэсэгт эмнэлгийн хог хаягдлыг аюулгүй булах асуудлыг судалсан. Эмнэлгийн хог хаягдлыг Улаан чулуут, Нарангийн даваанд аваачаад ил хаядаггүй. Ахуйн хог хаягдлаас тусад нь булдаг. Энэ ажлыг “Элемент” компани 2011 оноос хойш гүйцэтгэж байна. Энэ байгууллагын эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах, устгах чадамж ямар байгааг үнэлсэн.
Тав дахь хэсэгт бид эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын мэдлэг, хандлага, дадлыг хэмжсэн. Эхний үнэлгээнд нийт 23 эрүүл мэндийн байгууллагыг хамруулсан. Голдуу хоёр, гурав дахь шатлалын улсын эмнэлгүүд хамрагдсан юм.
Эмнэлгийн хог хаягдлыг Улаан чулуут, Нарангийн даваанд аваачаад ил хаядаггүй. Ахуйн хог хаягдлаас тусад нь булдаг.
Улаанбаатарын дийлэнх эмнэлэг хамрагдаж, орон нутгийн эмнэлгүүдийг түүврээр хамруулсан. Эмнэлэг бүрийг дээр дурдсан таван чиглэлээр үнэлсэн юм. Үнэлгээний багт химич, халдвар судлаач, тархвар судлаачид багтсан. Эмнэлгийн ажилтнуудаас тусгайлан бэлдсэн асуумжийн аргаар судалгаа авсан. Асуумж, хэмжилтийн аргаар эдгээр судалгааг хийсэн.
Төслийг хэрэгжүүлэх явцад төслийн зарим зорилт өөрчлөгдсөн юм. Эхний судалгаагаар илүү их асуудалтай нь тогтоогдсон эмнэлгүүдэд төвлөрөх гэх мэтээр явцын дунд ажлаа өөрчилсөн. Дараагийн судалгаандаа эрүүл мэндийн арван байгууллагыг хамруулсан. Эдгээр нь өмнөх судалгаанд хамрагдсан эмнэлгүүд. Тогтолцооны үнэлгээг (хууль, сайдын тушаал, дүрэм журам үүнд хамаарна) улсын хэмжээнд хийсэн.
-Эхний судалгааны дараа та бүхэн ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Эмнэлгийн удирдлагууд хог хаягдлын менежментийг хог хаягдал хариуцсан хүмүүс л мэднэ гэх хандлагатай, энэ асуудалд төдийлөн анхаардаггүй байсан нь судалгаагаар илэрсэн. 2019 онд хийсэн судалгаагаар энэ байдал өөрчлөгдөн, хандлага нь эерэг болсон. Үр дүнд эмнэлгүүдийн хог хаягдалд зарцуулдаг төсөв дунджаар 16 хувиар өсжээ. Хууль эрхзүйн орчны хувьд ойлгомжгүй байсан тушаал шийдвэрүүд сайжирсан. Энэ чиглэлийн ямар баримт бичгүүд байдгийг эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд мэддэг байдал 24 хувиар сайжирсан.
Хатуу хог хаягдлын хэмжээ 2015 онд байснаас 2019 онд нэмэгдсэн. Үүнийг хэмжихдээ амбулаторийн нэг үзлэгт ногдох хог хаягдлын хэмжээ хэдэн грамм байна, нэг хэвтэн эмчлүүлэгчид ногдох хог хаягдлын хэмжээ зэргийг хэмждэг. Хог нэмэгдэхэд хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн. Эмнэлгүүдийн төсөв нэмэгдсэнээр эм хэрэгслийн зардал өссөн.
Устгалд оруулах шаардлагатай ч хааш нь аваачих нь тодорхойгүй, маш их хэмжээний шингэн хог хаягдал (химийн бодис) байдаг байв.
Устгалд оруулах шаардлагатай ч хааш нь аваачих нь тодорхойгүй, маш их хэмжээний шингэн хог хаягдал (химийн бодис) байдаг байв. 2015 онд БНХАУ-ын Тяньжин хотод химийн үйлдвэр дэлбэрсэн. Мөн саяхан Ливаны Бэйрут хотод дэлбэрэлт болсны дараа мэргэжилтнүүд химийн бодисыг нэг дор, их хэмжээгээр нь хадгалах аюултай юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Иймд химийн хог хаягдлыг үүссэн цэгт нь саармагжуулах ёстой. Үүнийг түгээх, тээвэрлэх, хадгалах нь эрсдэлтэй.
2015 оны үнэлгээгээр эмнэлгүүдэд хугацаа нь дууссан эм тариа, урвалж бодисууд маш их байв. “Элемент” ХХК зөвхөн хатуу хог хаягдал устгадаг тул хаана аваачихаа мэдэхгүй байв. Шууд бохирын шугам руу хийж болохгүй. Иймд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд, химичид ийм химийн бодисыг ингэж устгана гэх мэтээр нарийвчилсан зөвлөмжүүд боловсруулсан. Ингээд 2019 онд бид давтан үнэлгээ хийхэд химийн хог хаягдал эрс багассан. Шингэн хог хаягдлыг зориулалт горимынх нь дагуу саармагжуулан халдваргүйжүүлээд бохирын шугам руу хийдэг болсон. Мөн “Элемент” ХХК химийн бодисын агуулахтай боллоо.
-Улаанбаатарын эмнэлгүүдийн хог хаягдлын менежментийн төв байгууламж барих ажил яагаад хойшилсон юм бол?
-Энэ төслийн хүрээнд “Элемент” компанийн хог хаягдал устгах хүчин чадлыг өргөжүүлэх зорилт дэвшүүлсэн юм.
Нийслэлийн нийт эмнэлгүүдийн хог хаягдлын хэмжээ, бүтцийг тооцоолж, “Элемент”-ийн хүчин чадал хүрэлцэж байгаа, эсэхийг судалсан. Ингэхэд тус компанийн одоогийн хүчин чадал дүйж байв.
Өөрөөр хэлбэл хүчин чадлаас нь давсан хог хаягдал байгаагүй. Гэхдээ Нарангийн энгэрт энэ компанийн устгалын цэг бий. Тэнд хогийг ландфилийн аргаар маш өндөр даралт бүхий уурын төхөөрөмжид хийн ариутгаад бутлан булдаг. Одоо Нарангийн энгэрт хог булах газаргүй болсон. Тэнд ахуйн хогийг ч хаядаг. Эмнэлгийн болон ахуйн хог тусдаа байх ёстой ч бараг нийлчихсэн. Тэр энгэрийг ухсаар газар нь дууссан.
Манай улсад салхи голдуу баруун хойноос салхилдаг ч Нарангийн энгэр нийслэлийн баруун хойно байрлалтай. Иймд төслийн зүгээс Нарангийн энгэрт хог хаягдал булах нь тохиромжгүй гэж шийдсэн юм.
Хогийг шатаах арга бий. Олон улсын зөвлөхүүд бидэнд энэ аргыг санал болгосон. Энэ нь нарийн технологи, өндөр хөрөнгө оруулалт шаарддаг. Хоёр шатлалтай шатаах зуухаар хог хаягдлыг шатаана. Зүү тариур гэх мэт хуванцрыг шатаахаар эвгүй үнэр гарна. Энэ үнэр хортой тул агаар бохирдуулдаг. Иймд хортой утааг шатамхай шингэнээр дахин шатаан, бүрэн шаталт явуулах технологи юм билээ. Миний санаж байгаагаар тухайн үед 20 сая ам.доллар шаардлагатай гэсэн.
Харин ЭМСХХ-5 төсөл нийт 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн шүү дээ. Иймд Засгийн газар АХБ-тай хэлэлцээд шатаах арга нэвтрүүлэх саналыг хүлээн аваагүй. Ер нь булах аргаас татгалзах нь зөв. Бид тухайн үед байгаль орчны үнэлгээ хийсэн юм. Нарангийн энгэрээс хөрсний дээж авч, Геологийн төв лаборатори, МХЕГ-ын төв лабораторид шинжлүүлсэн. Ингэхэд хөрсний дээжид ямар нэг асуудал байгаагүй. Харин “Элемент” компанийн агуулахын эргэн тойрны зарим үзүүлэлт өөрчлөлттэй гарсан. Тус компани энэ асуудлыг бүрэн шийдсэн. Гэхдээ цаашдаа байгаль орчинд нөлөөлөх эрсдэл бий.
-Судалгааны тав дахь хэсэгт эмнэлгийн ажилтнуудын хог хаягдлын талаарх мэдлэг, хандлага дадлыг тодорхойлжээ. Эхний судалгаагаар ямар дүр зураг ил болсон бэ?
-Бид 3000 орчим эмч, эмнэлгийн ажилтнаас асуумж авсан. Мэдлэг бий боловч зөв дадал суугаагүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эмнэлгийн хог хаягдалтай болгоомжтой харьцах ёстой, аюултай тул бид эрүүл мэндээрээ хохирно, үйлчлүүлэгчийг хохирооно гэдгээ мэддэг. Мөн үүнийг холбогдох хүмүүс л хийнэ, миний үндсэн ажил биш гэсэн байдалтай.
Энэ чиглэлийн тушаал шийдвэрүүдийг мэдэж байна уу гэж асуухад ихэнх нь мэдэхгүй гэж хариулсан. Эмнэлгийн хог хаягдал аюултай гэдгийг мэддэг бол би үүнээс яаж өөрийгөө хамгаалах талаар суръя гэх байдлаар эерэг хандлагатай байх ёстой. Мөн хийж байгаа үйлдэл дадал нь мэдлэгийнхээ эсрэг буюу өөрөө эрсдэлтэй үйлдэл хийдэг. Мэдлэг дадлын хоорондох зөрүүг арилгах, сургалт явуулах зөвлөмжийг эхний судалгааны дараа өгсөн. Энэ дагуу эмнэлэг бүрт сургагч багш бэлдсэн юм билээ.
ЭМЯ тушаал гаргаад Эрүүл мэндийн газар хэрэгжүүлсүгэй хэмээн үүрэг өгдөг. Гэвч тэр тушаалын талаарх мэдээлэл сувилагч, асрагч нарт хүрдэггүй, мэдээллийн дэд бүтэц байхгүй.
-2019 онд давтан судалгаа хийхэд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Эмнэлгийн ажилтнуудын дадал харьцангуй сайжирсан. 2017 онд Эрүүл мэндийн сайдын А505 тушаал шинэчлэгдсэн тул мэдлэг нь өөрчлөгдсөн байв. Өмнө нь хатуу хог хаягдлыг 10 ангилдаг байсан. Бид давтан судалгаа авахад эмнэлгийн ажилтнууд энэ тушаалын талаар хангалттай мэдээлэлгүй байсан. Шинэ тушаал шийдвэрүүдээ эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад тухай бүрд нь танилцуулах, дадал хэвшил болгоход анхаарах шаардлагатай.
Манай дарга нар тушаал шийдвэр гаргахдаа баталгаа нотолгоонд суурилдаг болсон нь сайшаалтай. Гэвч хэрэгжилтийг нь орхигдуулчихдаг. Жишээ нь ЭМЯ нэг тушаал гаргаад Эрүүл мэндийн газар хэрэгжүүлсүгэй хэмээн үүрэг өгдөг. Гэвч тэр тушаалын талаарх мэдээлэл сувилагч, асрагч нарт хүрдэггүй, мэдээллийн дэд бүтэц байхгүй. Тушаалын хэрэгжилтийг үнэлдэг тогтвортой механизм байхгүй. Яамдад мониторингийн газрууд бий ч төдийлөн сайн ажиллаж чадахгүй байна. Захиргаадалтын аргаар үр дүнд хүрэхгүй байна.
Бид томоохон зорилт дэвшүүлж, тушаал шийдвэр гарган, олон улстай хөл нийлүүлэхийг зорьдог ч хэрэгжүүлэх шат дамжлагуудаа сайжруулах шаардлагатай. Үүний бодит жишээ нь Нэгдүгээр төрөхөөс эх, нярайг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гаргасан алдаа юм. ЭМСХХ-5 төсөлд олон улсын сайн зөвлөхүүд ажиллан, томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн. Одоо бодит ажил хэрэг болгоход л анхаарах хэрэгтэйг бид судалгааны зөвлөмждөө тусгасан.
-Та бүхний зөвлөмжид өөр ямар асуудлууд туссан бэ?
-Нийгмийн эрүүл мэнд нэг салбарын асуудал биш. Салбар дундын хамтын ажиллагаа шаардлагатай. Эмнэлгийн хог хаягдлын менежментэд орон нутгийн удирдлагын дэмжлэг их чухал. Аймгуудад “Элемент” шиг компани байхгүй. Эмнэлэг бүр өөрсдөө хогоо боловсруулдаг нь тулгамдсан асуудал мөн. Уг нь ахуйн хог хаягдлаас эмнэлгийн хогийг заавал тусдаа булах ёстой ч хөдөө нийлүүлээд хаядаг.
УИХ, Засгийн газарт өгсөн зөвлөмжийн дагуу 2017 онд УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг баталсан. Мөн Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайд хамтран тушаал гаргаж, хог хаягдал тээвэрлэх зардлын хэмжээг тогтоосон. Энэ тушаалын дагуу эмнэлгүүд үзлэгийн тоо, хэвтэн эмчлүүлэгчийн тоотойгоо уялдуулан бий болох хогны хэмжээгээ урьдчилан тооцоолж, тэр дагуу төсвөө бүрдүүлэх боломжтой болсон.
-Олон улсын ямар байгууллага та бүхэнтэй хамтран ажилласан бэ?
-Канадын эрүүл мэндийн олон улсын нийгэмлэгийн мэргэшсэн зөвлөхүүд Монголд ирж ажилласан юм. Тэд үнэлгээ хийхэд арга зүйн дэмжлэг үзүүлж, судалгааны тайланг хянасан.
-Эмнэлгийн хог хаягдлын улмаас хэчнээн ажилтан халдварт өртсөн юм бол?
-Халдварт өртөлтийн тохиолдлууд бий ч энэ нь хувь хүний нууцад хамаардаг. Халдварт өртсөн гэдэг нь өвчилсөн гэсэн үг юм. Эмнэлэгт ажлаа хийх явцад сувилагч, үйлчлэгч нар халдварт хамгийн их өртдөг. Үйлчлэгч нар тасаг бүрээс хог хаягдлыг цуглуулан, түр хадгалах байр руу тээвэрлэдэг. Энэ үед зүү тариурт хатгуулдаг байсан. Учир нь хогийн уут, зүү тариур хийдэг аюулгүйн хайрцаг чанарын шаардлага хангадаггүй.
Стандартын шаардлага хангасан аюулгүйн хайрцагны хана дундаа гялгар ууттай, хоёр талын картон цаас нь зузаан байх ёстой.
Үүн рүү тарианы үлдэгдэл шингэн хийхэд гадагш нэвтрэхгүй, гоожихгүй байх ёстой. Гэтэл 2015 онд бид эхний судалгаагаа хийх үед эмнэлгүүд төсөвтөө тааруулаад хамгийн хямдыг, бялууны хайрцаг шиг нимгэнийг авдаг байсан.
Тэр хайрцгийг зүү нэвт хатгаж, барьж яваа хүнийг хатгадаг. Мөн эмнэлгийн хог хийх гялгар уут гурван микроноос нимгэн байж болохгүй. Уутны энэ стандартыг хангаагүйн сацуу хүрэлцээгүй байсан. Сувилагч нарын тариа хийхдээ гаргадаг алдааг би түрүүн дурдсан. Хаанаа хамгийн их хатгуулсан бэ судлахаар баруун гарын өндөг, долоовор хуруу байсан.
-Улаанбаатарт төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эмнэлгийн хог хаягдлын устгалын байгууламж барих шийдвэр гарч, 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Яагаад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сонгосон бэ?
-Эмнэлгийн зарим үйлчилгээг аутсорсинг (outsourcing) үйлчилгээгээр хангах олон улсын жишиг бий. Жишээ нь Японд ариутгалын тасгууд, угаалгыг мөнгийг нь төлөөд хувийн хэвшлээр гүйцэтгүүлдэг. Эмнэлэг тусламж үйлчилгээндээ л анхаардаг. Манай эмнэлгүүдийн гал тогоо, хог хаягдлыг хувийн хэвшлийнхэн хариуцан ажиллаж байна. Ер нь эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмбэл илүү үр дүнтэй. Хог хаягдлын стандартуудыг хангасан бол ямар ч компани эмнэлгийн хог хаягдлыг тээвэрлэх боломжтой. Энэ эрх нь нээлттэй.
-Төгсгөлд нь та ЭМСХХ-5 төслийн дэд төсөл болох эмнэлгийн хог хаягдлын зохицуулалтыг сайжруулах төслийн үр дүнг хэрхэн үнэлж байна вэ?
-Бид гаднын зээл тусламжаар төсөл хэрэгжүүлэхдээ том том эмнэлэг барихад илүү анхаардаг. Харин хог хаягдал гэх мэт маш чухал асуудлыг орхигдуулдаг байв. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хог хаягдал чухал үүрэгтэй. Энэ асуудлыг шийдвэрлэснээрээ энэ дэд төслийн онцлог юм.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Эх сурвалж: gogo.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!