Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чимэддондог: Бидний олохгүй байгаа баримт цоожтой шүүгээнээс цахим ертөнц рүү шилжсэн

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвөөс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” сэдэвт дата сэтгүүл зүйн цахим хакатоныг энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимэддондогтой ярилцлаа.

-Танай төв сэтгүүл зүйн хакатоныг анх удаа санаачилж байсан. Одоо дахиад хийх гэж байна. Юунд зорьж ийм хэлбэрийн үйл явдлыг дахин зохион байгуулж байна вэ?

-Сэтгүүл зүйн нэг үүрэг нь бүтээлээрээ дамжуулан нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг ил тодоор хэлэлцэж зөв шийдлийг санал болгоход байдаг.

Эмх замбараагүй, бүрхэг асуудлыг маш цэгцтэй өнцгөөс багаараа хэлэлцэж, богино хугацаанд тодорхой үр дүнд хүрэх, улмаар хэрэгжүүлэх боломжтой шийдлийг олох хамгийн тохиромжтой хэлбэр нь хакатон болоод байна.

Ялангуяа орчин цагт бидний олж харж чадахгүй байгаа баримт сэлт хэн нэгний ханын тавиур, цоожтой шүүгээнээс цахим ертөнц рүү шилжсэн. Тэнд ашиглаж чадвал маш их баялаг бий. Мэдээллийн тэрхүү уурхайгаас баялаг олборлоход сэтгүүлчийн мэргэжил, ур чадвар дангаараа хүч хүрэхгүй. Тиймээс дата аналист, дизайнер, салбарын судлаач гэх мэт төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүс хамтдаа баг бүрдүүлж ажиллах хэрэгтэй болсон.

Тэд багаараа тодорхой сэдвийн хүрээнд, шахуу хугацаанд боловсруулсан датагаараа түүх өгүүлээд зогсохгүй цоо шинэ, чухал санаа хөгжүүлснээрээ асуудлыг оновчтой, бүтээлч байдлаар шийдвэрлэх өрсөлдөөнийг дата сэтгүүл зүйн хакатон гээд байгаа юм. Сэтгүүл зүйн нэг чухал үүргийг хангах замаар судалгаа шинжилгээ, анализ хийх, гарц гаргах үйл явцыг нэгэн зэрэг өрнүүлж, түүнд залуу сэтгүүлчдээ оролцуулснаар ур чадварыг нь хөгжүүлэх тохиромжтой хэлбэр учраас манай төв энэ дата сэтгүүл зүйн хакатоныг зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр болж байна. 

-Сэдвээ “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл” гэж нэрлэсэн нь юутай холбоотой вэ?

-Хакатон нь ихэвчлэн нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хамгийн чухал нөлөөтэй боловч зарим талаараа шийдэх асуудлаа хүлээж байгаа сэдвээр зохиогддог.

Манай улсад аж үйлдвэр, уул уурхай, зам барилга, тээвэр, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, нийтийн хоол гээд эдийн засгийн хөгжилд томоохон байр суурь эзэлдэг гол гол салбарын хөдөлгөгч хүч, хүний нөөцийг мэргэжлийн боловсролын салбар сургаж хөдөлмөрийн зах зээлд нийлүүлдэг. Гэтэл энэ чиглэлийн хөдөлмөрийн зах зээл ажиллах хүчээр дутагдаж байна. Үүнд техник болон нарийн мэргэжлийг эцэг, эхчүүд сонирхохгүй, хүүхдээ заавал дээд мэргэжил эзэмшүүлнэ гэсэн уламжлалт сэтгэлгээ, ойлголт нөлөөлж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Гэтэл ажил хөдөлмөрийнхөө үр шимийг шударгаар хүртэж сайхан амьдрах ирээдүй мэргэжлийн боловсролын салбарт тод харагддаг. Жишээлбэл, дээд мэргэжилтэй зарим төрлийн мэргэжилтэнтэй харьцуулахад өндөр зэрэглэлийн тогоочийн цалин хэд дахин илүү байна шүү дээ.

Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн бодит нөхцөл байдал, түүнийг хангах ямар ямар арга зам байгааг асуудал дэвшүүлэх байдлаар гаргаж ирэх цаг нь болсон. Энэ ч үүднээс манай хамтрагч байгууллагууд энэ удаагийн хакатоны сэдвийг зөвшилцөж тогтсон гэж ойлгож байна.

-Хакатонд хэн оролцох боломжтой вэ?

-Бид хүссэн хүн бүрийг нээлттэй бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар бараг 20-оод баг бүрдчихлээ. Цаана нь аль нэг багт ороогүй хүн олон байна. Мэргэжлийн боловсрол, сургалт болоод хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг тодорхойлох, өгөгдлийг шинжилж анализ хийх, датаг дүрсжүүлж өгүүлэмж бий болгосноор сэтгүүл зүйн контент боловсруулах ур чадвартай хүн бүр баг бүрдүүлэн оролцох боломжтой. Дээр нь Хакатоны өдрүүдэд цахимаар бүрэн оролцох цаг зав, боломжтой байх шаардлагатай.

-Энэ удаагийн хакатоны дараа мэргэжлийн боловсролын салбар болоод хөдөлмөрийн зах зээлд юу өөрчлөгдөх бол?

-Юу өөрчлөгдөх бол гэхээсээ юуг өөрчлөхийг хүсэж байгаагаа хэлье.

Ямар ч байсан мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой ил өгөгдөл, мэдээллийг боловсруулсан сонирхолтой контентууд гарах нь ойлгомжтой. Манай оролцогч залуус мэргэжлийн боловсролын дүр төрхийг зураглаж, олон нийтийн ойлголтыг ямар нэг байдлаар нэмэгдүүлнэ. Хамгийн чухал нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа техникийн болон нарийн мэргэжлийг хэрхэн эзэмших боломжийг эцэг эх, хүүхдүүдэд нээж өгнө. Тэд залуусын маань бүтээлээс ирээдүйд сайн сайхан амьдралыг нээх түлхүүр гартаа байгааг олж хараасай, мэргэжил сонголтдоо зөв шийдвэр гаргаасай л гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Та бүхэн Хакатонтой холбоотой бусад мэдээллийг ЭНД дарж авна уу!