Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ариунбат: ХААН Банк тасралтгүй өсөж дэвжиж ирсний үндэс суурь бол харилцагчдын итгэл байсан

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 6 сарын 23
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

-Харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн 30 жил байлаа-

30 жилийн өмнө нийслэл, аймаг бүх суурин газрын иргэд аж ахуйн нэгж, мөн суурин газраас алслагдмал малчдад санхүүгийн үйлчилгээг ойртуулах зорилго өвөртлөн үүдээ нээж байсан ХААН Банк өдгөө орон даяар хүрээгээ тэлж, Монгол Улсад тэргүүнд эрэмбэлэгдэх шилдэг банк болон дэвжжээ. Энэ бүх амжилт харилцагчдынхаа итгэлийг хүлээсний дээр хүчин зүтгэсэн ажилтан нэг бүрийн сэтгэл, хөдөлмөрийн үр дүн хэмээн ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбат тодотгосон юм. 

30 дахь жилтэйгээ золгож буй тус банкны сүүлийн 18 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж буй Иргэдийн банк хариуцсан дэд захирал Д.Ариунбаттай банкны хөгжилтэй хөл нийлүүлэн урагшилсан дурсамж болон банкны цаашдын ирээдүйн талаар ярилцлаа.



-ХААН Банкны 30 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Хүмүүсийн хамгийн сайн мэдэх, хамгийн өргөн үйлчлүүлдэг, Монголын хамгийн том банкны 30 жил гэдэг утгаараа иргэд бидний хувьд ч бас хамтдаа суралцаж, хөгжиж, илүү ухаалаг үйлчилгээ авч сурсан. Өнгөрсөн 30 жилийн түүхийг эргээд харвал хэрхэн дүгнэх вэ?

 -1991 онд ХААН Банк тулгын чулуугаа анх тавьж, орон даяар салбар нэгжтэйгээр үүсэн байгуулагдаж байлаа. Энэ хугацаанд бид дан шулуун дардан замаар явсангүй, олон сорилт, уналт босолттой нүүр тулж, өнөөдрийг хүрсэн. 1998 онд Банкны эрх хүлээн авагчид шилжиж, 2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтай “Эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх удирдлагын баг томилогдон ажиллаж байв. Тэгснээр ХААН Банкны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд оновчтой менежмент явуулж, санхүүгийн хувьд найдвартай, тогтвортой, үр ашигтай банк болох суурь тавигдсан. Үүний үр дүнд банк 2003 онд хувьчлагдсан.  

30 жилийн хугацаанд санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай байдлаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж чадсанаас гадна маш олон бүтээгдэхүүн үйлчилгээ харилцагчдадаа хүргэж хамтдаа хөгжсөн жилүүд байлаа. Салбар нэгжүүдийг хүчирхэг сүлжээгээр холбон үйлчилгээгээ маш хурдтай болгож, харилцагчдыг картжуулах,  цахим банкны үйлчилгээ авч сургах гэх мэт ажлуудыг хийж, мөн нийгэмд, харилцагчдынхаа санхүүгийн боловсролд эерэг өөрчлөлтийг авчрах бүтээгдэхүүн үйлчилгээг  үргэлж санал болгосоор ирсэн. Жишээ дурдвал “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламж байна. Харилцагчдад нэгийг бодогдуулж, хуримтлалтай болохыг уриалсан бүтээгдэхүүн. Зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан харилцагчдад санхүүгийн маш олон боломжийг бий болгож нийгэмд эергээр нөлөөлж чадсанаас гадна бид компанийн нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлдэг байгууллага гэж хувьдаа боддог.

Банкаа хөгжүүлье гэсэн чин сэтгэлтэй ажилтан бүрийн хүсэл эрмэлзэл дээрээс өнөөгийн амжилт бий болж, харилцагчдадаа илүү ойртсон банк болж чадсан

-Тийм шүү, ХААН банкийг нийгэмд чиглэсэн нөлөөллийн маш олон зүйлсийг хийсэн гэдэгтэй иргэд санал нэгдэх байх. Эдгээрээс таны хувьд хамгийн үр дүнтэй нөлөөллийн ажлууд юу байв?

-ХААН Банканд зөвхөн нийгэм рүү чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ХААН Банк Сан гэдэг тусдаа баг байдаг. 2007 онд анх байгуулагдаж байсан ХААН Банк Сан өнөөдөр нийгмийн сайн сайханд чиглэсэн 450 гаруй төсөл, хөтөлбөрийг 5 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Тухайлбал, нэг онцлох ажил бол “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг бид 2011 оноос хойш мэргэжлийн байгууллагуудтай хамтран Монгол орон даяар тасралтгүй хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 130 мянга гаруй хүнийг хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, хортой хавдрын 500 гаруй тохиолдлыг илрүүлэн эрдэнэт хүний амийг аварсан нь хөрөнгө оруулсан 2 тэрбум орчим төгрөгөөр хэмжих аргагүй үнэ цэнэ юм.

График. 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулсан салбарууд

 

-Ингэж өргөжиж хөгжсөний үндэс суурь нь юу гэж Та хардаг вэ?

- Юун түрүүнд бүх аймаг, сумдад салбар нэгжтэй эдгээрийг холбосон онлайн банкны сүлжээг онцлон яримаар байна.

Сүлжээгээ ашиглаад банк дотроо мөнгөн шилжүүлэг, гуйвуулгыг 1-3 секундэд маш хурдтай хийдэг болсон нь харилцагчдын сэтгэлд маш их хүрсэн. Уг систем нэвтрэхээс өмнө мөнгө шилжүүлнэ гэдэг амаргүй байлаа. Хамгийн багадаа 2 цаг, бүр алдаа гарвал 7-14 хонож очно. Шуурхай шилжүүлгийг төв банкан дээр  нэг хүн хариуцдаг байсан бөгөөд энэ хариуцсан ажилтан руу бүх нэгжийн хариуцсан ажилтнууд шуурхай шилжүүлэг илгээснээ мэдээлдэг байлаа. Эргээд энэ ажилтан хүлээн авагчийн авах нэгж руу утасдаж, хэнээс хэнд, хэдэн төгрөг шилжүүлснийг хэлж шилжүүлсэн дүнгээ кодлож хэлнэ. Тэр үед холбооны сүлжээ муу, сонсогдохгүй зэрэг асуудлаас болж код дүн таарахгүй бол хүн нь мөнгөө авч чадахгүй их уддаг, гар ажиллагаа ихтэй байсан. Өөрөөр хэлбэл, одоогийн энэ сүлжээг хүн орлож, холбооны сүлжээг ашиглан нэг нь нөгөөдөө дуу хоолойгоороо дамжуулдаг байсан гэж ойлгож болно. Банк хоорондын гүйлгээ ажлын 3 хүртэл хоногт дүнгээс хамаарахгүй хийгддэг байлаа. Мөн л утсаар гүйлгээгээ хэлж, өдрийн хаалтаа  хард дискээр зөөж Монголбанк руу биечлэн хүргэж өгдөг байсан. Өнөөх хард дискээ гэмтээхээс сэргийлж, нүдний цөцгий мэт хайрлана.

Одоо бол банк хоорондын гүйлгээ 3 сая төгрөг хүртэл бол бодит цагийн горимоор, харин 3 саяас дээших нь 15 минут тутамд дамжигдаж өдөртөө бүх данс тооцоогоо тохируулан хийж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тухайн үед салбар, тооцооны төвүүд ямар байсныг хүмүүс санаж байгаа байх. “Бөөн оочер” гэж хэлдэг байсан бол өнөөдөр бүх үйлчилгээ технологид суурилсан, нэгдсэн стандарт бүхий маш өөр түвшний банк болоод байна. Эдгээр бүх гар ажиллагааг технологийн ачаар илүү түргэн шуурхай болгож, харилцагчид маань санхүүгийн асуудлаа минутын дотор шийддэг болжээ. Тиймээс бидний хөгжилд нөлөөлсөн зүйл бол яах аргагүй технологийн дэвшил юм.

Гэхдээ энэ бүх үйлчилгээг амжилттай технологижуулж, хөгжлийг дараагийн шатанд авчрахад нөлөөлсөн хамгийн чухал үндэс суурь нь зөв удирдлага, сэтгэл зүтгэлтэй ажилтнууд маань байсан гэж онцолж хэлмээр байна. 

Удирдлагын талаар ярихын тулд Питер Морроу захирлын хичээл зүтгэлийг онцлохгүй өнгөрүүлж болохгүй. Мөн банкаа хөгжүүлье гэсэн чин сэтгэлтэй ажилтан бүрийн хүсэл эрмэлзэл дээрээс өнөөгийн амжилт бий болж, харилцагчдадаа илүү ойртсон банк болж чадсан.

-Анх Та хэрхэн энэ байгууллагын босгыг алхаж байв?

-Миний хувьд 2003 онд ХААН банкандаа орж байлаа. Намайг их сургуулиа төгсөх үед банкны салбар ид хөгжиж, хөдөлмөрийн зах зээлд банкир эрэлттэй ажлын байр байсан. Тиймээс тухайн үед төгсөөд ХААН Банканд теллерээр ажилд орж байлаа. Тэр цагаас хойш эдийн засагч, ахлах эдийн засагч, тооцооны төвийн захирал, салбарын захирал гэхчлэн шат ахисаар 18 жил ажиллажээ.

Тухайн үед 2000 гаруй хүнтэй ажиллаж байсан бол өнөөдөр 6,000 гаруй ажилтантай болж, тэднийхээ нэгэн адил ХААН Банкны хөгжилд төдийгүй Монголын банкны салбарын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн хүчин зүтгэж байгаадаа баяртай байдаг.  

-Өмнө теллерээр ажиллаж байсан үеэ одоо эргээд харахад дурсамжтай байдаг байх?

- Сайхан дурсамжууд их бий. Яг намайг ажилд орох үед банк 24 цагаар ажилладаг салбар нээж, би теллерээр ажиллаж эхэлсэн. Орой ажил дуусахаар мишокоо дэлгээд салбар дотроо унтаад өгдөг байв. Сүлжээ шөнө ажиллахгүй тул шөнө хийгдсэн гүйлгээнүүдээ өглөө шивчихээд явдаг байсан дурсамжууд бий. Тэр үеийн теллерийн хийдэг байсан ажлыг одоогийнхтой харьцуулбал асар их ялгаа гарна. Технологийн хөгжлийг дагаад одоо бүр л амар болоод байгаа.

-Хэд хоногийн хугацаа зарцуулж мөнгө гуйвуулдаг байсан гэдгийг бүр мартсан, бараг төсөөлөгдөхгүй байна. Технологийн хөгжил ямар их боломж бий болгосныг улам мэдрүүлэх шиг. Гар ажиллагаа ихтэй байсан тэр үед алдаа гарах тохиолдол олон байсан байх. Та хэр их алдаа гаргаж байв? 

-Бидний алдаа эргээд харахад дурсамж болж үлддэг. Эхэндээ зөндөө л алдаа гаргадаг байлаа. Нэг харилцагч юань солиулахад нь долларын ханшаар мөнгийг нь өгөөд алдагдалд орж байсан. Тухайн үед мөнгөний хойноос өөрөө л хөөцөлдөж байж олж авсан санагддаг юм. Мөн тэр үед мөнгө тоологч гэж байсангүй. Бүх мөнгөө гараар тоолно. Багцаар нь барьж байгаад 5, 10-аар нь татаад тоолж сурч байтал гурван сарын дараа зээлийн эдийн засагч болсон доо. 

-20 гаруй жил ажиллахдаа та бараг л бүх албан тушаалыг хашиж байжээ. Аль ажил нь танд сэтгэлд хамгийн ойр, урам зориг төрүүлж байсан бэ?

-Зээлийн чиглэлээр дагнан ажилласан хэдэн жил надад хамгийн гоё, сэтгэл хангалуун үе байсан. Зээл хариуцан ажиллаж байх үедээ зээл олголтын шийдвэрийг зөв гаргахыг хичээдэг байсан. Харилцагчийн хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлон, зөв цагт нь зөв дүнгээр зээл олгоно гэдэг маш чухал.

Зээл олгосны дараа зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгахаар очиход бизнес нь өргөжчихсөн, нүдэн дээр бүтээн байгуулалт хийсэн байхыг харах миний хувьд хамгийн гоё мэдрэмж байлаа

 
Гэрэл зургийг MPA.mn

-Муу зээлдэгчтэй тулж харилцахаас өгсүүлээд зээлийн эдийн засагч байх хэцүү ажил юм шиг хөндлөнгөөс харагддаг?

- Мэдээж тийм тохиолдлууд байдаг байсан. Тэр нь цөөхөн. Дээрээс нь  асуудал үүсэж байгаа нь харилцагчдаас шалтгаалахгүйгээр гаднын хүчин зүйлийн улмаас бизнес нь саатах зэргээс ихэвчлэн доголдох тохиолдол гардаг. Түүнээс биш зээлээ төлөхгүй гэж зугтах хүн ховор шүү дээ.

-Таны одоогийн албан тушаал Иргэдийн банк хариуцсан дэд захирал. Монгол орон даяар тархан байршсан ХААН Банкны 500 гаруй салбар нэгжийн ажилтнуудыг удирдан чиглүүлэх үүрэгтэй ажилладаг юм байна. Ажилтнуудаа бүтээмж өндөртэй, тогтвортой ажиллуулахын тулд ямар зарчим баримтладаг вэ? 

-Миний хувьд удирдлагын шударга зарчим хамгийн чухал гэж боддог. Энэ нь ажилтнуудын бүтээмжийг хамгийн их сайжруулдаг. Өөрөөр хэлбэл, алдаа гаргасан ажилтанд зохих арга хэмжээг нь авч чаддаг шиг сайн ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тийм шударга зарчим. Миний хувьд 2012 оноос Сүхбаатар салбарын захирлаар ажиллаж байхдаа 12 тооцооны төвийн 250 ажилтны бүтээмжийг сайжруулахын тулд Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг банкандаа анхлан боловсруулж, хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд манай ажилтнуудын бүтээмж үнэхээр сайжирч, илүү урам зоригтойгоор ажиллаж эхэлсэн. Тэгэхээр ажилтны хөдөлмөрийг шударгаар үнэлэх нь ажилтнуудыг бүтээмж өндөртэй ажиллах гол үндэс суурь юм байна гэдгийг би ойлгосон.

-Теллерээс Иргэдийн банк хариуцсан дэд захирал болж дэвшин ажиллахад нөлөөлсөн таны ажлын арга барил залууст хэрэг болж магадгүй. Энэ тухайгаа хуваалцахгүй юу?

-Миний хувьд хоёр зүйлийг онцолмоор байна.

Нэгт, хийж буй ажлаа чин сэтгэлээсээ хийх. Эргээд харахаар би хэзээ ч энэ албан тушаалд л очъё гэсэн бодол өвөртөлж байгаагүй юм байна. Зөвхөн урдах ажилдаа л сэтгэл зүрхээ зориулж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлгаж, тэдний амжилтыг харж өөрөө баярлаж, хөглөгдөж иржээ. Харилцагчийн оронд өөрийгөө тавья гэж бодоогүй ч өөрийн эрхгүй л өмнөөс нь санаа зовоод, өөрийнхөө ажлыг хөөцөлдөж байгаа мэт сэтгэл гаргадаг байсан. Миний хүмүүжил ч нөлөөлсөн байх. 

Миний амжилтын түлхүүр ажилдаа хандах хандлага буюу чин сэтгэл байсан юм болов уу 

Хоёрт, цаг үргэлж өөрчлөлт шинэчлэлийг эрэлхийлж, тухайн ажлыг сайжруулахын төлөө бүтээлч сэтгэхүйтэй, санаачилгатай ажилладаг. Хүн цаг үргэлж суралцаж, шинийг эрэлхийлж, бүтээлч сэтгэлээр ажилдаа хандаж, өөрийгөө шаргуу хөдөлмөрөөр ялан дийлэх зарчимтай байх ёстой гэж би боддог.  Тиймээс миний амжилтын түлхүүр ажилдаа хандах хандлага буюу чин сэтгэл байсан юм болов уу гэж хардаг. Залуучууддаа хандаж хэлэхэд чи ажилдаа туршлагагүй, ур чадвар муу байж болно. Гэвч чи бусдаасаа нэг л зүйлээр давуу талтай байх хэрэгтэй. Тэр бол ажилдаа чин сэтгэлээсээ хандах юм. Тэр цагт амжилт чамайг өөрөө дагах болно.

- Ойрын ирээдүйд ХААН Банкны зорьж байгаа гол ажил юу вэ?

- Өнгөрсөн бол сургамж, ирээдүй бол бэлэг гэж ярьдаг. Бид дараагийн 30 жилийн өсөлтийн хөрс сууриа тавьсан гэж үзэж байгаа. Цаашдаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлэх, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг бүрэн цахимжуулах шаардлага бий. Хэрэглээний зээл, цалингийн зээл зэргийг хүний оролцоогүй болгохыг зорьж байна. Энэ бол бодлогын маш том зорилт бөгөөд үүнд хөрөнгө оруулалт, цаг хугацаагаа ихээхэн зарцуулж байгаа. Ингэснээрээ эргээд харилцагчийн үйлчилгээ сайжрах юм. 

Хоёрдугаарт, ЖДҮ-ийг бодлогоор дэмжих ёстой гэж үзэж байгаа. Гол нь санхүүжилт өгөөд, зээл олгоод зогсохгүй хамтдаа хөгжье гэж байгаа юм. Дөнгөж хөлөө олох гээд явж байгаа жижиг, дунд бизнес улс орны ямар нэг шийдвэр, Хятадын худалдааны бодлогын нөлөөгөөр унаж мэдэх эмзэг мэдрэмтгий салбар. Тиймээс харилцагч тогтвортойгоор бизнесээ удирдахад нь сургаж, чадваржуулж, өргөжүүлэх, үүнд бидний оролцоо ямар байх вэ гэдэгт чиглэж анхаарна. 

Харилцагч төвтэй буюу харилцагчийнхаа хэрэгцээ, шаардлагыг сонсож, зөв үйлчилгээг хүргэх хандлага руу бид явж байгаа. Энэ бол маш том бодлого. Хэдийгээр бид цахимжсан ч банк харилцагч дээр л тогтдог. Харилцагч байгаа цагт харилцаа байдаг. Харилцагчийг тогтоон барихын тулд ажилтнууд харилцагчидтайгаа ойр байж, санаа бодлыг нь ойлгож, зөвлөдөг ур чадвартай байх ёстой.

Мөн бидний хамгийн ойрын хугацаанд хийхээр зорьж буй нэг томоохон ажил бол Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болох асуудал байна. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болох шаардлага нийгэмд багагүй хүлээлт үүсгээд буй. Банкуудыг олон нийтэд нээлттэй болгох ажлыг хуульчилснаар иргэн танд банкны хувьцаа эзэмших боломж бүрдэж байгаа юм. ХААН Банк IPO гаргахтай холбоотой шаардлагатай бэлтгэл ажлуудыг шат дараатай хангаж эхэлсэн. Одоогоор хамтран ажиллах андеррайтер болон хууль, үнэлгээний мэргэжлийн компаниудаа сонгочихоод байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.